О.Баасанхүү: Процессын хуулийг батлах зайлшгүй шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Процессын хуулийг батлах зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Тантай уулзсаных Процессын тухай хууль ямар шатандаа байгааг тодруулъя. Эрүүгийн хуультай энэ хуулийг цугт нь хэлэлцэх шаардлага байна гэж ярьсаар байгаад л хаврын чуулган өндөрлөсөн?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн түвшинд Байцаан шийтгэх буюу Процессын хуулийг хэлэлцсэн. Энэ хуулийг батлах зайлшгүй шаардлагатай. Хууль батлагдсан нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессыг олон улсын хэм хэмжээг баримтлах гээд олон зүйл тодорхой болж, бидний олон жил ярьсан хүний эрхийг хангах асуудал хууль зүйн салбарт нэлээн цэгцтэй болох юм. Гэхдээ миний судалснаар гурван зүйл дээр анхаарах шаардлагатай. Маргаан ч дагуулах болов уу.

-Тэдгээрийг тодруулаач?

-Прокурор дүгнэлт гаргахын тулд нотлох баримтыг үнэлж оролцоно. Үнэлнэ гэдэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас прокурор ороод дүгнэлтээ уншина. Өмгөөлөгч дүгнэлт гаргана гэж байгаа боловч хуучинтайгаа адилхан бүх хэрэг дууссаны дараа түүнийгээ уншаад саналаа өгөх нь шүүх, прокурорын үзэмжийн асуудал болж хувирч байгаа. Нөгөө талаасаа мөрдөн байцаалт нь хуучин тогтолцооноосоо нэг их өөрчлөгдөх шинжгүй байгаа. Дэлхийн бусад орнуудад гэм буруутайгаа та нотлох ёсгүй, гэм буруутайг хуулийн байгууллага нотолно гэдэг.

Одоогийн Байцаан шийтгэх хуульд таны гэм буруутай, гэм буруугүйг нотлохын тулд цагаадах болон яллах нотлох баримтыг цуглуулна гэж байгаа. Гэтэл гэм буруутайг нотолно гэдэг үгэндээ хөтлөгдөөд зөвхөн яллах нотлох баримтыг оруулж ирдэг. Цаадах цагаадах нотлох баримтыг дурддаггүй. Түүнээс нь болоод өмгөөлөгч, прокурор хоёрын дунд хэрүүл болдог. Шүүгчтэй маргалддаг. Л.Гансүхийн хэрэг дээр аваад үзье, гүйцэтгэх ажиллагаагаар нотлогдсон гэж яриад байгаа мөртлөө тэрхүү материалтай нь өмгөөлөгч танилцах боломжгүй. Шүүгч уншина, прокурор уншина. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу ийм ойлголт өгчихөөд байгаа. Тэгэхээр өмгөөлөгч нотлох баримтыг үнэлэхэд оролцохгүй байж яаж дүгнэх юм. Горимын өөрчлөлт харагдахгүй байгаа учраас энэ гажгийг засах ёстой.

Ардчилсан оронд би өмгөөлөгчөө авсан, би тантай уулзахгүй. Өмгөөлөгчтэй уулз. Би хэрэг хийгээгүй, Өмгөөлөгч миний гэм буруугүйг нотолно л гэдэг. Одоо бол өмгөөлөгч, өмөөрөгч нь ялгарахаа байчихсан. Шүүх хурал болоход өмөөрч л ярьдаг. Байцаалт дээр нь зодох нь уу яах нь л гэж харж суухаас байцаан шийтгэх ажиллагаанд давхар асуулт тавих эрх байхгүй, өмгөөлөгчийн зүгээс. Хоёрдугаарт, Шүүхийн шинжилгээний төв бүх хүнд ижил дүгнэлт гаргаж өгөх ёстой.

-Бүх хүн гэдэгт хэнийг хамааруулаад байна?

-Өмгөөлөгч, прокурор хоёрыг хэлж байгаа юм. Тэдэнд гаргаж өгсөн дүгнэлт нь шүүх дээр ижил утгаар уншигдах ёстой. Харамсалтай нь, тэгэхгүй байна. Энэ байцаан шийтгэх хуулийн хамгийн том шинэчлэл нь мэтгэлцээний зарчмын тэгш байх зарчмыг тавих ёстой. Прокурорыг хэн мэдээллээр хангаж өгч туслах ёстой вэ гэхээр мөрдөн байцаагч. Өмгөөлөгч мөн мэдээллээр хангагдах ёстой. Мэдээллээр хангах ёстой байгууллага нь аль, алиныг хангах ёстой.

