З.Баянсэлэнгэ ба түүний “хамсаатнууд”

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ ба түүний “хамсаатнууд”

З.Баянсэлэнгэ ба түүний “хамсаатнууд”

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, шүүхийг үл хүндэтгэсэн” гэсэн үндэслэлээр хорьжээ.

З.Баянсэлэнгэ нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хаалттай болж, тус шүүхээс түүнд холбогдох хэргийг тусгаарлах шийдвэр гарган, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Шүүх хурал тав хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дахин товлогдох юм.

Хаалттай шүүх хурлын үеэр шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн дүүргийн шүүх, мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр шүүхээс татгалзаж буй шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хангаж шийдвэрлээгүй, харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ. Улмаар З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан байна. Төрсөн дүү нь өөд болж, ажил явдалд нь оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч З.Баянсэлэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байна.

Шүүх хуралд түүний өмгөөлөгч М.Мөнхсайханыг оролцуулаагүй. Үүнтэй холбогдуулан М.Мөнхсайхан өмгөөлөгч "З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй байгаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн байгаа юм. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана" хэмээн мэдэгдсэн билээ. З.Баянсэлэнгэ нарын 11 холбогдогчтой хэрэгт хэн хэн холбогдсон нь олны анхаарлыг татаж буй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгт БХБЯ-ны мэргэжилтэн асан М.Болортуяагаас гадна Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт багтдаг, Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, “Шинжиан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нар болон Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Л.Чинбат нар холбогдон шалгагдаж буй юм байна.

Энэ оны эхэнд Төрийн банкны захирал Д.Баярсайханаас хууль сахиулах байгууллагынхан байцаалт авсан. Улмаар түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, АТГ-ынхан хамтран шалгаж, яллагдагчаар татах саналыг нь Нийслэлийн прокурорын газрынхан хүлээн авсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна.

Эргэн төлөх хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани одоо хүртэл зээлээ бүрэн гүйцэд төлөөгүй гэх. Мөн уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эрүүгийн хариуцлагад татан шалгаж эхэлсэн аж.

Тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвшөөрлөөр 20 тэрбумын зээл авч чадсан гэгддэг “Шинжиан Шинфа” нь 2008 онд Улсын бүртгэлд Сун Гуанг Чен (Sun Guang Chen) гэх Гүйцэтгэх захиралтай “барилгын засвар, засал чимэглэлийн чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлж байжээ. Дараа нь 2017 оны аравдугаар сарын 23-нд “Си Вай Си Кэй” гэх ХХК-ий Сан Гуан Ченийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт Д.Баярсайхан, "Шинжиан шинфан”-ы Сун Гуан Чин нар хэрхэн холбогдсон нь сонирхол татаж буй юм.

З.БАЯНСЭЛЭНГЭ УЛСЫН ТӨСВӨӨС ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ?

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жилийн наймдугаар сард УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. З.Баянсэлэнгийг Засгийн газраас хэрэгжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр буруутгасан юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон мөрдөн байцаалтын шатанд З.Баянсэлэнгэ мэргэжилтэн М.Болортуяагаа "Хуралд орох гээд байна. Хурдан бичиг баримт бүрдүүл” хэмээн шахаж шаардсаар, улсын төсвийн 972.4 сая төгрөг гаргуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргуулсан нь тогтоогдсон. Түүнчлэн “Хангай” хотхоны байрандаа МАХН-ын гишүүн, дэмжигчээс гадна өөрийн хамаатныг оруулсан байсан бөгөөд тэднээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед хамаатных нь дүүгийн нөхөр согтуугаар АТГ-ын мөрдөн байцаагчийн ажилд саад учруулахыг оролдсон тохиолдол ч гарч байжээ.

Засгийн газрын хурлын шийдвэрийн талаар тухайн үеийн сайд нар болох Ч.Сайханбилэг, Д.Баярцогт, Ц.Оюунбаатар, Д.Гантулга нар гэрчийн мэдүүлэг өгсөн билээ.

Хаалттай шүүх хуралдаан дээр шүүгчдэгч З.Баянсэлэнгэ “Сангийн сайд мөнгийг нь гаргаж гарын үсэг зурсан. Мөнгө шилжсэн. Гэтэл өөрөө мөнгийг нь гаргачихаад, эргээд мөнгөө нэхээд хохирогч гээд явж болох уу. 15 тэрбум төгрөг нь Засгийн газрын буюу төрийн мөнгө. Засгийн газар мөнгөө гаргаад худалдаад авчихсан. Хэрэв хохирсон гэж үзвэл Засгийн газар хохирогчоо өөрөө тогтоохоос АТГ, тэр дундаа Сангийн яамыг хохирогчоор тогтоох хууль зүйн үндэслэлгүй” гэж хэлж байжээ.

Шүүх 11 холбогдогчтой дээрх хэргийг гурван өдрийн турш хэлэлцээд, шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9792000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийг "Бэрэн групп”-ээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.

С.Баянсэлэнгийг хорьж саатуулан шалгаж буй тухайд, улсын мөнгөнөөс гурван тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр дахин шалгаж эхэлсэн гэх "таамаг" байгаа аж.

Өмнө нь буюу шүүхийн шийдвэр гарсны дараа ярилцлага өгөхдөө тэрбээр "Төр ямар ч алдагдал хүлээгээгүй. Хэн ч хохироогүй. Хохирсон хүн гэвэл би. Намайг МАХН-ын гишүүн  гэдгээр нь яллаж  байна. Яагаад заавал Сонгинохайрхан дүүрэгт шүүж байгаа юм бэ. Энэ бүхэн учир холбогдолтой гэж би харж байгаа. Дээр нь 2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компанид өгсөн асуудлыг ил болгож, олон нийтэд мэдээлсний хариуд надтай улс төрийн тооцоо бодож байх шиг байна. Энэ бүхэн дээрээс шидсэн чулуу хэдий ч би бууж өгөхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж