Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндөнө хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү айлчлал 2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд товлогдсон бөгөөд айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Москва хотноо ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болж, энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ажээ.

Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа сэдэв нь хийн хоолойн асуудал юм. Ялангуяа энэ оны есдүгээр сард Монголд нэг өдрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дараагаас хийн хоолой үнэхээр Монголын нутгаар тавигдах магадлалтайг нотолсон хэд хэдэн үйл явдал болсон. Монголд хийсэн айлчлалаас буцаж очингуутаа Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын ерөнхийлөгч Алексей Миллертэй уулзан Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон. Үүний дараахан есдүгээр сарын 11-ний өдөр Абу Дабид болсон Дэлхийн Эрчим хүчний конгрессийн үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Монгол улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж хийн хоолойн тавих асуудлаар хамтарсан ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Энэ хоёр үйл явдал нь хийн хоолойг Монголыг нутгаар дайруулах улс төрийн шийдвэрт нийлүүлэгч Орос, хэрэглэгч Хятадын хооронд хийгдсэн гэсэн үг юм. Нефть, байгалийн хий зэрэг стратегийн бүтээгдэхүүний төслүүдийн хэрэгжилт улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.

Оросоос Хятад руу нийлүүлэх хийг өөрийн нутгаар дамжуулах санааг монголчууд илэрхийлээд даруй 20 гаруй жил болж байгаа. Оросууд ч Хятад руу байгалийн хий нийлүүлэх хүсэлтэй илэрхийлээд бараг 20 жил болж байна. Хятад руу нийлүүлэх байгалийн хийг “Сила Сибири-2” буюу Монгол, Казахстантай хиллэх Оросын хилийн зурвас газраар тавих төсөл урагш муутай байгаа. Нэгдүгээрт, энэ төсөл газар зүйн хувьд хүндрэлтэй газраар тавигдах учраас эдийн засгийн хувьд асар их хөрөнгө шаардаж байгаа, хоёрдугаарт, хийн хоолойн дайран өнгөрөх газар нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн дархан цаазат газраар дайран өнгөрөх учраас эсэргүүйцэлтэй тулах нь ойлгомжтой, гуравдугаарт, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай Хятадын баруун хэсгээс илүүтэй зүүн хэсгийн бүс нутагт хийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа. Тэгээд ч Хятадын баруун хэсгийн хийн хэрэглээг Туркмен хангаад олон жил болж байна. Туркменийн хий нь Оросоос нийлүүлэх хийнээс үнийн хувьд хамаагүй хямд, учир нь, хийн хоолойг хятадууд өөрсдөө барьсан. Баруун чигийн энэ төслийг хийн хоолойн Алтайн хувилбар гэж бас нэрлэдэг.

Харин Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолой нь хэд хэдэн давуу талтай. Алтайн хувилбарыг бодвол 1000 орчим км-ээр татуу, хоолойн тавих газрын газар зүйн байрлал бартаа багатай учраас зардал хэмнэх боломжтой, гуравдугаарт, Монголын нутгаар нийлүүлэгдэх хийг Ямалын ордоос нийлүүлэх бөгөөд Ямалаас Томск, Красноярск, Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар, Эрээн чиглэлээр дамжина. Энэ нь Оросын Сибирийн томхон хотуудын хийн хэрэглээг давхар хангах боломжийг өгч байгаа юм. Харин Алтайн хувилбар нь Оросын талаас хэрэглэгчийн шинэ зах зээл бараг үүсгэхгүй.

"Газпром" нь Хятад руу хоёр чиглэлээр байгалийн хий нийлүүлэх мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2014 онд “Газпром” болон Хятадын төрийн өмчийнCNPC компанитай  байгуулсан гэрээний дагуу зүүн маршрут буюу “Сила Сибири” хоолой баригдаад дууссан энэ сардаа эхний нийлүүлэлтийг хийх юм. Харин хоёр дахь буюу баруун маршрутыг тавих шийдвэр 2015онд гарсан ч нь өнөөг хүртэл яригдсаар эцсийн мөчид чиг нь өөрчлөгдөх болж байна. Монголыг дайран өнгөрөх маршрутыг “Степной поток” хэмээн Оросын хэвлэлүүд нэрлээд байгаа.

Хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах нь Байгаль нуурт цутгадаг голууд дээрээ усан цахилгаан станц барих Монголын төслийг гацааснаас үүдэн гарч байгаа зөрчилдөөнт байдлыг намжааж, Монголын эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэр болох юм. Усан цахилгаан станц барих Монголын саналыг Орос удаа дараа няцааж, хэрэгтэй бол бид нийлүүлэхэд бэлэн гэсэн тайлбараар монголчуудын амыг хаасаар удаж байгаа.

Хэдийгээр эдийн засгийн тооцооны эцсийн хувилбар гараагүй ч “Степной поток” тавигдвал Оросоос Хятад руу жилдээ багадаа 12 тэрбум куб.метр, Монголд 3-3.5 таван тэрбум куб.метр хий нийлүүлэх боломжтой. Хоолойн урт 1300-1500 км байх бөгөөд урьдчилсан байдлаар 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай.

Монголоор дайруулан хийн хоолой татах төсөл шинэ зүйл биш. Бүүр 1980-аад оны үед Орос, Монгол, Хятад гурван улсын хооронд яригдаж байсан. Гэсэн ч тухайн үед Хятадын зах зээлийн байгалийн хийн хэрэгцээг өндөр байгаагүйгээс асуудал өндөр аваагүй. Харин одоо бол Хятадын байгалийн хийн хэрэглээ улам ихэсч байгаа нь энэ төсөл хэрэгжих үндсэн нөхцөл болж байгаа юм. Бүс нутгийн улс төрийн нөхцөл тогтвортой байж, Солонгосын хойг бүрэн утгаараа нээлттэй болбол “Степной поток”-оос Солонгосын хойг руу салаалах боломжийгч Оросын шинжээчид үгүйсгэхгүй байгаа талаар Оросын хэвлэлүүд бичиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж