Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” олон улсын VII хурал эхэллээ.
Олон улсын хуралд Монголын нарийн мэргэжлийн эмч нараас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, ОХУ, Казакстан зэрэг 70 гаруй орны судлаач, эрдэмтэн, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж байгаа юм.
Энэ үеэр эмч нар “Иргэд жил бүр тогтмол шинжилгээ өгч, дотор эрхтнийхээ эрүүл мэндэд анхаардаггүй байдлаас үүдэн хавдар хожуу үедээ илрэх нь элбэг байна” хэмээн онцолж байв. Монгол Улсын хувьд гэхэд жилд хорт хавдрын 4000 тохиолдол илэрдэг байна. Гэтэл үүний ихэнх хувь нь хожуу үедээ орсон байдаг ажээ.
Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Г.Пүрэвсүрэн “Иргэд эмнэлэгт огт үзүүлэхгүй, эрүүл мэндээ хайхрахгүй явсаар өвчин зовиур илрэх үед эмчид ханддаг. Гэтэл тэр үед хавдрын өвчлөл аль хэдийнэ гурав, дөрөвдүгээр шатандаа орсон байдаг” гэлээ. Тиймээс Монголын нөхцөлд хавдрын эрт илрүүлэлт чухал болоод байгаа юм.
Хавдрын өвчлөл зөвхөн Монгол Улсад нүүрлээд байгаа аюул биш. Дэлхийн хэмжээнд гэхэд нэг жилд 14 сая гаруй хүн хорт хавдраар өвчилж буй тоон мэдээлэл байна. Үүний найман сая гаруй нь хавдрын хожуу үед орсон байдаг аж. Өөрөөр хэлбэл, 70-80 хувь нь хожуу үедээ орсон байдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
Яг одоо БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Өмнөд Солонгосын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн профессор Хан Кван Ян Хавдар судлалын үндэсний төвд монгол эмч нартай хамтран ходоод тайрах дурангийн мэс заслыг хийж байна.
Хагалгааны явцыг хуралд оролцогчдод дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж, эмч нар арга техникээс нь суралцаж байгаа юм.
Б.ЗАЯА