НЭМЭЛТ: 13.00 ЦАГ
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан дөнгөж сая өндөрлөж, Цэцийн даргаар Н.Чинбатыг нэр дэвшүүлэн олонхын санал авч, томилогдов.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.
ЦЭЦИЙН ШИНЭ ДАРГА Н.ЧИНБАТ ГЭЖ ХЭН БЭ?
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.
Н.ЧИНБАТ НЬ 1956 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН.
Боловсрол:
- 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
- 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
- Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр
Ажилласан байдал:
- 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
- 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
- 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
- 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
- 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:
-Монгол Улсын Их Хурлын1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.
Улсын дээд шүүхийн санал болгосноор:
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна
Сануулахад, Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болох хуулийн зохицуулалттай.
НЭМЭЛТ: 11.30 ЦАГ
Цэцийн даргыг сонгох Цэцийн гишүүдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Цэцийн гишүүд бүгд оролцож байгаа бөгөөд хуралдаан Цэцийн даргад нэр дэвшигчийг танилцуулснаар нууц санал хураалт явуулна.
Ингээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Цэцийн даргад томилох юм.
Үндсэн хуулийн Цэцийн шинэ даргыг өнөөдөр /2019.12.02/ тодруулна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдаан Баасан гаригт 11.00 цагт товлогдсон ч зарим гишүүд хуралдаа ирээгүй гэх шалтгаанаар даргаа сонгох хурал хойшлогдсон.
Эрх баригчдын зүгээс Н.Чинбатыг Цэцийн даргад “зүтгүүлж” байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс өнгөрсөн баасан гаригт цуцлагдсан хуралдаан тохиролцож чадаагүйгээс хойшлогдсон болов уу гэх таамаг улс төрийн хүрээнд яригдаж буй. Н.Чинбатын хувьд 2017 онд Цэцийн гишүүнээр томилогдсон бөгөөд Улсын дээд шүүхээс түүнийг санал болгон томилогдож байсан, хуулийн салбарын мэргэшсэн хүн гэдэг. Харин Ш.Солонгын хувьд Засгийн газрын гал тогоог олон жил “базсан”, Хэрэх эрхлэх газарт олон жил ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