Г.Бямбасүрэн: МАХН алдаагаа засахгүй бол сонгогчид гэлтгүй намын гишүүд нүүрээ буруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Г.Бямбасүрэн: МАХН алдаагаа засахгүй бол сонгогчид гэлтгүй намын гишүүд нүүрээ буруулна

 -Удирдах
зөвлөлийн буруу үйл ажиллагааг эсэргүүцэн нийслэлийн МАХН-ын хорооны
дарга Б.Мөнхбаатарт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 17 төлөөлөгч намаас
гарах өргөдлөө өгөөд байна-

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга
Г.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Танай
дүүргийн МАХН доторх маргаан Төрийн ордон хүртэл өндрөө авлаа. Үүнийг та
юу гэж тайлбарлах бол оо?

-Энэ дүүрэгт болж буй будилаан бол
шууд Засаг дарга асан Ч.Сайханбаярын үйл ажиллагаатай холбоотой юм. 2009
онд Засаг даргын хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтийг
хэлэлцэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Энэ хүн хийгээгүй ажлаа
хийсэн, дутуугаа гүйцээсэн болгож хуралд танилцуулсан юм. Эндээс л энэ
маргаан гарсан. Нэг хэсэг нь хангалттай гэе гээд, нөгөөдүүл нь
хангалтгүй байна гээд л маргаан эхэлсэн дээ .

-Хангалттай,
хангалтгүй гэх энэ мэтгэлцээн хоёр сар үргэлжилчих шиг боллоо?

– Яалт ч үгүй тийм. Анх өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 28-нд эхэлсэн хурал энэ сарын 8-нд буюу 70 хоног
хуралдаж дууслаа. Гэхдээ энд хувь хүмүүсийн хоорондын өш, хонзонгоос
болоогүйг хэлэх хэрэгтэй.

-Тэгээд
юунаас болоод ингэж “рекорд” эвдэхээр урт хугацаагаар хуралдаа вэ?

-Цэвэр үйл ажиллагааны үр дүнгээс
үүдэн гарсан маргаан гэж үзэж байна.

-Уучлаарай,
Засаг даргыг өмгөөлсөн хүмүүсийн саналын зөрүүгээс болсон юм биш үү?

-Олонх нь хангалтгүй гэсэн үнэлгээ
өгсөн. Гэтэл 16-17 хүн хангалттай гээд яваад байгаа юм. Тэр хүмүүсээс
ямар үндэслэлээр “хангалттай” гэж дүгнээд байгаа юм бэ гэж асуухаар
“Зөндөө л юм хийсэн шүү дээ” гэхээс өөр тодорхой хариулт хэлдэггүй.

-Хангалтгүй
гэсэн төлөөлөгчдөөс нь яагаад тэгснийг асуувал?

-Тодорхой шүү дээ. Бариагүй барилгыг
барьсан болгосон. Сургуульд өргөтгөл хийгээгүй атлаа хийсэн гэж
мэдүүлсэн. Эмнэлгийн барилга барина гэсэн. Бариагүй. Ингээд ярьвал олон
юм бий. Харсаар байтал худал хэлсэн хүнийг тэвчээд өнгөрөөвөл өөрсдийгөө
хуурсан болно. Ингээд л маргаад хоёр тийшээ хараад суучихсан улсууд шүү
дээ.

-Сүүлд
МАХН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд сүртэй хурал хийж танай асуудлыг
шийдлээ. Таныг намаас хөөнө гэсэн шийдвэр гаргасан байсан. Шинэчлэгдсэн,
ардчилсан үзэл баримтлалтай гэдэг МАХН ийм журамтай юм уу?

-Намын Удирдах зөвлөл, Хяналтын
хороо хамтарч хуралдсан юм билээ. Би байгаагүй. Намаас хасах учир
шалтгаан нь юу вэ гэдгийг мэдэхгүй. Намын дүрэмд сонгуулиар өөрийн намын
нэр дэвшигчтэй зэрэгцэж нэр дэвшсэн буюу намын эсрэг сурталчилгаанд
оролцсон бол намаас хасагдсанд тооцно гэж бий. Гэхдээ энэ асуудлыг намын
анхан шатны байгууллага шийднэ гэсэн заалт л байдаг. Би намаас нэр
дэвшсэн хүнтэй зэрэгцэж нэр дэвшээгүй, эсрэг сурталчилгаа хийгээгүй.
Хийсэн байлаа гэхэд намын анхан шатны байгууллагад үүрэг өгөөд шийдүүлэх
ёстой. Шууд Удирдах зөвлөл хяналтын хорооны хурлаар хэлэлцэх ёсгүй.
“Хөөнө” ч гэсэн үг байдаггүй юм. Үүнийг сонсоод “Намын дүрмээ мэддэггүй
Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө хасагдвал таарна” л гэж би хэлсэн. Өөр
зүйлгүй.

-МАХН-д
ер нь юу болоод байна. Анхан шатны хийх ёстой ажлыг Удирдах зөвлөл нь
шүүрээд л… Дүүргийн хурал гэдэг бие даасан шийдвэр гаргах эрхтэй
байгууллага. Ер нь олон асуудалд орон нутгийн бие даасан байдалд танай
нам бүдүүлгээр халдах боллоо. “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд өг”
гэж тулгадаг болчихлоо?

-Хүмүүс үүнийг МАХН болохоо болилоо,
энэ нам л эрээ, цээргүй ийм юм хийгээд байна гэж ойлгоод байна.

-Өөрөөр
хэрхэн ойлгоно гэж?

-Намын удирдлагад байгаа цөөхөн
тооны хэсэг бүлэг хүний хийсэн бусармаг үйлдэл. Та ч хэлж байна. Нутгийн
өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод үйл ажиллагаанд улс төрийн
байгууллага хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. Гэтэл манай намын нөхөд
Төрийн ордонд дуудаж авчраад “Огцрох өргөдлөө өг өө, чи” гээд шахаж
байгаад өргөдөл өгүүлж байна. Энэ бол дэндүү ёс зүйгүй, дүрмээ төдийгүй
хууль зөрчсөн асуудал болж байна. Үүнийг хаана ч хэлнэ. Нийгэм ч үүнийг
нь хараад үзэн ядаж байна. Үүнийг манай Удирдах зөвлөлд байгаа дарга нар
бодох цаг болсон.

-Хэсэг
бүлэг хүн гэж ярилаа. Хөндлөнгөөс харахад танай намын олны дунд
“авлигачид” гэдгээрээ танил болсон нөхдийг тушаал дэвшүүлээд шүүмжилдэг,
удирдлагынхаа эсрэг үг хэлдэг нэгнийг нь “шоовдорлодог” болоод байна уу
даа. Үүнийг л эсэргүүцэж жигүүр гарч ирсэн байх. Харин одоо хаана явна
аа. Жигүүрийн зорилго юу вэ?

-Манай намд боловсон хүчний алдаа
дээд цэгтээ хүрлээ. Алдагдаж дууссан гэж ч хэлж болно. Хуучин бол тийм
байгаагүй. Суралцуулдаг, боловсруулдаг, дэвшүүлдэг, хариуцлага тооцдог
байлаа. Одоо харин тийм зүйл алга. Бодлого байгаа ч хэрэгжүүлдэггүй.
Өөрийн чинь хэлж байгаачлан ажлаа хийе гээд шударгаар зүтгэсэн хүмүүс нь
адлагдаад, халагдаад, солигдоод байдаг. Харин дарга нарт тал засаад
гүйгээд байгаа бялдуучид боловсролтой, боловсролгүйгээсээ үл хамаараад
албанд томилогддог болчихлоо. Энэ бол удирдаж байгаа хүмүүсийн арга
барилтай шууд холбоотой. Жигүүрийн хувьд дуугарч, хэлдгээ хэлж байгаа.
Гэхдээ намынхаа дүрмийн хүрээнд бодлогоо тодорхойлоод улам, идэвхитэй
ажиллах зорилго тавьж байна.

-Хэчнээн
хүн жигүүрт харъяалагдаж байна аа?

-Жигүүрийн албан ёсны гишүүн 100
гаруй хүнтэй. Дэмжигчдийн хувьд олон бий.

Дэмжигчид
намын аль шатны хүмүүс байна вэ?

-Дундаас доод шатанд л байна. Тэд
намын удирдлагууд буруу юм хийгээд байхад та нар яагаад дуугарахгүй
байна гээд гарын үсгээ зураад шаардлагаа илгээдэг. Намаас хаслаа гэхэд л
1000 орчим хүний гарын үсэгтэй санал гомдол ирж байна.

-Өнгөрсөн
Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас иргэд нүүрээ бууруулсан. Үүний дараа
доод шатнынхнаа сонсоно гээд багагүй ажил болсон?

-Энэ бол арга барилын алдаа.
Манайхан иргэдийнхээ, анхан шатныхнаа, сонгогчдынхоо үгийг сонсдоггүйн
алдаа шүү, тэр чинь. Дээрээс гаргадаг шийдвэр нь сонгогчдод битгий хэл
дор байгаа анхан шатны хүмүүст таалагдахгүй байна шүү дээ.

-Өөрсдийг
нь шүүмжилсэн гишүүнээ намаас хөөдөг коммунист МАХН шинэчлэгдээгүй
хэвээрээ байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Цагаан дээр хараар бичсэн дүрэмд
хөөх тухай үг үгүй атал хөөгөөд байна гэдэг шившигтэй асуудал л даа. Энэ
бол өөрсдийгөө хэн бэ гэдгийг харуулж буй тодорхой баримт.

-Удирдах
зөвлөлийн шийдвэрийг СХД-ийн ИТХ-ын 17 төлөөлөгч эсэргүүцэн намаас гарах
санал гаргасан гэсэн. Энэ үнэн үү?

-Тэдгээр төлөөлөгчид Удирдах
зөвлөлийн буруу үйл ажиллагааг эсэргүүцэн нийслэлийн МАХН-ын хорооны
дарга Б.Мөнхбаатарт намаас гарах өргөдлөө өгсөн юм билээ.

-Удахгүй
МАХН-ын бага хурал болно. Энэ бага хурлыг хүлээсэн хүлээлт их байх шиг.
Жигүүр бага хурлын үеэр “болдоггүй” удирдлагадаа ямар байр сууринаас
хандах, хэрхэн дуу хоолойгоо гаргахаар зэхэж байгаа бол?

-Хоорондоо ярьж л байна. Гэхдээ яг
ийм байрь сууринаас оролцоно гэж хараахан тогтоогүй байна. Энэ талаар
хэлэлцэж шийднэ. Тиймээс тэгнэ гэж хэлэхэд эрт байна.

-МАХН
дотор ер нь хэдэн нам байна аа. Хоорондоо эвдрэлцээд байгаа болохоор
ингэж асуухаас өөр арга алга?

-МАХН-ын дотоод асуудалд ноцтой
хагарлын хэмжээнд хүрсэн зүйл байхгүй. Харин тодорхой тооны хүний
өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагааны л илрэл гэвэл илүү
оновчтой. Энэ бүхэндээ өөрсдийгөө дэмждэг, гар хөл нь болсон хүмүүсийг
татан оролцуулаад байгаа нь ингэж харагдаж байгаа болов уу.
Сонгинохайрханы хоёр даргыг халж, сольж байгаа асуудал гэхэд үүнийг
тодорхой харуулж байна. Энэ бол Ч.Сайханбаярын өөрийнх нь хийсэн асуудал
биш шүү дээ. Дээр нь байгаа хүмүүс л түүгээр тоглож байгаа асуудал. Энэ
залуу ажил, амьдралаараа тоглуулчихлаа л даа.

-Таныг ч
бас намаас чинь хөөчихлөө?

-Үнэхээр харамсч байна. Үүнийг
эвгүйхэн хэлбэл өширхөж байна гэхээс өөрөөр ойлгох аргагүй.

-Та ер нь
тэр дүүргийн дарга нарын асуудалд ямар холбоотой юм бэ. Яагаад ийм
шийдвэр гаргачихав аа?

-Ёстой мэдэхгүй. Ерөнхий нарийн
бичгийн даргыг шүүмжилснээс л ингэлээ гэж ойлгож байгаа.

-Танай
намын дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд түүний нэр дээгүүрт
бичигдэж байгаа нь нөлөөлөв үү?

-Дарга хэн болох вэ гэдэг нь гол
биш. Намын дотор бий болчихоод байгаа завхарлыг л засах хүнийг зөв олох
хэрэгтэй.

-Одоо
Удирдах зөвлөлд байгаа хүмүүсийн чинь хэн нэг нь дарга болохоор намын
бугшсан асуудлыг өөрчилж чадах уу. Тэд чинь л болохгүй байна гээд байгаа
биз дээ?

-Тухайн үед МАХН-ын Их хуралд
сонгогдоод ирж буй төлөөлөгчдийн л мэдэх асуудал. Хуучныг нь сонгох уу,
эсвэл үнэхээр шинэчлэх хүнийг сонгох уу гэдгийг тэд л шийднэ. Үүнээс л
манай намын цаашдын хувь заяа шууд холбоотой.

-Жигүүр
намын даргад хэнийг санал болгох бол?

-Бид тийм эрхтэй ч, одоогоор
тодорхойгүй байна. Тухайн үед л тодорхой байх болов уу. Би ч намын
даргад дэмжсэн хүнээ дэвшүүлэх эрхтэй шүү дээ.

-МАХН-ыг
аваад явчих хүн таны бодлоор хэн бэ?

-Яг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хэд
хэдэн залуусыг харж л байгаа. Цаг нь ирэхээр боломж ирвэл саналаа хэлнэ.

-МАХН энэ
ужгирсан өвчнөөсөө илаарших найдлага байна уу. Сүүлийн хоёр даргаас
өмнө ийм л байсан. Одоо ч ийм л байна. Магадгүй дарга солигдлоо гэхэд
бас л өнөөгийн удирдлагад байгаагийн аль нэг нь дэвшээд сонгогдоно.
Ингэхээр найдвар байна уу?

-Бага хурлаар энэ бүхнээ ярина гэж
найдаж байна. Хоёрдугаарт их хурлыг зарлах болов уу. Их хурлаар бол
зайлшгүй намын даргын асуудлыг ярьж л таараа. Энэ үеэр л сайн нухацтай
хэлэлцэх хэрэгтэй. Намынхаа жирийн гишүүдийн үгийг сонсох хэрэгтэй. Одоо
сонсох ч үгүй байна.

-Тэд чинь
сонгуулиар санал өгүүлэхэд л хэрэгтэй юм биш үү?

-Харин тийм болчихоод байна.
Сонгуулиар санал авахын тулд л “Сайн байна уу” гэж хэлж байна.

-Танай
намыг дэмжигчид нүүрээ буруулахад ойрхон байх шиг?

-Энэ буруу арга барилаасаа салж
чадахгүй байвал сонгогчид гэлтгүй намын гишүүд нүүрээ буруулахад бэлэн
болчихлоо. Маш их дургүйцдэг болсон. Энэ арга барилаараа байвал МАХН
2012 оны сонгуульд хэцүүднэ. Манай нам өнгөрсөн хугацаанд алдаж онож
байсан ч одоогийнх шиг алдаж явсан түүх үгүй.

-Нээлттэй ярилцсан танд баярлалаа.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж