Цагаа олсон реклам мөн эсэхийг мэдэхгүй ч ХҮН-ын “Бид хулгайч биш” самбар олон хүнд хүрчээ. Арван зургаан оны сонгуулийн өмнөхөн хоёр хуваагдаж, ах намуудын шоглоом болоод өнгөрсөн ХҮН бол 2020 оны сонгуульд хүч үзэхээр сэм бэлтгэж буй гуравдагчдын нэг. Монголын улс төрийн гуравдагчийн орон зайг эзлэхээр олон нам "мэндэлдэг" ч тэдний улс төрд эзлэх эзлэхүүн тэг хувьтай байна. Тиймээс Баасан гаригт МАН-ын удирдлагуудын гаргаж ирсэн 26:50 холимог хувилбар гуравдагчдад боломж олгоно гэж жижгүүд том хүлээлтэй байгаа юм. Товчхондоо, Н.Энхбаяр, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт боломж гарч ирж байна гэсэн үг. Гэхдээ тэд эвсэхгүйгээр дан, дангаараа тоглолт хийвэл хэцүү. Эрх баригчдын санал болгож буй энэ хувилбарын сайн нь сонгогч нэр бүрийн санал тоологдоно, мажоритар шиг сонгогчдын санал гээгдэхгүй. Олон намын оролцоо улс төрд нэмэгдэнэ. Улсын төсвөө жалга довоор цацахгүй эерэг талтай.
Нэр хүнд, чадамж нь улам уруудсаар байгаа УИХ-ын нэр хүндийг аврах ганц гарц нь хүнээ солих биш сонгуулийн системээ солих явдал. Парламентыг засаглалыг сонгодогжуулах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан, үүний араас хийгдэх шинэчлэл нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх. Г.Занданшатарын парламентын гишүүд хүчин, хүүхэн шуухны хэрэгт холбогдож, шүүх прокурорт дуудагдах болсон хийгээд ЖДҮ, жаран тэрбумаас бүрдсэн УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үес байнга хөндөж тавих болсон асуудал нь үнэндээ хүндээ биш тогтолцоондоо, сонгуулийн системдээ алдаа нь байгаа. Товчхондоо, Ж.Батзандан, С.Жавхлан, А.Сүхбат, Д.Гантулга, Х.Болорчулуун нарын гаргаж ирсэн систем нь мажоритар, тэд бол жижиг тойргийн том гажгийн бодит жишээнүүд.
ХОЛИМОГ ТОГТОЛЦОО & ДАВХАР СОНГОЛТ
Ардын намын дарга нарын санал болгож буй холимог тогтолцоог АН дэмжих магадлал өндөр, учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сөрөг хүчнээс оруулж ирээд унасан саналын нэг нь энэ байлаа. Харин гол саад нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд бөгөөд 75-ын бараг хоёрны нэгтэй тэнцэх шахуу “нялх сэнгүм”-үүдийн эсэргүүцэлтэй тулж мэдэх юм. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жил популимз хийж ирсэн улстөрчдөд энэ бол онцгүй мэдээ.
УИХ-ын 2012 оны туршлагаас харвал 26:50 хувилбараар нэг нам үнэмлэхүй олонх болоход хэцүү, энэ тохиолдолд нэг нам дангаараа засаглах боломжгүй. Томчуудын хувьд тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг учраас АН, МАН-ын аль нь ч ялж мэднэ, гэвч, эвслийн Засгийн газартай болно гэсэн үг.
УИХ-ын 2012-2016 онд УИХ-д 35 суудал авсан АН эхлээд “Шударга ёс эвсэл”-тэй дараа нь МАН-тай, буцаад Н.Энхбаяртайгаа гар барьж байв. Гэхдээ ирэх 2020 оны сонгуулийн нэг онцлог нь намууд мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдөхөөс гадна сонгогчид хэнийг Ерөнхий сайд болгохоо бодож сонголтоо хийх ёстой болж байна. Хэнээр гүйцэтгэх засаглалыг удирдуулж, хэнээр ажил хийлгэх вэ гэдгээ сонгох, гол өрсөлдөөн намуудын дарга нарын дунд өрнөнө.
У.ХҮРЭЛСҮХ, С.ЭРДЭНЭ, Н.ЭНХБАЯР
Улс тунхагласны 95 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын ёсчилсон Ардын намын “автор” бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс ч том эрх мэдэлтэй болсон. Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нартайгаа хариуцлага тооцох том эрх мэдлийг олгож, эсрэгээрээ УИХ-ын эрх мэдлийг хумьж, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн бодлого, мөнгөний хуваарилалтад гишүүд оролцох эрхгүй болгосон шинэ Үндсэн хууль 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэвэл, том эрх мэдэлтэй Ерөнхий сайд болохын төлөөх өрсөлдөөн намуудын дарга нарын дунд өрнөнө.
Сүүлийн хоёр жилийн захиалгатай ба захиалгагүй судалгаанаас харахад МАН, АН-ын рейтинг нийлээд 50 хувь давахгүй байгаагаас харвал гуравдагчдад үлдсэн орон зайг эзлэх боломж харагдаж байна. Топ улстөрчдийн тэргүүнд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Ж.Батзандан нар байнга явж ирсэн. Гэхдээ судалгаанд ердөө 1000 хүн оролцдог. Сонгуулийн санал өгөх эрхтэй хүний нэг хувьтай ч тэнцэхгүй. С.Эрдэнийн хувьд өнгөрсөн дөрвөн жил хувийн рейтинг болоод намын рейтинг нь сул байгаа. Гэхдээ, энэ бол точный үнэлгээ биш. Халалттай барометр болон хөрсөн дээрх температурт зөрөө бий.
Гэхдээ 2020 онд та хэнийг Ерөнхий сайд болгомоор байна, тэр намын даргыг сонгоно гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс харвал У.Хүрэлсүхийн МАН-ыг, С.Эрдэнийн АН-ыг, Н.Энхбаярын МАХН-ыг сонгохоос гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулахаа Монголын сонгогчид давхар тооцно. Энэ тохиолдолд хэнийг жагсаалтад бичиж, хэнд нэр дэвших эрх олговол “Би Ерөнхий сайд болж чадах вэ” гэж намын дарга нар мөн давхар тооцох шаардлагатай болно. Тиймээс 2020 оны сонгуулийн цусгүй тулаан Ерөнхий сайдын төлөө явагдана. Ямар хүнээр Ерөнхий сайд болгохоо сонгогч та нар минь шийднэ, ямар Ерөнхий сайд болохоо ялсан намын дарга харуулна гэсэн үг.
Холбоотой мэдээ