Монголын түүх уйлж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Монголын түүх уйлж байна

Монголын түүх уйлж байна

Зарим  байшин  түүхэн дурсгалт зүйлсийг дотроо агуулж байдаг бол  өөрөө түүхийн баримт, дурсгал болсон байшин  барилга ч Монгол Улсад цөөнгүй бий. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилга, байшингуудыг харж хамгаалдаг, арчилж торддог эзэнгүйгээс болж цөвүүн цагт мөхөөгүй музей энх цагт сүйдэж эхэллээ. Тодруулбал,  Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих  шийдвэр гаргасан  билээ. Улмаар хуучин газар дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, төрийн бус байгууллага  эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Өнгөрсөн аравдугаар  сарын 21-ны өдөр болсон шүүх хурлаар Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн.

Гэвч Засгийн газар иргэдийнхээ эсрэг давж заалдан, шүүхийн шийдвэр тэдний  талд гарж, нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нурааж эхэлсэн юм. Уг нь тус музей нь 2015 онд Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар тус музейн барилгыг нураах ажлыг гүйцэтгэгч компани музейн ар хэсгийг тэр чигт нь нураажээ. Монгол орны байгалийн ховор нандин олдвор,шинжлэх ухааны асар үнэтэй баримтуудыг хадгалж,нандигнаж буй байгалийн түүхийн музей  үзэгчдэд ийнхүү эх орныхоо байгалийн асар баян түүхээс ярьж өгөх хүндтэй үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрлээ.  Төрийн өмчийн хорооны бүртгэлээр бол энэ  музей 1953-1954 онд ашиглалтад оржээ. Тэр цагаас хойш энэ барилгад нэг ч удаа олигтой  засвар хийсэнгүй. Урсгал засвар хийж будаг шунх наасан төдий. Огт арчиж тордоогүй барилга хахир хатуу өвөлтэй, аагим халуун зунтай монгол орны уур амьсгалыг тэсээд 65 жилийн нүүрийг үзсэн гэхэд хилсдэхгүй. 

Албан бус мэдээллээр тус музейн  урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан гэх. Хамгийн харамсалтай нь өнөөдрийг хүртэл урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй аж.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН БАГАНА ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ

Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, Зөвлөх архитектор Э.ХҮРЭЛБААТАР:

-Хэн ч харсан Байгалийн түүхийн музейн барилгыг үнэхээр сонгодог түүхэн барилга гэдгийг нь мэднэ. Барилгыг анх барихад долоо, найман баллын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг нь тухайн үеийн инженерүүд тооцож, ханын зузаан, хаалга, цонхны өргөн гэх мэт барилгын бүхий л хэсгийг тооцож, барьсан учраас газар хөдлөлт болоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр барилгыг үнэ цэнэгүй болгох гэж санаатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьж байна. Гэтэл долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн нотолгоо алга. Байгалийн түүхийн музейн барилгын багана дэлхийд хаана ч байхгүй. Зөвхөн монголд л байна. Дуурайлгаж хийгээд ч үнэ цэнийг нь хэвээр хадгалахгүй.

Чанарын хувьд хэвийн, тэсвэрлэлт даахаар барилга гэж инженерүүд тооцож байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийн нийслэлийн мэргэжлийн хяналтын ганцхан хүн л ярьдаг. Гэтэл үүнийг нь баталгаажуулдаг газар байхгүй. Тиймээс л гадаадын экспертүүдийг урилгаар авчирч шинжилгээ хийлгэж сайн гэдгийг нь батлуулсан ч ойлгохгүй байна. Хуучны түүх, он цаг харуулсан түүхэн барилгыг буулгаж дахин шинэчилснээр түүхэн болохгүй шүү дээ.

ШҮҮХЭД УЛС ТӨРЧИД НӨЛӨӨЛСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ ХАРДЛАГА БАЙНА

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.ОЧБАЯР:

-Бид сүүлийн хоёр сард маш үндэслэлтэй материалууд үзүүлж Байгалийн түүхийн музейг  түүхэн соёлын өв гэдгийг нь баталсан. Гэтэл бид шүүх дээр дийлдсэн. Шүүхээс бид нарын үндэслэлээс давсан шийдвэр гаргасан. Бид нарыг цааш явах ямар ч боломжгүй болгосон.

Шүүхэд улс төрчид нөлөөлсөн байх магадлалтай гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, шүүх, БСШУС-ын яам бидний эсрэг байсан. Тиймээс бид Соёлын яамнаас соёлын өвөө хамгаалах шаардлагатай гэж үзсэн. Бид эсэргүүцлийн хатуу хэлбэрт шилжээгүй ч маш их найдвар тээж байсан. Гэтэл бид нарыг урд талд нь тэмцээд явж байтал хойноос нь нурааж байсан байна.

Байгалийн түүхийн музейг буулгах үндэслэлийг  албаны хүмүүс "Ашиглалтын шаардлага хангахаа больсон", "Дээвэр нь муудаж, шал суурь нь хөгцөрч илжирсэн", "Тоосгонууд нь бутарч унасан" зэргээр тайлбарлаж байсан. Гэтэл барилгыг буулгаж байгаа үеийн гэрэл зургуудаас харахад дээрх, мэдэгдэл огт үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээрт дээврийн баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигдддог хэсгийн модон шувуу нуруу илжирч, хөгцрөх нь битгий хэл шинээрээ байна.
  • Хоёрдугаарт мөн  суурийн тоосго үйрч бутарсан зэргээр сүр бадруулж ярьсан мэдэгдэл бас л ор үндэсгүй гэдэг нь батлагдаж, нэг ч тоосго муудах нь бүү хэл шинээрээ шахуу, бас суурь, хана, багана огт суулт өгөөгүй.
  • Гуравдугаарт барилгын дотор талын давхар хоорондын модон дам нуруу, хучилт нь хүний дээрээс нурж унах байтугай дүнз моднууд нь хотойлт өгөөгүй бас л шинээрээ байна.

Нөхцөл байдал ийм байхад Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь тус барилгыг хэлмэгдүүлж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж, Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байгаа үйлдэл болж байна. Чингис хааны музейг байгуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг бид бодох ёстой. Чингис хааны  музейг байгуулахыг эсэргүүцээгүй, байгуулж болно.

Тэр жижигхэн орон зайд долоон давхар байшин барьж Чингис хааны ордонг байгуулснаар ансамбль болон хот төлөвлөлт талаасаа алдаатай бодлого явагдана гэсэн үг. Үнэхээр барих гээд байгаа юм бол хотын төвд зогсоол ч үгүй газарт барих шаардлагагүй. Хотоос хол зайд музейн цогцолбор барих ёстой. Сонгуулийн өмнө 2019 ондоо багтаагаад яаран сандран Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаж байна. Улаанбаатарын ой санамжийг устгаж Чингис хааны музейг байгуулж буй нь маш бүдүүлэг халдлага. Хүмүүс одоо Байгалийн түүхийн музейтэй холбоотой дурсамжаа бичиж эхэлж байна шүү дээ. Энэ хүмүүсийн дурсамжийг үгүй хийж байна.

Гэрэл зураг №01 Улаанбаатар хотын Соёлын өв болсон Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь

 

 

Гэрэл зураг №02 Байгалийн түүхийн музейн барилгын төмөр дээврийг хуулж байгаа байдал. Баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигддог шувуу нурууны мод илжирч муудаагүй байна
Гэрэл зураг №03 Барилгын дотор талын ханын суурь,багана илжирч муудаагүй бас суулт өгөөгүй, тоосгонууд үйрч унаагүй шинээрээ байна
Гэрэл зураг №04 Дээвэр болон дам нурууны мод хөгцрөөгүй, илжрээгүй мөн л шинээрээ байна

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж