Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.12.02/ мэдээлэл хийлээ.
Тус газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэхдээ “Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод угаарын хийнд зургаан өрхийн 18 иргэн хордсон дуудлага өгчээ. Үүний зургаа нь хүүхэд, 12 нь насанд хүрсэн хүн байсан. Уг зургаан өрхийн хоёр нь гэрт, дөрөв нь байшинд амьдардаг. Дуудлагаар очиход гурван айлын зуух яндангийн холбоос буруу, хоёр айл нь үнсээ аваагүй, нэг нь түлшээ буруу түлсэн байв. Одоогоор эдгээр иргэдийн бие хэвийн. Бид мэдээлэл, зөвлөгөө өгсөн байгаа. Үүнээс гадна иргэдийн зүгээс түүхий нүүрс түлж буй талаар мэдээлэл ирж байна. Шалгахад сайжруулсан түлш түлсэн боловч сайн асаагүйн улмаас хар утаа гарсан байсан. Үүнийг түүхий нүүрс түлсэн гэж андуурах тохиолдол байна” гэсэн юм.
Мөн иргэд, аж ахуй нэгжүүд мэдээлэлгүйн улмаас утаа гаргахыг хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэх зөрчлүүд илэрч байгаа аж. Үүнд зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авчээ. Тиймээс сайжруулсан түлш хэрэглэх ёстой Нийслэлийн бүсчлэлийн талаар мэдээлэлтэй байхыг анхаарууллаа.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанар бага бохирдолтой гарчээ. Хүхэрлэг хий 2,4 дахин их, азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд гарчээ. Харин pm 2,5 тоосонцор 2,1, pm 10 нь 2,4 дахин бага хэмжээтэй байгаа аж.
Холбоотой мэдээ