Монголын анхны робот хуульч Агирэ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Монголын анхны робот хуульч Агирэ

Монголын анхны робот хуульч Агирэ

Аrtificial intelligence буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд далайн хар салхи шиг хүч түрэн орж ирснээр хүмүүс роботуудад зайгаа тавьж өгсөөр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 он гэхэд роботууд хүн төрөлхтний ажиллах хүчний талаас илүү хувийг хийж гүйцэтгэдэг болно гэсэн тооцооллыг гаргажээ.

Роботууд хавдар илрүүлж, үйлчилгээний салбарт ажиллаж, рубикын шоог төвөггүй эвлүүлж байна. Дэлхийд технологиороо тэргүүлдэг Япон улсаас эхлээд хөгжингүй орнууд товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринийг бий болгоод байна. Монголд роботууд хөдөлмөрийг хөнгөвчлөх хэмжээнд очоогүй ч эхлэл нь тавигдаж байна. Үүний эхлэл нь Монголын анхны хуульч робот Агирэ болж байна.

Робот хуульч иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг өгдөг тул иргэд хүссэн цаг үедээ хоногийн хуульзүйн үйлчилгээ авч болох юм. Хүмүүсийн дунд хамгийн их яригдаж тулгамдсан асуудлын нэг нь болсон  ажил олгогч цалингаа цагтаа олгохгүй байх, ажлын байрны нөхцөл хөдөлмөрийн байдал, найман нэрийн дэлгүүр нээхэд бүрдүүлэх бичиг баримт зэрэг хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудалд Агирэ ердөө нэг  минут ч хүрэхгүй хугацаанд  хариулах аж.

Монголын томоохон хуулийн фирм болох "ЭмДиЭс энд Хаанлекс" ХХН иргэдэд хууль зүйн зөвлөгөөг хүртээмжтэй хүргэх зорилгоор Агирэг бүтээсэн байна. Монголдоо анхлан хууль зүйн үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилан иргэдэд хүргэж буй тус хуулийн фирм өнгөрсөн амралтын өдөр робот хууль Агирэг танилцуулсан нь энэ юм.

ХУУЛЬЧДЫН ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ РОБОТ ХУУЛЬЧ АГИРЭ ХӨНГӨВЧИЛЖ БАЙНА

"ЭмДиЭс энд Хаанлекс" хуулийн фирмийн хуульч Н.НЯМБАЯР: 

-Робот хуульчийг хэрэглээнд нэвтрүүлснээр хуульчдын ажлын  ачааллыг хөнгөвчилж байгаа. Хүн нэг дор олон хүнд зөвлөгөө мэдээлэл өгч үйлчилж чадахгүй. Харин робот нэг дор олон хүнд үйлчилж чадна. Бас ядрахгүй. Тиймээс цаг харгалзахгүй ажиллана гэсэн үг. Монголд хүн бүр хууль зүйн зөвлөгөөг авах боломж байхгүй. Мэдээж төлбөр мөнгө, цаг зав гээд олон шалтгаан бий. Агирэ бол долоо хоногийн аль ч өдөр 24 цагийн дотор иргэдэд чатботоор  өөрт тохирсон мэдээлэл, гэрээ өгөх байдлаар үндсэн хоёр үйлчилгээг үзүүлэх юм. Робот хуульчиас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажил олгогч гэж хэнийг хэлэх вэ, цалингаа тогтмол өгөхгүй бол яах вэ зэрэг хөдөлмөр эрхзүйтэй олон асуултад хуулийн дагуу үнэн бодит мэдээллийг авч болно. Мөн ойролцоогоор 170 гаруй төрлийн хөдөлмөрийн гэрээг гаргаж байгаа юм. Ажилтан болон ажил олгогч 5-7 минутад гэрээ авч болно. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашид бид хөгжүүлэлтэд нь илүү анхаарч хүмүүстэй фэйсбүүкээр шууд залгах ярьдаг болгох тал дээр ч бас анхаарна гэлээ.

Тэд юуны өмнө нэг сарын хугацаанд твиттер, фэйсбүүк, инстаграммд “Хуулиа мэдье” аяныг зохион байгуулсан аж. Богино хэмжээний бичлэг, подкаст, хуулийн заалтын тайлбар бүхий зураг зэргийг цахим орчинд түгээсэн нь 220 мянган хүнд хүрч чаджээ. Мөн сар гаруйн хугацаанд маш олон мянган хүн хэрэгтэй хуулийн зөвлөгөөгөө авч чадсан байна.

Та Агирэд хандсанаар хэзээ ч, хаанаас ч хууль зүйн үйлчилгээг компьютер, таблет, гар утаснаасаа авах боломжтой.

Агирэг ашиглан нэгдүгээрт хөдөлмөрийн эрх зүйн баримт бичиг боловсруулах, хоёрдугаарт хөдөлмөрийн эрх зүйн чатботоос хариулт авах гэсэн хоёр үйлчилгээ авна. Таны оруулсан мэдээллийн дагуу хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг хоромхон зуур танд боловсруулж өгөх юм.

Агирэ  гэдэг нь ямар нэг үгийн товчлол биш. Мөн хэд хэдэн өөр үгийн ч нийлбэр биш, харин iGeree гэсэн үгийг кириллээр бичсэн хэлбэр юм.  iGeree мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн оновчтой байдлаар хүргэх, дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм байна.

РОБОТ ХУУЛЬЧ АГИРЭ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Хиймэл оюун ухаан ашиглан, хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эрх, үүрэг, хариуцлага, эрхээ хамгаалах боломж болон мэдэх шаардлагатай бусад асуудлаар 24 цагийн турш хаанаас ч холбогдсон танд тусалж чадах бөгөөд нэгэн зэрэг олон хүнд үйлчилж чадах юм байна.

Хиймэл оюун ухаан гэдэг нь компьютерын программ хангамжаар бүтээсэн, хүний оюун ухаантай ижил загварчлал бүхий технологийн ухаалаг шийдэл юм. Өгөгдөл таних, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, өөрөө суралцах зэрэг хүний хийж чаддаг үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн чатботыг бүтээхдээ хиймэл оюун ухааныг хөдөлмөрийн хуулийн дагуу сургажээ. Та өөрийн ухаалаг төхөөрөмжөө ашиглан түүнээс хөдөлмөрийн хууль, эрх зүйтэй холбоотой асуултдаа хариулт авч болно.

АГИРЭ ХҮНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ОЙЛГОХГҮЙ

Гэхдээ Агирэ хүний сэтгэл хөдлөлийг ойлгохгүй ба таны асуусан асуултад л хариулах болно. Тэр ярихгүй, хөдлөхгүй зөвхөн чатботоор л таны асуултад хариулт өгөх юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хууль тогтоомжоос бусад асуудлаар нэг ч үг, утга, илэрхийллийг ойлгохгүй. Мөн Шүүх хуралдаанд оролцохгүй ба шүүгчид сэтгэгдэл төрүүлэхүйц өөрийгөө илэрхийлж чадахгүй учир Агирэ одоохондоо хуульчийг 100 хувь орлож чадахгүй аж. Хэрэв та Агирэ хуульч роботоос хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг хүсвэл гар утсандаа IGeree апплекэйшн суулгах юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж