Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн үйл явдлаас УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу 26+50-ыг онцлов.


Эрх баригч хүчинд 14 хоногт багтаан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах давчуу  хугацаа үлдээд байна. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2019.11.29/ УИХ-ын сонгуулийн хар зургийг хэлэлцээд 26+50 хувилбарыг сонгох шийдэлд санал нэгджээ. Нэг үгээр хэлбэл,  мажоритар тогтолцоог сонгож байгаа ч 26 нэр дэвшигчийг улсын хэмжээнд нэр дэвшүүлэх, 50-ыг тойрогт өрсөлдүүлэх хувилбар хамгийн олон суудал авах боломж гэж үзсэн байна.

Нэг талдаа энэ хувилбар нь 2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан холимог тогтолцоотой төстэй ч нам бүр улс нэг тойрогт 26 нэр дэвшигчийг жагсаан бичиж, өрсөлдүүлнэ. Нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. Жишээлбэл, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бусад 25 нэр дэвшигчээ дагуулан энэхүү улс нэг тойрогт өрсөлдлөө гэж тооцоход нийт сонгогчдын 40 хувийн санал авлаа гэхэд 10 гаруй суудал авах боломж нээгдэнэ. Ингэхдээ сонгогчид 26 нэр дэвшигчээс хэн нь улсыг төлөөлөн УИХ-д сонгогдох боломжтой вэ гэдэг сонголтыг хийсэн байх тул хамгийн их санал цуглуулсан нь ард түмнийг төлөөлөн УИХ-д сууна. Нэг үгээр хэлбэл,  2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид намын нэр дугуйлж байсан бол энэ удаад нэр дэвшигчийг дугуйлахаараа л ялгаатай юм.

Гэхдээ Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 34 нам бүртгэлтэй байна. Эдгээр намуудаас Ардчилсан нам, МАН тус бүр 26 нэр дэвшигч, бусад улс төрийн намууд нэгдэх, мөн жижиг намууд тус, тусдаа 26 нэр дэвшигчийг улс нэг тойрогт сойн өрсөлдүүллээ гэхэд хамгийн багадаа 260 нэр дэвшигч өрсөлдөх болж хүсэлтээ гаргахад саналын хуудас хэдэн метр урттай болох вэ. Улс нэг тойрогт жагсаах нэр дэвшигчийг Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн нам болох МАН-ын гишүүдээс үү, аль эсвэл 35 үсгийн дарааллаар буюу Ардчилсан намынхнаас эрэмбэлэх үү. Парламентад суудалгүй намууд дээрх хувилбарыг хүлээн авах уу.

УИХ-аас энэхүү 26+50 хувилбарыг олонхиороо сонгон, баталлаа гэхэд сонгуулийн автомат машин тэрхүү урт саналын хуудсыг унших техникийн боломж байгаа юу,  сонгууль будилаантахгүй гэх баталгаа байна уу гэдэгт өнөөдөртөө хэн ч хариулт өгч чадахгүй байна.

Харин 26-гийн нөгөө тал болох 50 нь тойрогтоо буюу дош, дошин дээрээ өрсөлдөнө. Шинэ намууд болоод шинэ нэр дэвшигчдэд эл хувилбар хамгийн ашигтай сонголт ч, улс нэг тойрог олонд танигдсан хүмүүст тэр дундаа урлаг соёл, спортынхон өрсөлдвөл илүү сонгогдох магадлалтай. Гол нь эхэнд эрэмбэлэгдэж бичигдэхгүй бол сонгогчид эхний хүмүүсийг дугуйлах магадлал өндөртэй гээд сул болоод давуу талууд яригдаж байна. Түүнийгээ дагаад эрх баригч намынхан дунд улс нэг тойрог буюу үхлийн тойрог руу хэнийгээ илгээх вэ гэдэг дараагийн шийдэл, дараагийн дотооддоо ярих асуудал гэж буй ч ЖДҮХС, 60 тэрбумын схем, авлига хээл хахуульд нэр холбогдсон ёс зүйгүй, нэр хүнд нь унасан гишүүдийг илгээх ёстой гэсэн санаа ч цухалзаад эхэлсэн байгаа юм.

Мөн улс нэг тойргийн онцлог нь 25 нэр дэвшигчээ чирч явах лидер хэн байхаас бусдыгаа татан гаргаж ирэх эсэх ихээхэн шалтгаална. Эл хувилбар МАХН-аас нэр дэвшигчдэд хамгийн их ашигтай тусаж, боломж олгож магадгүй аж. Сул тал нь  нэр дэвшигч 100 хүний саналаар ч УИХ-д сонгогдож магадгүй. Энэ тохиолдолд УИХ-д “Хүрэн оймсны хүчинд УИХ-д сонгогдоо биз дээ” гэх маргааныг дахин өрнүүлж магадгүй байна. Тойрогт нэр дэвшигч хамгийн багадаа 10 мянган хүний саналаар УИХ-д сонгогддог. Ирэх УИХ-ын сонгуулиар санал өгөх сонгогчдын тоо 2 сая гарах урьдчилсан тооцоо гараад буй.

Гол нь эрх баригч нам эцсийн шийдлээ гаргаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг маргааш /2019.12.02/ хуралдаж, өмнөх жижиг  76 тойргоо сонгох уу, аль эсвэл азаа үзэн улс нэг тойрог буюу 26 нэр дзвшигчийг улсын хэмжээнд өрсөлдүүлэх, 50 нэр дэвшигчийг тойрогт өрсөлдүүлэх хувилбараа сонгох уу гэдгийг эцэслэн тохирно. Холимог тогтолцоотой төстэй энэ хувилбарыг өмнө нь УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр санал болгосон ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжилгүй унагасан. Өөрөөр хэлбэл, мажоритар нэрийн дор оруулж ирсэн энэхүү санал МАН-ыг өөрсдийг нь санах ойгүй гэх шившигт унагах ч 65 суудлынхаа эзэн болж чадаагүйгийнхээ горыг ядаж л бүлэг байгуулах хэмжээний суудал авахын төлөө зүхүүлээд ч болов өрсөлдөхөөс өөр сонголтгүй, ацан шалаанд оруулаад байна.

Цаг яваад эхэлсэн. Хуулиараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан УИХ-аас баталсан байх ёстой юм.

Улс нэг тойрог хувилбар сонгуулийн мажоритар тогтолцоонд орж ирэх сургаар МАХН-ын дарга Н.Энхбаяр орон нутагт ажиллаад эхэлсэн бол нийслэлийн мандатыг бууруулж, Булган, Говь-Алтай, Дундговь аймгуудад нэмж хуваарилах сургаар нэр дэвшигчид нь хэдийнэ тойрог услах ажилд ханцуй шамлан оржээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж