Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Хүүхдүүд нэгнээ тарган, царай муутай, муу сурдаг, ядуу, аав ээжгүй гэж шоолох нь бий. Үүнийг бид ихэвчлэн гэнэн томоогүй хүүхэд насны шоглоод өнгөрдөг үе гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ бол хүүхэд хүүхдээ хүчирхийлж буй хэрэг аж. School bullying буюу сургуулийн орчин дахь дээрэлхлийн хамгийн хүнд хэлбэр нь амиа хорлох санааг өдөөж байдгаараа аюултай. Өөрөөр хэлбэл, олны өмнө эвгүй байдалд орж, өөрийгөө сул дорой гэж мэдэрсэн үед хүүхэд сэтгэлдээ хамгийн гүн шарх авдаг байна. Энэ шарх хэзээ ч арилдаггүй, хөгширсөн хойноо ч байж л байдаг. Элдэв хочоор дуудуулж, доромжлуулж, дарамтлуулж байсан хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй нэгэн болж хувирдаг аж. Сэтгэлээр амархан унаж, аливаа асуудлыг өөр дээрээ тусгаж, эмзэглэнэ, эргээд хэн нэгнийг дээрэлхэнэ. Ингэснээр амьдралдаа буруу шийдвэр гаргаж, хувь тавилангаа хүртэл өөрчилдөг байна.

"АТАМАНДАЛТ" ГЭЖ ЮУ ВЭ? 

Хүчний тэнцвэргүй байдал, давтамжийн тоо, санаатайгаар үйлдэгдсэн гэх гурван шинжийг агуулж буй бол дээрэлхэл гэж үздэг. Өөрийнхөө сүр хүчийг үзүүлэх гэж ангийн найзаа олон удаа санаатайгаар хочилж, зодож, эвгүй байдалд оруулан, сэтгэл зүйгээр дарамталсан бол энэ яалт ч үгүй дээрэлхэл. Хэлбэрийн хувьд бие махбодь, аман яриа, сэтгэл зүй, цахим дээрэлхэл гэх мэт ангилдаг. Ялангуяа Азийн орнуудад сэтгэл зүйн дээрэлхэл их байдаг аж. Албаар нийлэхгүй байх, ганцаардуулах, аливаа үйл ажиллагаанаас хоцроох, муулах, хов жив тараах гэх мэт. Харин Европын улсуудад бие махбодийн буюу юмыг нь эвдэж сүйтгэх, ном дэвтрийг нь урах, сургуулийн коридорт мөрлөх, шоглох гэх мэтээр дээрэлхдэг байна. Бүр хүйсээрээ хүртэл ялгаатай. Хөвгүүд нэгнээ ихэвчлэн зодож, айлгаж, сүрдүүлдэг бол охид хов тараах, худал цуу дэгдээх, тарган бүдүүн, өмссөн зүүснээр ялгах зэрэг сэтгэл зүйн дайралтууд их хийдэг байна.

ЕБС-ийн зургадугаар ангийн нэгэн сурагчийг ангийн хүүхдүүд нь байнга тарган, бүдүүнээр нь дуудна. Гоочилно, шоолно, гахай гээд инээлдэнэ. Энэ бүхэн охиныг дотроос нь “алж” байв. Өдөр өнгөрөх тусам өөртөө итгэлгүй, урам зориггүй, зожиг нэгэн болж байлаа. Яваандаа хичээлдээ дургүй болж, тасалж, бүр завсардах дээрээ тулжээ. Үүнийг анзаарсан эцэг эх нь охиноо өөр сургууль руу шилжүүлсэн боловч байдал мэдээж өөрчлөгдсөнгүй. Хамгийн харамсалтай нь ийм үед түүний найзууд, эцэг эх, бүр багш нар юу хийж, яаж таслан зогсоохоо мэдэхгүй байв. Тэдэнд энэ талын ямар ч мэдлэг, мэдээлэл байсангүй.

Заримдаа багш нар өөрсдөө ч мэдэлгүй сурагчдаа дээрэлхдэг байна. Ангийнхны өмнө тэднийг “мал царайлчихаад, тэнэг, мангар, нойлын ногоон тэг” зэргээр хэлэх, аав ээж чинь салчихсан уу, чи аавгүй бил үү гэх мэт үл тоосон асуулт тавих, баян ядуугаар илтэд ялгаварлаж үзэх нь дээрэлхлийн хэлбэр юм. Үүнээс бусад сурагч дээрэлхэх санаа авч, уг хүүхдийг үргэлжлүүлэн дээрэлхдэг байна. Тэгвэл сургуулийн орчин дахь дээрэлхлийг хэрхэн, яаж зогсоох вэ, үүний тулд юу хийх ёстой вэ, бусад улсад яаж зохицуулдаг вэ. Энэ асуултад хариулт авахаар “Оюунлаг Монгол хүн” ТББ-ын тэргүүн, Сургуулийн орчин дахь дээрэлхлийн судлаач Б.Батзаяатай ярилцлаа. Тэрбээр энэ сэдвийг судлаад гурван жил болж буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-д зохион байгуулагдсан “Anti-bullying” хөтөлбөрт хамрагдаад иржээ.

ДЭЭРЭЛХЭХ ШИНЖ ТЭМДЭГ, НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ

-Хүүхдээ дээрэлхүүлж буйг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй. Дээрэлхүүлж байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Энэ үйлдэлд дээрэлхэж, дээрэлхүүлж байгаа тал, үүнийг харж буй гэрч гэсэн оролцоо байдаг. Ажиглаж байгаа, бас дэвэргэж байгаа гэрчүүд байна. Ажиглаж байгаа нь пассив буюу идэвхгүй, зүгээр л харна. Харин дэвэргэж байгаа тал нь дээрэлхэж буй хүүхдийг дэмжээд байдаг. Энэ үйл явдлын дараа эдгээр хүүхэд бүгд хохирогч болдог.

Өөрөөр хэлбэл, тэдний сэтгэл зүй болоод бие мах бодь, эрүүл мэндэд нөлөөлж байдаг гэсэн үг. Толгой өвдөх, гэдэс гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Улмаар хичээлдээ муудах, дургүй болох, таслах, хичээлээс гарах хүртэл хямарч, өөрчлөгддөг. Хамгийн гол нь томчууд үүнийг ер мэддэггүй. Дээрэлхэл нууц хэлбэрт байдаг.

-Мэдсэн ч ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоохоо мэддэггүй. Энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Энэ талаарх ойлголтыг хүүхдэд бүр багаас нь буюу цэцэрлэг байхаас нь заах хэрэгтэй. Чи найзыгаа дээрэлхэх бус туслах ёстой. Хүн бүр өөр. Найз чинь чамтай адилхан байх албагүй. Тиймээс чи түүнд сайн ханд. Өөрийгөө оронд нь тавиад үз, мундаг хүн сайхан сэтгэлтэй байдаг гэх мэтээр багаас нь зааж, сургавал хүүхэд зөв хүн болж төлөвшинө. Зөвхөн хүүхдэд бус эцэг эх, багш нар гээд томчуудад бас үүнийг ойлгуулах хэрэгтэй. Дээрэлхэгч гэдэг нэр томьёог хүүхдүүдэд өгч болохгүй. Гэмт хэрэгтэн гэдэг шиг. Хамгийн гол нь тухайн хүүхэд дээрэлхэл гэж юу вэ гэдгийг ч мэддэггүй. Мэдлэг, мэдээлэл, ойлголтгүй учраас л ийм үйлдэл хийгээд байгаа юм. Үүнээс болоод дээрэлхэж байгаа хүүхэд хүртэл сэтгэл санаагаар хохирдог. Бид ч гэсэн багадаа мэдэхгүйгээс болоод хэн нэгнийг шоолчихдог байсан шүү дээ.

ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА УЛАМ СУЛАРЧ БАЙНА

-Нэр хоч өгөх, энд тэнд муу сурдаг гэж бичих, хэн нэгэнтэй холбож дооглох бол энүүхэнд байлаа. Бараг арван жилийн дурсамж гээд л ярина. Гэтэл одоо бол хүчирхийлэл гэж ойлгож байдаг?

Нийгэм хөгжихийн хэрээр хүний сэтгэл зүйн дархлаа улам суларч байдаг болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл хүн мэдлэг, боловсролтой болох тусам юуг болох, болохгүй ялгах чадвартай болно. Болохгүй зүйлийг мэдрэх төдийд л сэтгэл эмзэглэнэ.

Жишээлбэл, хүн бүхэн адилхан байх албагүй гэдгийг мэддэг хүүхдийг хэн нэгэн матар гэж дуудвал шууд уурлана шүү дээ. Гэтэл бидний аав, ээжийн үед матар гэж дуудаад ямар матар болчих биш гээд л явж байгаа. Хөгширсөн хойноо ч нэгнээ матраар нь дуудаад инээлдэнэ. Гэтэл одоо бол өөр. Хүүхдүүд хуулиа, эрхээ, өөрийгөө мэдэж байна. Хэн нэгэнд дээрэлхүүлэхийг хүсэхгүй байна. Тийм үйлдлийг их эмзэг хүлээж авдаг болсон. Тэр хэрээр сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох, урам зоригоо алдах нь амархан байгаа юм. Нөгөө талдаа дээр үед цахим дээрэлхэл гэж байгаагүй. Бусад хэлбэрийн дээрэлхэл цаг хугацааны эрхээр мартагтаж болдог. Харин цахим дээрэлхэл бол хэзээд ч байж л байдаг. Хэн нэгэн screen shot хийгээд гаргаад ирэх учир хамгийн аюултай. Сургууль дээр гарсан цуу үгийг эцэг эх, багш нар ярилцаад дарж болдог. Харин цахим хэлбэрийн дээрэлхлийг хянах боломжгүй байдаг.

ҮҮНИЙГ ЯАЖ ТАСЛАН ЗОГСООХ ВЭ?

-Үүнээс яаж урьдчилан сэргийлж, таслах зогсоох вэ. Дэлхийн бусад улсад яаж зохицуулдаг юм бол?

-АНУ-д бол муж болгон тусдаа бие даасан хуультай байдаг. Үүнтэй адил бүх сургуулиуд нь өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дундаа Anti bulling police гээд дээрэлхлийн эсрэг журам гаргачихсан байдаг. Тэр журмыг нь сурагчид бүгд мэддэг. Сургууль дээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллахаас гадна School counselor буюу сургуулийн зөвлөх гэж хүн байдаг. Сурагчдад ёс зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ирээдүйн карьерт нь тусладаг. Шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчтэй холбож өгдөг. Манайд бол ийм хүн байдаггүй. Нийгмийн ажилтан байдаг боловч гаднаас ирж буй төсөл, хөтөлбөрт дарагдчихсан суудаг. Юун хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах. Сэтгэл зүйчийн орон тоо ч байхгүй. Уг нь хүүхдийн сэтгэл судлалаар мэргэшсэн хүн байх ёстой. Хүүхдийг хэзээ ч шууд шийтгэж болохгүй. Үе шаттайгаар арга хэмжээ авах ёстой.

Ер нь хүүхдүүд хэдийнээс нэгнээ дээрэлхэж эхэлдэг юм бэ, сургууль уг нь хүүхдийн хувьд хамгийн ээлтэй орчин байх ёстой биз дээ?

-Дээрэлхэл бага ангиас эхлэдэг. Дунд ангид оргил үедээ ирээд ахлах ангиас багасдаг. Өнөөдөр намайг хэн нэгэн дээрэлхвэл хариугаа авахын тулд би маргааш өөр нэгнийг дээрэлхэнэ. Энэ нь гэхдээ цахим хэлбэрээр илэрдэг. Бусдын өмнө үг хэлж, илэрхийлж чаддаггүй хүн далд байдлаар буюу комьютерийн цаанаас бухимдлаа гаргаж эхэлдэг. Цахимаар өөр хүмүүсийг дээрэлхэж хариугаа авна. Яагаад гэвэл намайг хэн ч мэдэхгүй гэж боддог. Уг нь дээрэлхэл бол сургуулийн орчинд байж болохгүй асуудал. Миний хувьд одоо сэтгэл судлалын магистраар суралцаж байгаа. Хичээлийнхээ хүрээнд дунд ангийн 50 хүүхдээс судалгаа авсан юм. Тэгэхэд тэдний 70 хувь нь сургууль бидний хувьд аюулгүй орчин биш гэж хариулсан. Тэгэхээр сургууль дээр ямар нэгэн байдлаар айж ичээх, таагүй байдалд оруулах зүйл болдог гэсэн үг юм.

Дээрэлхэл нэг талдаа сэтгэл зүйн эмгэг үүсгэдэг. Том болсон хойноо ч ангийнхандаа гомдож явдаг. Уулзахыг хүсдэггүй хүмүүс байдаг. Олны өмнө доог тохуу болгож байснаас болоод хөгширсөн хойноо ч тэдний гомдол арилаагүй байдаг. АНУ-ын судлаачдын үзсэнээр

“Дунд сургуульдаа бусдыг дээрэлхэж байсан хүүхдүүдийн 65 хувь нь 24 нас хүрэхдээ ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг” гэжээ.

Манайд даанч одоогоор энэ талын албан ёсны судалгаа  алга. Юутай ч сургуулийн орчинд дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэл зүрх насан туршдаа шархтай үлддэг аж. Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь ч үүнээс хамааралтай. Тэгэхээр сургуулийн орчин дахь дээрэлхэлд томчууд бид анхаарлаа хандуулах цаг аль хэдийн болжээ. Таны хүүхэд хэн нэгэнд дээрэлхүүлдэг юм биш биз?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж