Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-наас өчигдөр /2019.12.02/ авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Энэ журам ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хэдийгээр иргэдийнхээ халаас руу “өнгийж” байгаа огцом шийдвэр боловч өмнөх 20 мянган төгрөгийн төлбөр авто зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулахад хүрэлцдэггүй учраас нэмсэн гэх тайлбарыг албаныхан өгч буй.
Авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бололцоотой. Өнгөрөгч онуудад авто зам ашигласны төлбөрөөр жилд 14 тэрбумыг "босгох" даалгаврыг нийслэлийн төсөвт суулгаж иржээ. Жолооч нар өдөр бүр замын түгжрэл, эвдрэлтэй нүүр тулж бухимддаг нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, таны ашиглаж байгаа зам, таны төлж буй татвартай шууд хамааралтай болж байна. Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 789,2 км, хотын бүсийн хэмжээнд нийт 1051 км урт авто замын сүлжээтэй. Гэвч замын сүлжээний техник ашиглалтын түвшингээр үзэхэд өнөөгийн байгаа авто замын 40 хувь нь хангалтгүй гэсэн тооцоо байдаг аж.
Дээрх журам хэрэгжиж эхэлснээр түгжрэлийг багасгаад зогсохгүй эдийн засагт тодорхой хэмжээний өгөөжтэйг харж болох юм. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангах, уулзвар, жолооч нарыг ая тухай зорчуулахад энэ төлбөрийг нэмэгдүүлсэн ажээ.
2020 ОНД ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ
Төлбөрийн хэмжээ тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад харилцан адилгүй байх аж.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөрийг авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 150 мянга, суудлын автомашин 100-300 мянга, ачааны машин 200-350 мянга, 15 хүртэл хүний суудалтай автобус 200 мянга, 15-аас дээш хүний суудалтай автобус 300 мянга байна.
Сануулахад, 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтсон билээ.
ШИНЭ ЖУРАМД:
- Албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын автомашин 150 мянган төгрөг,
- Суудлын автомашин хэмжээнээс хамаарч 100 мянгаас 300 мянган төгрөг,
- Нэг хүртэл тоннын даацтай ачааны автомашин 200 мянган төгрөг,
- 2-10 тоннын даацтай ачааны автомашин 225 мянгаас 350 мянган төгрөг,
- Мотоцикл эзэмшигч 50 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлнө гэж журамлажээ.
АВТО ЗАМ АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ ЁСТОЙ
Хотын орлогч дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа, авто машины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт НИТХ-ийн тэргүүлэгчид санал нэгдсэн. Өнөөдөр авто замыг ашиглаж хүн бүр төлбөрөө төлөх ёстой. Автозамын төлбөрийн асуудлын хувь хэмжээг аваад үзэхэд жилийн хугацаанд 20 мянган төгрөг төлөөд эргээд төрөөс сайн авто зам нэхэх боломж байхгүй болчхоод байна.
Монгол улсын 2020 оны төсөв батлагдсан. Авто замын засвар үйлчилгээ болон цэвэрлэх хөрөнгийн асуудал ч хөндөгдөж байна. Машины байгаль орчинд үзүүлж буй нөлөө, моторын багтаамжаас хамаарч төлбөр ногдох юм. Сард хувааж үзвэл хүн сард 8300 төгрөг төлдөг, өдөрт 270 төгрөг төлдөг гэсэн үг.
Зам засвар, арчлалтын асуудлыг бид шийдэхдээ Нийслэлийн бусад хөрөнгө оруулалтын зардлаас хасч байж шийддэг байсан. Тиймээс авто зам ашигласны төлбөрт тодорхой хувь хэмжээгээр бид үйлчилгээ авч байгаа бол үйлчилгээгээ буцаад нэхэх асуудлыг ярьж байгаа. Нийтийн тээврийг 50 хувийг бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн. Сүүлийн арав гаруй жил манайд шинэ автобус нэмэгдээгүй. Тиймээс иргэддээ нийтийн тээврийг хэрэглэх боломж олгохоор 500 автобус нэмнэ. Монгол Улсын болон Нийслэлийн төсвөөс 500 автобус авах юм” гэх тайлбарыг өгсөн юм.
ЗАМ АШИГЛАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЭМЖ БОЛОХ Ч ТЭР МӨНГӨ ХААЧИХ ВЭ
Нийслэлчүүд бид өнгөрөгч зуны усархаг бороонд авто замын чанараа шалгуулж, хаа сайгүй эвдрэлтэй замтай болсон гэхэд хилсдэхгүй. Үүнээс үүдэн авто замын засвар, арчлалтад их хэмжээний мөнгө зарцуулж, тэр нь төсөвлөсөн хэмжээнээсээ нэлээд давсан учраас Авто замын санд төвлөрүүлэх хөрөнгө, эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэж үзэн өнгөрөгч наймдугаар сард Засгийн газраас журам хүртэл баталсан билээ.
Нөгөөтэйгүүр авто замын хөрөнгөөс өөр хөрөнгө оруулалт хийх ямар ч боломж байдаггүйг нийслэлийнхэн тодотгосон. Авто зам ашигласны төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрнө. Энэ мөнгө эргээд замын арчлалт, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, замын эвдрэл гэмтлийг засахад зарцуулагдах нь эргэлзээ төрүүлж байгаа нь нууц биш. Хэдхэн сарын дараа сонгууль эхэлж, улс төр бужигнахтай зэрэгцээд дээрх мөнгө сонгуулийн амлалтын мөнгө болж хувирахыг ч үгүйсгэхгүй. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар дээрх мөнгө та бидний зорчиж буй замыг засахаас өөр зүйлд зарцуулагдахгүй гэдгийг хэлж байна. Ингэхдээ авто замын тухай хуулиар төвлөрсөн мөнгийг авто замын барилга, байгууламжид зарцуулагдах юм.
Тодруулбал, авто замын тухай хуулий 24 дүгээр зүйлд Авто замын сан, түүний хөрөнгийг юунд зарцуулах талаар тусгаж өгчээ. Үүнд:
Хуулийн 24.3-т зааснаар, улсын авто замын сангийн хөрөнгөөр олон улс, улсын чанартай авто замын, нийслэл, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засварын ажлыг тус тус санхүүжүүлнэ.
24.4.Авто замын сангийн хөрөнгөөр авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.
24.5.Авто замын сангаас авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлнэ.
24.6.Улсын авто замын сан нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, нийслэл, орон нутгийн авто замын сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.
24.7.Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.
24.8.Авто замын сангийн хөрөнгийг энэ хуулийн 24.3, 24.4, 24.5-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
24.9.Тухайн жилд улсын авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус баталж, хэрэгжүүлнэ гэж заасан байна.
Харин авто замын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрддэг ажээ.
ҮҮНД:
- 2.1.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
- 2.2.нийслэл, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
- 2.3.гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
- 2.4.нийслэл, орон нутгийн авто зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;
- 2.5.нийслэл, орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр;
- 2.6.авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр;
Холбоотой мэдээ