-Одоогийн Процессын хуульд энэ нь сайн суугаагүй гэсэн үг үү?

-Одоогийн хуулийн төсөлд энэ нь саармаг. Дүгнэлт гаргана гэдэг нэрээрээ бол адил гэдэг санаа орж байгаа.Шинэчлэлийг зоригтой хийх ёстой. Мэтгэлцээнийг тэгш тавих. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурор хоёр адил төвшинд байлгах. Хоёулаа л төрийн хуулийг хэрэгжүүлэх гээд явж байгаа. Нэг нь төрийн өмнөөс, нөгөө нь иргэний өмнөөс явж байгаа. Шүүгч л эцсийн шийдвэр гаргана. Байцаан шийтгэх хуулийн гол нь санаа энэ. Энэ үндсийг оруулж ирэхгүй байна.

Дэлхий дээр цагдаа, прокурор, мөрдөн байцаагч яаж ажиллаж байна, өмгөөлөгч яаж ажиллаж байна, тэр жишгийг тавиад өгчих хэрэгтэй. БНСУ-д мөрдөн байцаагч сэжигтнээс байцаалт авлаа. Цахимжсан байдаг учраас нэг сидиг хавтаст хэрэгт хийлээ, нэгийг нь өмгөөлөгчид өглөө, нэгийг нь прокурорт өгнө. Ингээд л боллоо. Хэн ч маргах юм байхгүй.

Хууль батлагдсан нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессыг олон улсын хэм хэмжээг баримтлах гээд олон зүйл тодорхой болж, бидний олон жил ярьсан хүний эрхийг хангах асуудал хууль зүйн салбарт нэлээн цэгцтэй болох юм.

Хоёрт нь, манайд 2005 онд АНУ-ын Мерандагийн төсөл хэрэгжиж байсан. Тэр зарчим Байцаан шийтгэх хуульд тусаагүй. Энэ бол аюултай. Яагаад гэвэл, яллагдагчаар татсаны дараа өмгөөлөгч ав гээд санаа ороод ирсэн. Энэн дээр нэлээн том маргаан гарна. Одоо бол сэжигтнээр татагдангуут өмгөөлөгч авдаг. Яагаад гэхээр Мерандагийн зарчим бол тухайн хүнтэй уулзсан л бол та өмгөөлөгчөөр хангагдах эрхтэй. Өмгөөлөгчгүй байгаа тохиолдолд харилцахгүй гээд шаардаад суух эрхтэй. Гэтэл манайд яллагдагчаар татагдсаны дараа өмгөөлүүлэх эрхээр хангагдана гэдэг заалт явж байгаа. Үүнийг засах ёстой. Ингэж л хүний эрх хангагдах ёстой. 

-Уг нь энэ хууль батлагдчихвал барьж хорих нь багасна, мөрдөн байцаагч бүр өөрийн үзэмжээр ханддаг байдал үгүй болно. Байцаалт бүхэн тогтсон хуулийн хүрээнд явна л гэж ойлгоод байгаа зөв үү? 

-Зорилго нь бол тийм. Ингэхийн тулд гурван нөхцлийг л хангачих хэрэгтэй. Нэгдүгээрт, өмгөөлөгч прокурор хоёрын тэгш зарчмыг хангачих. Хоёрдугаарт, үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгээ харьцах харилцааг нэгдүгээрт тавьчих. Гуравдугаарт нь зөвхөн нотлох баримтад суурилдаг байх ёстой гэдгийг хуульчлаад өгчих. Нотлох баримт нь хөдлөшгүй, хуулийн хүрээнд, хүний эрхийг хангасан байх ёстой. Ингээд л боллоо.

Мөн Одоогийн процессын хууль мөрдөж байцаадаг жишиг рүү орох ёстой. Тэгэхийн тулд техникийн асуудал, боловсон хүчний асуудал хуультайгаа цогцоор явж байж жинхэнэ амьдралд хэрэгжих юм. Байгаа нөхцөл дээрээ яарвал зөв өөрчлөлт гарахгүй. Нотлох баримтыг яаж үнэлэх юм, нотлох баримтыг яаж олох юм гэдэг нь тодорхойгүй бүрхэг байгаа. Үүнийг бас тодруулах шаардлагатай.

-Хэлэлцүүлгийн шатанд сайжруулах боломж байгаа юу?

-Ажлын хэсэг сайн ажиллах ёстой. Сайн ажиллахын тулд байнгын хорооны дарга нь мэргэшсэн хүн байх ёстой.

-Процессын хуулийн төсөлд хэрэгжүүлэх боломжтой хүний эрхийг хангасан заалтууд байгаа биз?

-Хүнийг бага хорьдог болно, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Шүүх дээр нотлох баримтыг хялбаршуулсан байдлаар шийдэх гээд дэвшилттэй санаанууд байгаа. Би яриандаа сайжруулах юм бий гэдгийг л хэлсэн шүү. Гол санааг нь алдагдуулахгүй байх ёстой, гэм буруутайг зөвхөн шүүх нотолно. Шүүх мэтгэлцээний зарчимд үндэслэнэ. Мэтгэлцээнд орж байгаа хүмүүс нь мэдээллээр адил тэгш хангагдах эрхтэй. Мэдээллээр хангагдахын тулд мэдээллээ олж авах арга хэрэгсэл нь адил байх ёстой. Нэгэнд нь л давуу эрх олгох юм бол худлаа болно. 

-Дэд сайд Б.Тулга та хоёрын дунд маргаан болсон юм уу. Таныг Б.Тулга сайд багалзуурдаж унагасан, энэ үед МАХН-ын дарга нь хамт байсан гэх сенсааци цацагдах боллоо?

-Худлаа шүү. Наадах “бор шувуу”-г чинь хэн нисгээд байгааг би мэднэ. МАХН-ын гишүүд Өршөөлийн хуульд санаа их зовж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэх үед би намынхандаа байр сууриа тодорхой хэлсэн. Би иргэнийхээ талд зогсоно гэж… Харамсалтай нь, манай намд хов зөөдөг хүмүүс байна л даа. Намын удирдлагад өөрийгөө л зөвхөн өөрийнх нь хүн гэж ойлгуулах гээд ядчихсан. Тэгээд түүндээ хүрэхийн тулд “О.Баасанхүү Өршөөлийн хуулийн эсрэг зогсох гээд байна, Өршөөлийн хуулиар цаадах чинь таныг алах гээд байна, байнгын хорооны хурлыг будилуулаад байна. О.Баасанхүү аймшигтай болох гээд байна гээд… Цаадах чинь их олон хүний өмнөөс тоглолт хийдэг болсон. Итгэж болохгүй. Яагаад гэвэл О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хүн болсон, УИХ-ын дарга З.Энхболдын хүн болсон, Женко Х.Баттулгын хүн болсон, Г.Батхүүгийн хүн болсон” гэж яриад яваа. Нэг үгийг мянга давтахаар үнэн сонсогддог гэдэг шиг сүүлдээ манай дарга гипотнезид орж байна шүү дээ. Тийм л “бор шувуу”. Үнэн юм нэг ч байхгүй.

-Та нуугаад байгаа юм биш үү. Ордонд энэ маргаан болж, хамгаалалтын албаныхны рабортод бичигдсэн гэх юм билээ?

-Төрийн ордны хамгаалалтын рабортод бичигдсэн гэдэг зүйл яригдаж байгаа бол итгэл үнэмшил төрүүлэхээр л юм. Гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг Ц.Нямдорж гишүүн боож унагасан гээд бөөн сенсааци болсон. Ж.Сүхбаатар МАХН-д элсэх сургаар би боолгуулчихсан л юм байна л даа. /инээв/ Би үнэнийг л хэлж байна, хэн ч намайг боогоогүй. Би хэн нэгэнд боолгуулах ч хүн биш. Хэрвээ ийм зүйл болсон бол тэр даруй нь би цагдаад өгнө, аль нам нь байх нь хамаагүй.

-Та эсвэл дарамтлуулсан юм уу?

-Би бол хуульч хүн. Хэн нэгэн намайг дээрэлхэж, дарамталж явдаг юм биш. Би итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргаж ирсэн. Гаргасан шийдвэртээ харамсч байсан тохиолдол үгүй. Би бодож шийдвэрээ гаргадаг учраас харамсах зүйл байдаггүй. Дарамталлаа гэх юм бол хууль эрх зүйн төвшинд зохицуулчих хангалттай боломж бий. Би 18 жил өмгөөлөгч хийсэн хүн.

-Та твиттерэрээр дамжуулж тусгай хамгаалалт хүссэн юм биш үү?

-Хүний үгээр хөөцөлдөөд ямар завтай юм бэ. Цаана чинь улс орны эдийн засаг сүйдэж байхад.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж