Хөндүүр сэдэв: Амжилтын ард нуугдсан хүчирхийлэл

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Хөндүүр сэдэв: Амжилтын ард нуугдсан хүчирхийлэл

Хөндүүр сэдэв: Амжилтын ард нуугдсан хүчирхийлэл

Тамирчны алдар хямдхан олддоггүй. Гялалзсан их амжилтын цаана олон жилийн тэсвэр хатуужил, хөлс хүч, байгалиас заяасан авъяас дээр нь хувийн амьдралаа золиослоход ч хүрдэг. Гэхдээ амжилт гаргахын төлөөх энэ бүх олон саад бэрхшээлийг  үнэгүйдүүлж, хүсэл мөрөөдлийн их жигүүрийг тас татаж хаядаг хамгийн том “дайсан” нь ялагдал, бэртэл гэмтэл, чадварлаг өрсөлдөгчид биш. Тэдний эрхэм багш нь хэмээх дасгалжуулагчид нь аж. Эмэгтэй тамирчдад үзүүлж буй бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл нь тэдний  амжилтаас хойш нь чангааж, бас зарим тохиолдолд спортын салбараа гомдол дүүрэн нулимстай орхих нь ч бий.

БЭЛГИЙН ДАРАМТ, СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЛЭЭС БОЛЖ МӨРӨӨДЛӨӨ ОРХИСОН

“Би өөрөө бэлгийн дарамтад өртөхөөсөө өмнө өртсөн нэг эмэгтэй тамирчиндаа туслахыг хичээн ажиллаж байсан ч санаснаараа ажлаа дуусгаж чадаагүй. Энэ тохиолдол бол сэтгэл санааны хувьд маш их цохилт болдог. Мартагдахааргүй, мөн ажил дээрээ гадуурхагддаг болдог тул ажлаасаа гарч дуртай ажил, зорилгоо бүгдийг нь орхих болсон нь харамсалтай” гэж “Эмэгтэй удирдагч санг”-ийн судалгаанд оролцсон тамирчин эмэгтэй хэлжээ.  Тэрбээр  “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааны үеэр ганцаарчилсан уулзалтад оролцохдоо ийнхүү ярьжээ. Тэр бол тамирчин, тамирчин явсан монгол бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл.

Нийгмийн хамгийн гэгээлэг салбарынхны нэг болсон спортынхонд бэлгийн дарамт далд хэлбэрээр амь бөхтэй оршиж буйг “Эмэгтэй удирдагч сан”-гийнхан олон нийтэд ил болгож чадсан юм. Тус сангаас энэ жил хийсэн судалгааны ганцаарчилсан уулзалтад хамрагдсан есөн хүн спортын салбарт бэлгийн дарамт байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн бол бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон талаар сонссон 20 тамирчин байжээ. Харин энэ төрлийн дарамтад өртсөн талаар гомдол ирж байсан эсэхийг  Холбооны удирдах албан тушаалтнуудаас тодруулахад 50 хувь нь “Тийм” гэж хариулсан байна.

Спортын салбарынхны нэр хүндийг гутааж буй уг асуудал анх удаа яригдаж буй биш юм. Тухайлбал, 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин мөн 2012 болон 2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчдаас бэлгийн дарамтад өртөж байсан. Сүүлийн тохиолдол одоо хүртэл шийдэгдээгүй. Тамирчин шүүхэд хандсан. Энэ тохиолдлууд ил гарч мэдэгдсэн гэдгийг спортын салбарын нэр бүхий удирдах ажилтан дээрх судалгаанд оролцохдоо хэлжээ.

Ялангуяа ганцаарчилсан спортын тамирчин охидод ийм дарамт байнга ирдэг гэнэ. Жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг, тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэтэл биед нь хүрэх зайлшгүй нөхцлийг далимдуулах тохиолдол олон удаа давтагддаг болохыг эмэгтэй тамирчид хэлжээ.  Энэ талаар 2002 оноос хойш Жендерийн тэгш эрхийн асуудлаар тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаагийн хэлснээр тус төвөөс энэ оны зургадугаар сард спортын салбарт явуулсан судалгаанд оролцогчид дасгалжуулагчид биед нь хүрэх, эмзэг цэгт олон удаа хүрэх тохиолдол давтагдаж байсан аж. Ялангуяа жудо бөх, хүндийн өргөлт зэрэг  спортын төрөлд ийм төрлийн бэлгийн дарамт байгаа нь  судалгааны дүнгээс ажиглагдсан байна. Тиймээс эмэгтэй тамирчид эмэгтэй дасгалжуулагчтай болох, тэдний эрүүл аюулгүй тав тухтай орчинд бэлтгэл сургуулилтаа хийх орчин нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАД ЭМЭГТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛОХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ТАВ ТУХТАЙ ОРЧИНД АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

“Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.БОЛОРМАА:

Бид жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг олон жил тэмцэж байна. Үүн дотор ажлын байрын бэлгийн дарамтын асуудлаар Монголд  2002 оноос эхлэн судалгаа явуулж, олон ажил зохион байгуулж ирсэн. Судалгаагаар төрийн байгууллагууд болон боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамт газар авч буй нь ажиглагдсан. Харин энэ жил анх удаа спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт байдаг эсэхийг тодруулахаар судалгаа явуулсан. Судалгааны дүнгээр, спортын салбарт жендерийн талаас тусгасан хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй болох нь тогтоогдсон. Мөн бэлгийн дарамт хүчирхийлэл дасгалжуулагч, тамирчдын хооронд үйлдэгдэж буй нь  судалгааны дүнгээс ажиглагдлаа. Эрэгтэй дасгалжуулагчид биеийн эмзэг цэгүүдэд далимдуулан хүрч, бэлгийн дарамт үзүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэй тамирчдад эмэгтэй дасгалжуулагч байх хэрэгтэй. Эмэгтэй тамирчид тусдаа хувцас солих өрөөтэй байх, тусдаа душ, саун, ариун цэврийн өрөөтэй байх, холын бэлтгэлд эрэгтэй эмэгтэй тамирчид дасгалжуулагчид тусдаа байх гэх мэт маш олон асуудлыг шинэчилж өөрчлөх шаардлагатай талаар бид Биеийн тамир спортын хороо, Үндэсний олимпийн хороонд зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийг удахгүй хэрэгжүүлж спортын салбарт олон шинэчлэлтийг бий болгоно гэдгийг шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хэлж, санамж бичиг байгуулсан гэлээ.

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАДАА БИЕ БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЗҮҮЛДЭГ

Энэ бүхнээс гадна эмэгтэй тамирчдын эрх маш ноцтойгоор зөрчигддөг олон асуудал бий. Тэмцээний өмнө жингээ үзүүлэхийн тулд эрчүүд дунд нүцгэн жин дээр зогсохоос өгсүүлээд олон “ичмээр”-ийг давдаг аж. Жин үздэг хяналтын баг, шүүгч, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд учраас тэр. Спортын ертөнц хатуу, тухайн оролцох гэж буй тэмцээн нь 55 кг жин гэж заасан л бол тэр л жиндээ байх ёстой. Хэрэв 100 гр илүү  байгаа тохиолдолд шаардлагатай бол дотуур хувцсаа тайлахаас өөр аргагүй аж. Гэтэл хэчнээн эр зоригтой, тэсвэр хатуужилтай тамирчин байсан ч эмэгтэй хүнийхээ хувьд энэ нь тэдний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал мөнөөс мөн. Ганцаарчилсан спортын тамирчин охидын хувьд мэх заалгах, арга техникийн сургуулилтын үеэр дасгалжуулагч болон бусад нь биед хүрэх нь бас л “ичмээр”-ийн нэг. Энэ мэтчилэн тэд олон “ичмээр”-ийг давж, саад бэрхшээлтэй нүүр тулдаг ч бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл нь хувийн амьдрал, амжилтаас нь хойш татсаар байна.

Хохирогч болсон эмэгтэй тамирчдын хувьд ихэнх нь хаана хэнд хандахаа мэдэхгүй, мэдсэн ч сэтгэлзүйчид хэлэх, хамт олноосоо санаа зовдог нь бэлгийн дарамт нуугдмал байдалтай лавшрах нэг шалтгаан болдог аж. Энэ талаар судалгаанд оролцсон эмэгтэй тамирчид бэлгийн дарамт нуугдмал хэлбэрээр байдаг гэж хариулсан ч ихэнх нь өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэж хариулжээ. Мөн эмэгтэй тамирчдад биеийн болон сэтгэл зүйн дарамтыг дасгалжуулагчдын зүгээс үзүүлдэг гэж хариулсан байна. Тэд  “чимээгүй” байдгийн шалтгаан нь Шигшээ багийн тамирчны бүрэлдэхүүнээс хасагдах, уралдаан тэмцээнд оролцох эрхээ алдах, цаашид спортын төрлөөрөө хичээллэх боломжгүй болох вий гэсэн айдас, болгоомжлол зэргээс шалтгаалан тэвчээд өнгөрдөг аж. Гэтэл энэ байдал нь тэвчээр бус харин чимээгүй өнгөрснөөрөө нэр төрөө улам алдах, өөртөө итгэлгүй болох, тухайн этгээдийг давраах нөхцлийг нь бүрдүүлдэг болохыг “Эмэгтэй удирдагч сан”-гийнхан тодотгож буй. Тус сангийн тэргүүн М.Болормаа “Тухайн хүний нэр хүнд, хамт олон, гэр бүл салалт зэрэг олон асуудал байдаг учраас эмэгтэйчүүд төдийлөн бэлгийн дарамтын хохирогч болсноо ярьж, ил болгож чадахгүй байна. Ялангуяа тамирчдын хувьд бэлгийн дарамтад өртөж байгаа хэрнээ ил болгож чадахгүй байгаа нь амьдрал, ажилтай нь салшгүй холбоотой. Нөгөөтэйгүүр эмзэг газар нь хүрэх, бэлгийн сэдэлтэй онигоо ярих зэргийг манайхан ердийн үзэгдэл мэтээр хандаж байгаа учраас ажлын байрны бэлгийн дарамт лавширч байна. Ийм асуудлууд байдаг учраас бид мэдлэг мэдээллийг түгээх хэрэгтэй, хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд хүмүүст мэдлэг олгох нь чухал, хууль эрхзүйн орчныг сайжруулснаар энэ төрлийн хэргийг бууруулж чадна” хэмээсэн юм.

Хэдийгээр спортын салбарынхан тамирчдынхаа эрүүл мэнд, сэтгэлзүйд багагүй анхаардаг боловч тэр тусмаа сэтгэлзүйчид нь нарийн мэдрэмжтэй ажиллах ч шаардлага байгаа юм. Тус салбар тамирчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйг анхаарсан бүхэл бүтэн эрүүл мэндийн хүрээлэнтэй. Гэвч тэмцээний өмнөх болон дараах сэтгэлзүй, ахуй амьдралтай холбоотой сэтгэл санааны байдлыг нь анхаардгаас бус хохирогч болоод буй тамирчдын сэтгэлзүйг анхаарах, тэдний мэдээллийг нууцлах нь хамгаас чухал болоод байгаа юм. Учир нь бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэй тамирчид хамт олноосоо санаа зовох, ичих мэдрэмжээсээ болоод сэтгэлзүйчид асуудлыг хэзээ ч ярьдаггүй байна.

Тэгвэл спортын сэтгэл судлаач З-гийн  хэлснээр тамирчид сэтгэлзүй болон хууль эрхзүйн мэдлэгтэй болсноор өөрт тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлж болох аж. Түүний хэлснээр бэлгийн дарамт болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тамирчин хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Тиймээс өөрт тохиолдож буй асуудлыг нарийн мэдэж, тодорхойлдог байх, сэтгэлзүйн боловсрол мэдлэгтэй болох шаардлагатай, мөн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг  зөвлөсөн.

               БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ ХҮЧ ТАМИРЧИН ХҮН БҮРТ БИЙ

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, практик сэтгэл судлаач, спортын сэтгэл судлалын докторант Б.Золзаяатай энэ талаар цөөн хором ярилцлаа. 

-Тамирчид бэлтгэл сургуулилтдаа анхаардаг шиг сэтгэлзүйдээ хэр их анхаардаг вэ. Сэтгэл зүйчид хандаж буй тамирчид ихэвчлэн ямар асуудлаар  тусламж, зөвлөгөө авдаг бол?

-Тамирчид сэтгэл зүйчид хандахыг хүсдэг хэрнэ хаана, яаж, хэнд хандахаа мэддэггүй бас төлбөр төлөх боломжгүй зэрэг олон шалтгаанаас хандах нь ховор байна. Манай хүрээлэнгийн спортын сэтгэл зүйн алба энэ оноос албан ёсны тусгай хөтөлбөрийн дагуу тамирчидтай ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаагүй. Бид цөөхөн тамирчидтай ажиллаж тэд маань амжилт гаргаж байсан тохиолдол бол байгаа. Өөрөөр хэлбэл албан ёсоор нэгдсэн зохион байгуулалттай алба ажиллаж эхэлснээр олон тамирчид ирэх байх бодол байгаа. Тухайлбал бид спортын сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулж их спорт эмэгтэйчүүд төрийн бус байгууллагатай хамтран өндөр зэргийн эмэгтэй тамирчидтай ажиллаж эхлээд удаагүй байна. Хөтөлбөрийн үр дүн сайн гарах байх гэсэн итгэл байгаа. мар үед спортын сэтгэл зүйчид ханддаг вэ гэвэл тамирчдын хувьд дийлэнх нь тэмцээн уралдаанд дараалан олон ялагдсан тохиолдолд мөн бэртэл гэмтэл авах, урт том зорилго тавьсан хугацааны бэлтгэлжилтийн дараа уралдаан тэмцээндээ амжилтгүй оролцох зэрэг шалтгаануудаас сэтгэл зүйчид хандах тохиолдлууд байгаа. Бас тамирчин дасгалжуулагч төдийгүй гэр бүлийн гишүүд хоорондын харилцааны асуудал нь сэтгэл зүйч дээр ирэх нэг шалтгаан болдог. Мөн тамирчдын өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж, урам зориг нь хугарсан үед ч бидэн дээр ирэх тохиолдлууд байгаа. Эдгээр бүх шалтгаан нь сэтгэл санаагаар унаж урам зориг хугарахад хүргэдэг учраас сэтгэл зүйчээс зөвлөгөө тусламж авах хэрэгцээ тамирчдад их байдаг гэж бодож байна. Жишээлбэл тамирчид хамгийн өндөр стресст өртөх магадлалтай байдаг гэсэн судалгааны үр дүнгийн талаар саяхан олж уншсан. Тиймээс сэтгэл зүйчид хандаж байгаарай.

Тамирчид сэтгэлзүйн бэлтгэл хангахын тулд сэтгэл зүйчтэй хамтран ажиллах шаардлагатай юу?

-Сэтгэл зүйчид хандаж байгаа бас нэг томоохон эерэг шалтгаан нь тамирчид тив, дэлхий, олимпын уралдаан тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ хангах зорилгоор ирж байгаа энэ нь дандаа сөрөг асуудал үүсэхээр ирдэг гэсэн үг биш. Өмнөх амжилтаа ахиулах зорилгоор гэсэн үг.  Тамирчин хүн өөрийн сэтгэл зүйгээ бэлтгэх гэдэг нь техник, тактикийн бэлтгэлийн төлөвлөгөөтэй ижил тодорхой цаг хугацааг тусгасан төлөвлөгөө хөтөлбөртэй, сэтгэл зүйн зүйн дасгал даалгавар бүхий сургалт, тренингтэй, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг явуулах гэх мэт шинжлэх ухааны үндэслэл бүхий хөтөлбөр юм. Спортын сэтгэл зүйчдийн хувьд тухайн тамирчныг амжилт гаргахад нь санаа бодол болон тархийг нь дасгалжуулж тэдэнд тусалж дэмжих ажлуудыг явуулдаг. Бидний энэ зорилго биелэх эсэх нь тамирчин хүн өөрийн хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс маш их хамааралтай байдаг. Тамирчин хүний өөрөө сэтгэл зүйн дасгал даалгаврыг хийх хичээл зүтгэлийн үр дүнд сэтгэл зүйн бэлтгэл ч мөн адил хангагдана. Нэмээд хэлэхэд сэтгэл зүйч, дасгалжуулагч, тамирчин гурвын харилцан хамтын ажиллагаа маш чухал төдийгүй итгэлцлийн харилцаа үүссэн үед амжилт заавал ирдэг. Итгэлцлийн үндсэн дээр амжилт гаргасан тод томруун жишээнүүд зөндөө бий.

-Сэтгэл санаа тогтворгүй байх нь тэмцээнд ялагдах гол шалтгаан болох уу?

-Тамирчны сэтгэл санаа тавгүй, тогтворгүй буюу ямар нэг асуудалд зовниж түгшсэн, айж сандарсан байгаа бол мэдээж тухайн спортдоо амжилт гаргаж чадахгүй. Сэтгэл зүйн тогтворгүй байдал хувь хүний амжилтад сөргөөр нөлөөлнө. Энэ тогтворгүй байдал нь тамирчин хүнээс хүлээж байдаг амжилт түүнээс үүдэлтэй  дарамт, стресс зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж болно. Тухайн тамирчны  гаргасан амжилт ч бай ялагдал ч бай аль алинд дасгалжуулагч нөлөөлдөг чухал хүн нь байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл дасгалжуулагч тамирчин хоорондын харилцаа сайн байх хэрээр амжилт гаргах магадлал өндөр байх нь тодорхой. Үүнтэй ижил дасгалжуулагчийн зүгээс ямар нэгэн дарамт, ямар нэгэн хүчирхийлэл үүсч харилцаа түгшүүртэй байдалд байгаа бол тамирчны амжилт төдийгүй сэтгэл зүйд маш ихээр сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн тамирчны цаашдын өсөлт хөгжил, амжилт зогсох нэг хүчин зүйл болно. Дарамт хүчирхийлэл нь сэтгэл зүйн хувьд тамирчныг ялгаварлан гадуурхах, үл хайхрах, ганцаардуулах, санаа бодлыг нь хүлээж авахгүй байх гэх мэт нөхцөлүүдэд ч үүсч бий болно. Тиймээс тамирчны сэтгэл санаа тайван байх нь амжилтын нэг томоохон хүчин зүйл юм. Стрессийн хүчийн зүйл хэдий чинээ олон дахин давтагдаж үүсэх тусам тамирчны хандлага, урам зориг хугарсаар цаашид өрсөлдөх чадвараа алдаж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд асуудал гарна.

-Амжилт гаргасан тамирчдын цаана дарамт хүчирхийлэл байдаг гэх асуудал сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхий дахинд хөндөгдөж байна. Сэтгэл санааны дарамтад өртсөн ч тухайн тамирчин амжилт гаргах боломж бий юу?

-Дарамт гэдэг бол сэтгэл зүйн хувьд тайван биш байгаа бүхий л нөхцөлүүдийг хэлж болно. Тамирчин хүн ямар нэгэн дарамт шахалт, эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол тэдний хувьд амжилт ярьж чадахгүй. Ийм нөхцөлд томоохон уралдаан тэмцээнд амжилт гаргана гэдэгт миний зүгээс илтгэлгүй байна. Нөгөө талаас тухайн тамирчин дарамт, хүчирхийлэлд өөрийгөө өртөж байгааг хэвийн зүйл мэтээр ойлгож бодит байдлыг ухамсарлахгүй, нэр төрөө сэвтээхээс санаа зовох, хэн нэгэнтэй харилцаагаа муутгахаас санаа зовж тэр зүйлтэйгээ эвлэрч байгаа бол сэтгэл зүйн хувьд энэ мөн л маш том асуудлуудын нэг. Хэн нэгэн тамирчин аль нэг хүчирхийллийн хохирогч нь болж байгаагаа мэдсэн хэрнээ хэлж илэрхийлж чадахгүй яваа бол амжилт гаргах тухай ярих боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүний амьдралын зорилго спортын зорилго хоёр өөр өөр байдаг. Тэгвэл туршлага багатай тамирчид амьдралын зорилгоо зөвхөн спортын амжилтаар хязгаарлаж хэт спортын амжилт гаргах руу анхаарлаа хандуулснаар өөрийн үнэт зүйлээ алдаж болох юм.  Энэ тийм ч сайн зүйл биш гэж бодож байна. Тиймээс тамирчид ямар нөхцөл байдалд бэлтгэл сургуулилтаа хийж байгаагаа бодитоор үнэлдэг байх нь чухал. Бодит нөхцөл байдлыг ойлгохын хэрээр мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь ач холбогдол өндөртэй болохыг би маш олон удаа хэлж байна. Иймээс ч бид тамирчдад сэтгэл зүйн боловсрол олгох чиглэлээр сүүлийн үед маш олон ажлыг явуулахаар төлөвлөж байгаа. Эцсийн бүлэгт ямар нэг дарамт хүчирхийллийг хараад дуугүй өнгөрөх эсвэл өөрөө тэр зүйлтэйгээ эвлэрвэл тамирчид өөрсдөө л хохирогч болж үлдэнэ. Тэгэхээр бидний хийх нэг чухал ажил бол эрх зүйн боловсрол, хоёрдугаарт, сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Тамирчид техникийн ур чадвараа дээшлүүлж өдөр бүр бэлтгэлээ хийх явцдаа нийгмийн салбар бүрийн талаарх мэдлэгээ дээшлүүлж байх нь эцсийн том зорилгодоо хүрэхэд тустай. Ажлын байран дээр үүсдэг бэлгийн дарамт спортын салбарт ч байгаа. Энэ асуудал зөвхөн манай улсад биш дэлхий дахинд яригдаж байгаа тулгамдсан асуудал болоод байгаа талаар багш дасгалжуулагч, тамирчин, мэргэжлийн судлаачид, сэтгүүлчид ярьж байна. Бид ч бас чимээгүй байж болохгүй. Зөвхөн эмэгтэй тамирчдад ч биш эрэгтэй эмэгтэй бүх л тамирчдад төрөл бүрийн дарамт шахалт төдийгүй сэтгэлээр унах, ялгаварлан гадуурхагдах, стрессдэх нөхцөл байдал тохиолдож болох учраас тайван амгалан бэлтгэл сургуулилтаа хийх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарах, тамирчдад сэтгэл зүйн болон эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна. Мөн гэр бүлийн боловсролоо дээшлүүлэхэд нь ч тэдэнд туслах хэрэгтэй. Тамирчин бүр аюулгүй орчинд, итгэлцэл халуун дулаан уур амьсгал дунд бэлтгэл сургуулилтаа базаах орчин нөхцөлийг бүрдүүлснээр амжилтаа ахиулах боломжтой гэдэгт итгэлтэй байна.

ТАМИРЧИД ДУУГАРЧ ЭХЭЛСНЭЭР АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛНО

Спортын салбарт ужгирч буй бэлгийн дарамтыг тамирчид нуух биш зоригтойгоор илэрхийлэх, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, олон нийт үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэснээр энэ асуудлыг бүрэн шийдэж  чадна гэж  мэргэжилтнүүд зөвлөж буй. Дэлхий дахинд ч бас ийм жишээ олон бий. Өнгөрсөн жилээс олон улсад өрнөж эхэлсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн энэ оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын спортын ертөнцийг донсолгосон.  Гүйлтийн тэшүүрийн алдарт тамирчин, олимпийн хошой аварга Шим Сук Хиг дасгалжуулагчдаа хүчирхийлүүлж байснаа илчилж, дасгалжуулагчийнхаа эсрэг зарга үүсгэсэн нь  солонгосчуудыг шуугиулсан. Тамирчин Шим Сук Хигийн дасгалжуулагч нь түүнийг байнга зодож, дарамталдаг байсан бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн өмнөхөн ч бас толгой руу нь хүчтэй цохиж, гэмтээснийг “Сөүл Шинмүн” сонинд нийтэлж байв. Түүнийг хүчирхийлж байсан дасгалжуулагчид хатуу шийтгэл ногдуулахыг хүссэн цахим өргөдөлд 246 мянга орчим хүн гарын үсэг зурсан байдаг. Гүйлтийн тэшүүр, газрын тенниснээс гадна жүдо, таеквондогийн эмэгтэй тамирчид ч бас дасгалжуулагчдадаа хүчирхийлүүлдэг байснаа илчилж #MeToo хөдөлгөөнд нэгдэж байсан юм. Тухайлбал, жүдогийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Си Ю Ён, зодог тайлсан таеквондогийн тамирчин тэргүүтэй хүмүүс өөрийнхөө түүхийг зориг гарган дэлгэсэн түүхтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж