Өнөөдөр та юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр та юу үзэх вэ?

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолтыг үзэж сонирхохыг танд санал болгож байна.

Америкийн Портланд хотын “Нортвест данс прожект” компанийн “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолт өнөөдөр 19.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-т болох юм.


Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээч, шилдэг бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээлийг толилуулсан “Нортвест Данс Прожект” компани 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд анх удаа өөрсдийн шилдэг дөрвөн бүтээлээс танилцуулахаар болжээ.

Орчин үеийн бүжгийн төрөл нь ХХ зууны дунд үеэс үүссэн ба Америк, Европт хүчээ авч, энэ төрлийн бүжигсонирхогч, суралцагч улам бүр нэмэгдэж, мэргэжлийн урсгал чиглэл ч бий болжээ. Орчин үеийн бүжиг буюу контемпорари бүжиг нь сонгодог, модерн, жазз бүжгийн элементүүдийн хэсгээс өөртөө шингээн, өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөнийг бий болгож чадсан төрөл. Бүжгийн хөдөлгөөн, өгүүлэмж нь хүний оюун санаа, бие махбодид хүчтэй нөлөөлж, өөрийн гэсэн түүхийг өгүүлэх ба цаг үе, нийгмийн хөгжлийг даган хувирч, өөрчлөгдөн баяжигддаг, нарийн гоо сайхан, мэдрэмж  бүхий онцлогтой.

Энэ удаагийн аялан тоглолтын хүрээнд “Нортвест данс прожект” компанийн уран бүтээлчид ДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулахын сацуу тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайзны удирдлага зохион байгуулалт, гэрлийн сургалтыг 50 гаруй мэргэжлийн гэрлийн инженерүүдэд зохион байгуулахаар болж буй нь мөн нэг давуу тал юм.

Энэхүү алдартай бүжгийн тоглолтыг Монголын тайзнаа тавихаар АНУ-ын ЭСЯ, “Deloitte онч аудит” ХХК, “Төгөлдөр сан”, ХАС Банк, “Blue Fin” ХХК, “Таван богд” групп, ДБЭТ, D-Light ХХК зэрэг байгууллага Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Хэвлэлийн ивээн тэтгэгчээр MҮОНРТ, Блүмбэрг, Стар ТВ, Эко ТВ, О ТВ, V ТВ, MNC болон “Гоодаль” сэтгүүл, мэдээллийн “News” агентлаг, ikon.mn, ticket.mn сайтууд хамтарчээ.

Тоглолтын тасалбар партер 60,000, бельэтаж 40,000 төгрөгийн үнэтэй ба ДБЭТ-ын касс, Монголын урлагийн зөвлөлийн оффис болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж