"Хөрөнгө оруулагч үндэстэн – 2020": Баян Монголыг хамтдаа бүтээцгээе

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

"Хөрөнгө оруулагч үндэстэн – 2020": Баян Монголыг хамтдаа бүтээцгээе

"Хөрөнгө оруулагч үндэстэн – 2020": Баян Монголыг хамтдаа бүтээцгээе

10:00 ЦАГ

Яг одоо “Корпорэйт Конвеншн Сэнтр”-т “Ард санхүүгийн нэгдэл”-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” /Investor nation forum/ чуулга уулзалт эхэлж байна.

Чуулга уулзалтын эхэнд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хүндэт зочид төлөөлөгчдөд хандан үг хэлж, амжилт хүслээ. Тэрбээр хэлэхдээ "Ээлжит хөрөнгө оруулагч чуулга уулзалт маань эхлэхэд бэлэн боллоо. Та бид хуран цуглаж, Монгол орныхоо санхүү, хөрөнгийн зах зээлийн талаархи шинэ соргог мэдээллийг солилцож, дэлхий даяар болж буй үйл явдлуудыг хэлэлцэж, Монголд өнөөдөр ямар зүйлийг нутагшуулж авчирч болох вэ? Өнөөдөр ард иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж, ирээдүйн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үйл явцыг хэрхэн хурдасгах талаар төр засгийнхаа удирдлагатай, хувийн хэвшлийн манлайлагчидтай олон талаас нь санал бодлоо илэн далангүй солилцдог.

Бид энэ уулзалтаа 2020 оныг угтуулан, тав дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд, анх удаа хэвлэх үйлдвэрийн хувьчлал явагдахад бидэнд том хувьчлалд хөрөнгө оруулж, эзэмшигч нь болж болдог юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Одоо бүгдээрээ 100 мянга, 200 мянга цуглуулж байгаад Оюутолгойнхоо хувьцааг цуглуулъя. Энийг дэмжээрэй гэж уриалж байна. Хөдөлж байж баялгийг бий болгоно. Хөдөлж байж бид хувь тавилангийнхаа эзэн, баялгийнхаа эзэн болно. Өнөөдрийнхөө чуулганыг амжилттай явуулъя. Та бүхэндээ баярлалаа" гэв.

Энэхүү чуулга уулзалт инновацийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд, шинэ бүтээгдэхүүн, шилдэг санаачилгуудыг онцолдог билээ. Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн жил бүр Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаарх мэдээллийг хүргэдэг. Монголын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "Хөрөнгө оруулагч үндэстэн 2020" чуулга уулзалт энэ удаа цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлохын зэрэгцээ саарал жагсаалт, хүүгийн хязгаар, комплайенс, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвүүдийг салбар хуралдаанаараа хэлэлцэх юм.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачилгуудыг танилцуулж, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдана.

МОНГОЛ УЛС МАШ АМЖИЛТТАЙ ХӨГЖИЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга" уулзалтыг нээж, үг хэллээ.

-"Хэзээ нэгэн цагт монголчууд хөрөнгө оруулагчид болно. Зөвхөн гадны хөрөнгө оруулалтыг бид гуйгаад яваад байх биш. Монголчууд бид хөрөнгө оруулаад явах чадвартай, мэдлэгтэй. Өөрийнхөө улсад монголчууд хөрөнгө оруулах цаг ирнэ" гэж бодож явсан.

Өнөөдөр бид өөр болсон байна. Монгол Улс маш амжилттай хөгжиж байна. Ингэлээ гээд бүх юм сайхан болж байгаа гэж хэлээгүй шүү. Амжилтыг дагаад маш их саар юм байдаг. Ийм замыг бид хэзээ ч туулж үзэж байгаагүй учраас ямар хорлонтой үр дагавар хүлээж байгааг мэддэггүй юм байна. Та бид бүгдээрээ хувь заяаныхаа эзэд. Тийм учраас улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

 

10:10 ЦАГ

ТӨВ БАНК ОРОЛЦОГЧ ТОГЛОГЧДОД ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ, ДЭМЖИЖ АЖИЛЛАХАД БЭЛЭН 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: –Банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд цахимжиж байна. Хөрөнгө оруулагч харилцагч нар үүнд суралцаж оролцох хэрэгтэй. Төв банк банк санхүүгийн бусад байгууллагууддаа тусалж ажиллана. Санхүү, хөрөнгийн зах зээлд оролцогч тоглогчдод үргэлж нээлттэй байж, дэмжиж ажиллахад бэлэн. Тасралтгүй, аюулгүй байх бүх боломжийг хангаж өгнө.

ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ — БИД ОРОЙТСОН УУ?

Үндсэн танхимд Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл – бид оройтсон уу? хэлэлцүүлэг эхэллээ. (Зэргэлдээ танхимд Захирлуудтай уулзах уулзалт эхэлж байна. Эхний уулзалт Д.Цогтбаатар сайдтай хийх уулзалт юм). Нэгдүгээр хэлэлцүүлэгт "Ард Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Өлзийбаяр (модератор), "Ард Лайф" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Д.Гантулга, Дэлхийн Банкны Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг нар оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Б.Гантулга захирал "Хаа хамаагүй хүн дээр очиж тэтгэврээ битгий хадгалуулаарай" хэмээн анхааруулсан бол Г.Өнөрбаяр "Хувь тэтгэврийн давуу тал юу вэ гэдэг мэдээллийг маш зөв өгөх ёстойг онцолж, тэтгэврийн даатгалын шинэчлэлийн хувьд бусад оронтой харьцуулахад 10, 20 жилээр хоцорч яваа бөгөөд тэтгэврийн даатгалыг зайлшгүй шинэчлэх шаардлагатайг хэллээ.

Ч.Тунгалаг "Хууль эрх зүйн орчноо зохицуулж байж хүмүүсээс шимтгэл авах асуудал руу орох ёстой. Хууль эрх зүйн зохицуулалт хийх асуудал яригдаж байна. Энэ бүхэн үе шаттай явж байж, хуримтлалын тогтолцоонд суурилсан тэтгэврийн даатгалын асуудал шийдэгдэнэ" гэв.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ

Комплайенс – Монгол Улсын хэмжээнд, бүхий л байгууллагуудад тулгамдсан асуудал болсон. Хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд дээр комплайнс маш чухал асуудал болсон учраас сургалтууд явуулж, албан хаагчдаа хамруулж байна. Засаглалын стандарт дүрэм журмаа мөрдөж байна уу гэдэг эхлээд яригдана. Дараа нь ёс зүйн асуудал тавигдахыг энэхүү хэлэлцүүлгээр онцлов.

"Syndicate Talk"-ийн модератор В.Ганзориг, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл, "Эрдэнэс Монгол" ХХК Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал О.Одбаяр, СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох, Монголын ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, "ГрэйпСити Монгол" ХХК-ийн Бизнесийн газрын захирал С.Тулга, Монголын финтекийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Болдбаатар нар хэлэлцүүлэгт оролцож байна.

О.Одбаяр: -Засгийн газраас 1072 хувьцааг иргэдэд ээлж дараагаар олгох шийдвэр гарсан. Бүртгэлтэй байгаа хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудал яригдаж байна. 100 юм уу 200-гаар нь арилжих боломж бий.

З.Алтанзул: -Бид олон улсад бонд гаргахдаа 8 хувийн зээл авч байгаа. Хүүг буулгах шаардлагатай… Эдийн засгийн суурь хүчин зүйлүүд, улс төр, мөнгөний тогтвортой бодлого байх хэрэгтэй. Улс төр, мөнгөний, валютын нөөц гээд адармаатай зүйл олон.

Ц.Цэрэнтогтох: -Хууль багадаагүй. Гол нь хэрэгжихгүй байна. Манай хуулийн тогтолцоон дээр яг ингэх ёстой гэсэн хатуу шаардлага тавьдаг. Зарим хууль тогтоомжоос бусад гэдэг зүйлийг авчихсан… Мөрдөн шалгах чиг гэж байдаггүй. Цагдаа, шүүх, хуулийн байгууллагуудад санхүүгийн чиглэлийн мэргэжилтэн байна уу гэдэг асуудал бий. Хуулийг хэрэгжүүлэх процедур дутагдаж байна.

Д.Болдбаатар: -Хууль эрх зүйн орчин дутмаг. Хууль нь дутуу байна. Хуулиа яаж өөрчлөх вэ? Нэгд, хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, авьяаслаг чадварлаг залуус. Чадалтай нь гадагшаа явчихаж байна. Мөн гадны хөрөнгө оруулалтын хамгаалалт Монголд алга. Бидэнд мөнгө, авьяас, хууль эрх зүйн таатай орчин хэрэгтэй.

С.Тулга: -Дүрэм журам зайлшгүй байх шаардлагатай.

О.Одбаяр: -Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөр. Санхүүгийн салбарт идэвхгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг идэвхтэй болгох зорилготой. Уялдаа холбоогүй хуулиуд их. Хууль эрх зүйн орчноо уялдаатай байлгахгүй бол орчин үетэй хөл нийлж алхахгүй.

Эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, бизнесийг дэмжсэн хуулиуд байгаасай. Алдаа хийхийг нь хүлээгээд суудаг хууль байх шаардлагагүйг пеналистууд хэлж байлаа.

ТҮЙВЭЭЛТ-ийн тухайд:

Д.Болдбаатар: -Таван жилийн дараах байдлыг их эерэгээр харж байна. Санхүүгийн салбарт бидний төсөөлснөөс давсан өөрчлөлтүүд гарч ирнэ. Технологийн хувьд өрсөлдөж чадахгүй ч дэлхийн зах зээл дээр гарч ирэх боломж бий.

О.Одбаяр: -Монгол Улс эдийн засгаа тэлэхгүй бол хэдий технологийн олон шийдэл байгаад нэмэргүй. Хөдөө аж ахуйн салбарыг орчин үеийн фермерийн хэлбэрт оруулах гэх мэтээр эргэлтэд оруулах хэрэгтэй. Үйлчилгээний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Эдийн засгийн үндсэн платформоо сайжруулах хэрэгтэй.

Хэлэлцүүлгийн төгсгөлд В.Ганзориг модератор "тоглоомын дүрэм"-ээ баримтлах ёстойг онцлоод, "Эдийн засгаа тэлээд, нэг хүн шиг хамтдаа хүчтэй хөгжицгөөе" хэмээн хэллээ.

14:00 ЦАГ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3. САНХҮҮГИЙН БҮТЭЭЛЧ ТҮЙВЭЭЛТ

"Хөрөнгө оруулагч үндэстэн 2020" чуулга уулзалт "Финтек ба санхүүгийн салбарын бүтээлч түйвээлт" гуравдугаар хэлэлцүүлгээрээ үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлэгт UNREAD-ийн үүсгэн байгуулагч, модератор А.Ундрал, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Золбоо, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хасбанкны Цахим банкны газрын захирал С.Мөнхболд, Инсур системийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв нар оролцож байна.

Монголын анхны цахим мөнгөний зөвшөөрлийг Мобипинанс авчээ. Тодруулбал, "Candy" цахим мөнгөөрөө төлбөр тооцоо хийх боломж олгодог.

"Финтек ба санхүүгийн салбарын бүтээлч түйвээлт" сэдвээр пеналистууд санал бодлоо солилцлоо.

Б.Чулуунпүрэв: –Аж ахуйн нэгжүүд хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгах асуудлыг таатай хүлээж авсан. Эрүүл мэндээс гадна бүх даатгалыг нэгтгээд ашиглах боломж олгож байгаа. Арав гаруй жилийн хугацаанд нэгтгэж чадаагүй байсан. Тухайн салбарын зардлыг бууруулж, хэрэглэгчид эргээд өгөөж өгөх нэгдсэн бодлоготой явж байна. Дундын мэдээллийн сангийн асуудал гарч ирнэ. Нээлтээ хийгээд эцсийн бүлэгтээ эрүүл мэндийн салбарт үр дүнгээ үзүүлнэ.

Хүртээмжийн тухай асуудал энэхүү хэлэлцүүлгээр хөндөгдлөө. Монголд нийгмийн даатгал төлдөггүй, санхүүгийн мэдлэг авч чаддаггүй хүмүүс, 38-аас доош насны өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг байна. Тиймээс бичил платформыг ашиглан, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна гэж пеналистууд үзэж байна.

С.Мөнхболд: -Финтек хийж байна, алхам алхмаар. Сая гаруй үйлчлүүлэгчдээ технологийг ашиглаад үйлчилгээ авч чадаж байна уу гэдгийг бодолцон илүү хурдтай, илүү ойрхон бүтээгдэхүүнийг хөгжүүлж чаддаг компани гэж ойлгодог. Хэрвээ та манай банкны харилцагч болж чадвал гоё гоё бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хурдан, хүртээмжтэй авах боломжтой. Финтекүүдээс гоё гоё санаа авдаг. Биднээс ч их зүйл сурч байгаа. Ялангуяа их олон зохицуулалт байна. Хэн хэнээсээ сурах зүйл ч их.

Э.Анар: -Хууль эрх зүйн хувьд бэлэн болсон. Зарим зүйлийг өөрчлөх асуудал бий. Бид 3,2 сая. Нийт хэрэглэж буй картын тоо 4 сая. Нийт интернэт, мобайл эккаунт ойролцоогоор 4 сая. Тиймээс финтек гэдэг зүйл хөгжих бүрэн боломжтой. 2020, 2021 он финтекүүдэд их тэсрэлт гаргах жил болох байх аа.

Б.Чулуунпүрэв: -Даатгалын салбарт бүгдийг нийлүүлээд, нэг юм хийе. Үр дүнд нь хэрэглэгч хожиг. Хамгийн байж болох зөв ойлголт дээр нэгдье. Даатгалын салбарын бүтээмжийн хувьд хэлэхэд иргэд мэдээлэлгүй байсан. Мөнгөө төлөөд үйлчлүүлнэ гэсэн л ойлголттой байна. Бид хамгийн бага зардлаар эрүүл мэндийн санхүүжилтээ хийх боломж бий гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах юм. Худалдан авалт хийсэн оноогоороо үнэгүй үйлчилгээ авдаг болгох зорилгоор "түйвээлт" хийж болохоор байгаа юм.

Б.Золбоо: -Ард санхүүгийн нэгдэл 20 гаруй компанитай, 8 нь санхүүгийн салбарт үйлчилгээ үзүүлдэг. Анхнаасаа стратеги зорилгоо и-баримт, цахим байдлаар бүтээгдэхүүнээ хүргэнэ гэж зорьсон. Одоо манайхаас ганцхан даатгалын бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх дутуу байна. Борлуулалтын сувгаа нэмэх бүрэн сонирхолтой байгаа.

С.Мөнхболд: -Банк байгаа эдийн засгийн орчинд бизнес хийж, Төв банкны зохицуулалтын дор тоглолт хийж байна. Түйвээлтийн хүчийг нэмэх зүйлс байна. Нэгд, бараг арван жилийн өмнө цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан. Түүний хэрэгжилт хангалтгүй юм шиг санагдаж байна. Хоёрт, харилцагчийг таньж мэдэх комплайенс. Хэрэглэгч үйлчлэгчийн харилцааг зохицуулах стандартууд гаргавал бүр илүү хүчтэй байх болов уу.

Э.Анар: -Харилцагчаа яаж таних вэ, яаж мэдэх вэ? Хуультай л бас холбогдоно. Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиуд дээр заавал биеэр очиж, иргэний үнэмлэхээ үзүүлэх гэх зэрэг заалтууд бий. Фнинтек хөгжихөд тушаа болж байгаа энэ мэт зүйлүүд бий. Төв банкны зүгээс санхүүгийн хэрэглэгч дунд цахим гарын үсэг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон. Хэрэглэгчид яаж хүргэх вэ гэдэг дээр хуулийн хүрээнд шийдэх асуудал бий. Зөвшөөрлөө авчихвал санхүүгийн салбарт тоон гарын үсэг оруулж ирэх дэд бүтэц нь бэлэн байна.

П.Эрдэнэбаатар: -Хүн санхүүгийн зөв шийдэл гаргаж байж ядуурлаас ангижирна. Ямар ойлголт, ямар бизнес моделиор хүнд хүргэх вэ гэдэг бусад финтек байгууллагуудаас шалтгаалах болоод байна. Бид өөрсдөө зохицуулагч байгууллагын дор аваачиж байгаа юм. Энэ нь ёс зүйтэй бизнест сургана. Хоёрт, мэдээлэл ил тод байна. Технологи мундаг хол байна, та нар дагаад ирээрэй гэж хол явж болохгүй юм билээ.

Б.Чулуунпүрэв: -Ирээдүйд учирч болох эрсдэлийг хүмүүст мэдрүүлэх зорилготой ажиллаж байна. Нэгэнт мэдээлэл авчихсан хүн ойлгоно. Нэг нөхөн төлбөр авсан хүн ирэх жил ойрын таван хүнээ оруулаад ирнэ. Нөхөн төлбөр дээрээ сайн ажиллаж чадвал хэрэглэгчээ буцаагаад татах боломжтой.

А.Ундрал: -Финтек тэсрэлт түйвээлт явагдахад ямар сорилтууд тулгарч байна вэ? Яаж даван туулахаар төлөвлөж байна вэ? 

Б.Золбоо: -Технологи хөгжөөд, дэд бүтцийн хувьд маш сайн байгаа. Гол асуудал дата баазын асуудал. Зөв анализ хийснээр илүү үр ашигтай шийдвэр гарах боломжтой. Даатгал цахимжиж амжаагүй. Даатгалын сан нээлттэй байдаггүй.  Зээлийн мэдээллийн санг илүү сайжруулах боломжууд бий. Харилцаа холбооны салбарт тодорхой хэмжээний зохицуулалт оруулснаар банк санхүүгийн салбарыг хамруулах боломжтой. Хурууны хээг ашиглаад төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж байна.

П.Эрдэнэбаатар: – Бид 3.2 саяулаа. Технологио хөгжүүлээд, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Бидэнд нийлмэл бүтээгдэхүүн гаргахад тулгарч буй хамгийн том асуудал Монголын хүн амыг яаж 30 сая болгох вэ?

С.Мөнхболд: -Дата ашиглаж бизнес хийж болно. Түүнийг хадгална хамгаална гэдэг том бэрхшээл байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй задлахгүй, аюулгүй байлгах бидний анхаарах асуудал. Том том хөрөнгө оруулалтууд шаардана. Финтекүүд энэ чиглэлд анхаарч, эрсдэлээ хэр даах вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй.

Д.Чулуунпүрэв: –Шинэчлэлийг технологийн хувьд биш, хэрэглэгчийн тархинд хийх ёстой.

Э.Анар: -Цахим шилжилт, дижиталь болох талаар их яригдаж байна. Энэ рүү шилжихэд яах ёстой вэ? Цахим руу шилжихэд финтекүүд засгийн ачаанаас үүрэлцээд явах боломжтой болж байна. Бид төлбөр тооцооны чиглэл дээр дэлхийгээс хоцроогүй.

Гуран сая хүнийг яаж 30 сая болгох вэ гэдэг финтек дээр суурилж байна. Монголчууд хүнээсээ илүү карт, утастай болсон. Үүнийг хүртэж чадахгүй байгаа хүмүүст яаж хүргэх вэ гэдэг дээр финтек санаа санаачлагууд чухал. Хамгийн их үгүйлэгдэж буй нь хамтын ажиллагаа, харилцан ойлголцол. Финтекүүд өрсөлдөгчид биш. Яаж хамтрагч болох боломжтой вэ гэдгийг харж болохоор хэлэлцүүлэг боллоо" хэмээн модератор хэлэв.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 4. БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ БА ТҮҮНИЙ БОДИТ ХЭРЭГЛЭЭ

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, "Pyrex International" компанийн Ильяс Садвакасов, "Ай Си Ти Групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, "Бит Мон Экс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантиг, "М-Си-Эс Холдинг" ХХК-ийн Эрүүл мэндийн бизнес хариуцсан захирал Т.Болормаа нар оролцож байгааг "Степпэ Групп" ХХК-ийн Ерөнхийлөгч, модератор Б.Гэрэлмаа танилцууллаа.

Н.Учрал: -Хоёр жилийн өмнө блокчейн шинэ тутамд байсан. Одоо юу хийсэн бэ гэдгээ ярих цаг үедээ ирсэн байна. Их хурал дээр Цахим бодлогын түр хороо байгуулсан. Хоёр хоногийн өмнө интернэт засаглалын форум зохион байгуулсан. Хэлэлцүүлгүүдэд оролцсон. Түр хороо байгуулагдсанаараа Засгийн газарт үүрэг өгсөн. Монголчууд бүгд нэг дугаартай болох ёстой гэж үүрэг болгож өгсөн. Харилцаа холбоо, радио технологийн зэрэг хуулиуд дээр гар утасны дугаарыг бүртгэлтэй болгох зэрэг найман чиглэлээр үүрэг болгосон. Засгийн газар, Их хурлын ажлын хэсэг анх удаа хамтарч төрийн цахим шилжилтийг явуулахаар ярилцлаа. "И-Монголия" төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчилсэн. Төвлөрсөн бус кодлогдсон технологид суурилж бүртгэнэ. Блокчейн дээр суурилж бүртгэл хийх боломж бүрдсэн. Агаарын юм яриад байна гэдэг цаг өнгөрсөн. Би залуу, өөрийн үеэ төлөөлж буй хүний хувьд хэлэхэд бид олон дэвшил гаргаад явж байна.

Т.Болормаа: -Анагаахын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хамтын ажиллагааны хослол өмнө байгаагүйгээр эрчимтэй уялдаж яваа. Судалгаа шинжилгээний үр дүн өндөр гарч байна. Дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын ардчилал болж байна. Бид тун удахгүй зарим дүрс оношлогооны шинжилгээг хиймэл оюун ухаан дээр үндэслэн хийхээр ажиллаж байна.

Ильяс Садвакасов: -Хэрвээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл сайн судлах хэрэгтэй.

Г.Лхамсүрэн: -Блокчейн хоёр жилийн өмнө яриа байсан бол одоо бодитой болсон. Хууль эрх зүйн орчинд зарим нэг хаалтуудыг хийх ёстой. Бүх зүйл сул байж болохгүй. Зөв бурууг ялгаж сурахын тулд олноороо хохирох ёсгүй. Арга зүй, арга хэмжээгээр бие биедээ туслах ёстой.

Н.Учрал: –Технологийг хуульчилж болохгүй. Кодлогдсон, төвлөрсөн бус байна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль оруулж байна. Блокчейний асуудлыг тусгасан.

Бид блокчейн технологи дээр түрүүлж явааг модератор Г.Лхамсүрэн онцоллоо. Сонирхуулахад, хоёрхон хоногийн өмнө Солонгос улс төрийн үйлчилгээнийхээ 35 хувийг блокчейнд шилжүүлжээ.

Т.Болормаа:  -Дэлхийн банктай хамтраад эрүүл мэндийн нэгдсэн сан бий болгохоор ажиллаж байна. Төвлөрсөн мэдээллийг бүртгэх, хадгалах, ашиглах замаар хүмүүс мэдээллээ онлайнаар авах боломж нээгдэнэ. Хэзээ хэрэгжихийг тааж мэдэхгүй байгаа ч ойрын хэдэн жилд хэрэгжих байх гэж найдаж байна. Дашрамд, ирээдүйн эмнэлэг ямар байх вэ гэхээр сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн төв байна. Амбулаторийн эмчилгээ гэрт шилжинэ. Гар утсаараа хиймэл оюуны алгоритм ашиглаад тусламж авч, эмч дуудах, олон шинжилгээ хийлгэх боломжтой болно.

Модератор Б.Гэрэлмаа "Блокчейн технологийн хувьд бид түрүүлж алхаж байгаа. Апп-ууд хэрэгжиж, дараа дараагийн шатандаа шилжээд байна гэдгийг ойлголоо. Залуус энэнээс илүү байж чадна. Амжилт хүсье" хэмээн хэлэлцүүлгийг өндөрлүүллээ.

16:20 ЦАГ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГҮҮД БАЙГУУЛЛАА

-"Insure"компанийн үүсгэн байгуулагч, захирал н.Чулуунпүрэв, Ард санхүүгийн нэгдэл компанийн Технологи хариуцсан захирал н.Тэнүүн нар эрүүл мэндийн даатгалыг хүртээмжтэй байлгах, өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдүүлэх боломжуудыг ухаалаг гар утасны аппликэйшнээр олгоход хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Ард койноор даатгалын бүтээгдэхүүнийг авах боломжтой болж буй юм.

-"Тэнгэр коп Монголия" хоршооны дарга н.Ихбаяр, "Ард шоп"-ийн захирал н.Золзаяа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн дагуу "Ард шоп" Монголд үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдийг бүх аймаг сумдад хүргэх гол суваг болж ажиллах юм байна.

-Монголын CEO клубын ерөнхийлөгч В.Ганзориг, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

16:40 ЦАГ:

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 5: БИЗНЕСИЙН ОРЧИНД ТӨРИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО

"Хөрөнгө оруулагч үндэстэн 2020" чуулга уулзалтын тав дахь хэлэлцүүлэгт "Оюу Толгой компанийн хэвлэл мэдээлэл байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн Зөвлөх Э.Лхагва модератор, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Амартүвшин, Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа, Монголын CEO Клубын Ерөнхийлөгч В.Ганзориг, Монголын CEO Клубын Ерөнхийлөгч Ж.Батжаргал нар оролцож байна.

Пеналист О.Амартүвшин "Төрийн өмчит компаниуд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай болсныг онцоллоо. Тэрбээр "Монгол шуудан"-гийн өмчлөлийн асуудлыг жишээ болгон хэлэв. Цааш нь "Ямар нэг асуудал гарч ирэнгүүт "Эрдэнэс Монгол" компаний дор нэг охин компани гарч ирж байна. Энд төр тоглогч хийгээд байна" гэлээ.

Ч.Ганхуяг: -Сонгуулийн жил. Бидэнд зургаан сар байна. Зарим нэг асуудал дээр дуугаа нэгтгэж байгаад хүчтэй алхам хийх алтан боломж. Улс төрчдөд нөлөөлж, засаж залруулах асуудлууд дээр саналаа нэгтгэсэн. Бизнес баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн тогтвортой байдлыг хангах санаануудыг өгч байна. Бүгд маш эрч хүчтэй ажиллах болов уу. Тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Даатгал, тэтгэврийн сангийн мөнгүүд бүтээлч салбаруудыг дэмжиж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, дандаа айлаас эрэхээр өөрсдийн дотоод боломжуудаа хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал дээр Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Популистуудыг байхгүй болгомоор байна. Саналаа өгдөггүй бизнес эрхлэгч олон бий. Бид бүгдээрээ саналаа өгч байж, ирээдүйдээ эзэн байна.

О.Амартүвшин: -Нийлж байгаад намуудын мөрийн хөтөлбөрт хувийн хэвшлийг хамгаалах, дэмжих асуудлыг тусгах талаар ажиллана, шаардлагууд хүргүүлнэ. Манайхаас өөр хувийн хэвшил нь тусдаа салангид, нэгдэж үйл ажиллагаа явуулдаггүй орон цөөхөн. Асуудлаа дотроо яриад, яаж шийдвэрлэх вэ гэдгээ хэлэлцэх зарчмаар явах хэрэгтэй. Салбар салбарын танхимуудыг байгуулъя. Бодлогын хувьд үндэсний танхим аваад явъя гэж бодож байгаа.

Ж.Батжаргал: -Холбоод гурван үндсэн чиглэлээр ажиллахыг зорьж байна. Нэгд, салбараа манлайлах. Хоёрт, тухайн зах зээлээ төлөөлөх. Гуравт, соён гэгээрүүлэх. Мэргэжлийн улсуудаа мэргэшүүлж дадлагажуулахаас гадна зах зээлийн оролцогч, ажилтнуудыг хамруулах. Үүнээс гадна ёс зүйн кодуудаа чангатгасан байгаа.

В.Ганзориг: -2020 оны сонгуульдаа хариуцлагатай байж, ядаж сонгуульдаа саналаа өгдөг, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцах хэрэгтэй. Бид хариуцлагагүйгээс өнөөдрийн байдалтай байна.

Э.Лхагва модератор хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэхдээ, өөдрөг мэдээ мэдээллүүд сонсох хугацаа байсангүй ч салбарын хувьд олон сайхан ажил хийхээр төлөвлөж байгааг онцлон дурдаж, чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүслээ.

17:30 ЦАГ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 6. УЛААНБААТАР БИЗНЕСИЙН ОРЧИН

"Investor nation 2020" форумын модератор Д.Сайнбаяр хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн утааны асуудал мэдэгдэхүйц хэмжээнд буурсанд У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархлаа илэрхийлэхийг нийт оролцогч, зочид төлөөлөгчдөд хандан хүслээ. Пеналистууд Улаанбаатар бизнесийн орчны талаар санал бодлоо солилцож байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Юнител Групп"-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Тулгат нар оролцож буй юм.

С.Амарсайхан: -Улаанбаатарт хотод олон бэрхшээлтэй асуудал бий. Хүн амын тал хувь нь амьдарч байна. Хотын хөгжлийн асуудал хүн хүний эрх ашигтай шууд холбоотой. Хүний хөгжил рүү чиглэсэн асуудлыг түлхүү анхаарах хэрэгтэй. Тиймээс утааны асуудлыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллалаа. Ахиц дэвшил гарч байгаа ч эрсдэл их, хүмүүс ойлгох ойлгохгүй, иргэдээ гал алдуулахгүй байх, түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий.

Д.Энхбат "Улаанбаатар хотын бизнесийн орчин ердөөсөө Монгол Улсын бизнесийн орчин байгаад байгааг хэллээ. Тэрбээр Юнителийн утсыг ашиглан нийслэлийн аль хэсэгт түгжрэлтэй байгааг мэдээлэх бүрэн боломжтойг онцлов.

Б.Мөнхсоёл: -Улаанбаатар хотын иргэдийн хүсэл хотдоо аюулгүй, таатай орчинд амьдрах. Утаа, түгжрэл маш их бухимдуулж байна. Үндэсний Стратегийн Хүрээлэн Европын сэргээн босголтын банк, өөр хоёр компанитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд явган хүний зам, цахилгаан дугуй оруулж ирэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөгдөж байна. Эко хот байгуулах чиглэлээр гадны хөрөнгө оруулалт татах боломжууд байна.

С.Амарсайхан: –Автомашины утааны асуудлыг шийдэх талаар анхаарч ажиллаж байна. Нийслэлийн газар олголт бол замаа алдсан. Нэг хэсэг нь хэдэн зуун га-гаар нь хувьчлаад авчихсан, зарим нь авах гээд хэдэн жил хүлээж байна. Авснаа зарсан нь байхад ашиглаж чадахгүй нь байна. Нийтийн эзэмшлийн талбай нийтийн эзэмшлээрээ байх ёстой.Нийслэлийн хувьчлагдсан газруудыг нээлттэй болгох ёстой. Өнгө үзэмжгүй барилга байгууламжуудыг сэргээн засварлах шаардлага хүргүүлж байна. Бүр ашиглах боломжгүйд нь шат дараатай арга хэмжээ авч эхэлж байна.

Д.Энхбат: -Шөнийн бизнес гэж юу вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тухайлбал, түгжрэлд нөлөөлдөг түгээлтийн машинуудыг шөнөөр ажиллуулах хуваарьт оруулах зэргээр зохицуулах боломжтой болов уу.

Модератор Д.Сайнбаяр "Орон сууц, утааны зэрэг тодорхой асуудлуудад дэвшил гарч байна. Түгжрэл дээр шийдвэртэй алхам хийгээрэй. Арваас дээш насжилттай автомашинууд маш их утаа хаядаг. Хотын эдийн засгийн тухайд, газрын нээлттэй байдал маш чухал. Татварын орчны талаар хэлэхэд ААНОАТ-аас дор хаяж нэг хувь нь хотод орж байвал их нэмэр болно" хэмээн онцлоод, Улаанбаатар бизнесийн орчин хэлэлцүүлгийг өндөрлүүллээ.

18:30 ЦАГ

"THE HU" ХАМТЛАГИЙН ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР Ж.ДАШДОНДОГТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

"Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчилж буй "The Hu" хамтлагийн ерөнхий продюсер Ж.Дашдондогт шагнал гардууллаа. Тэрбээр "Уран бүтээлд нь илүү их амжилт хүсье, Дэлхийг байлдан дагуулаарай" хэмээн хүсэн ерөөв.

Дуучин Ж.Дашдондог "Баярлалаа. Мэдээж, ийм болчихно гэж бодоогүй л дээ. Ийм болчихлоо. Монголчууд бидэнд маш том гарцыг нээсэн цаг үе ирж байна. Энд хуран цугласан та бүхэн, монголчууд минь энэ цаг үеийг зөв ашиглаж, эдийн засгийн олон реформ хийсэн он жилүүдийг угтаж, улам ихийг хийж бүтээгээрэй гэж хүсье" гэж хэллээ.

Монголын 15 компаний бүтээгдэхүүнийг нэгтгээд нэг платформоос нэгэн зэрэг хүргэж, даатгалд хамрагдах боломж олгосон "Insure" даатгалын залуучуудыг энэ оны "Шилдэг финтек"-ээр шалгаруулж, "Хөрөнгө оруулагч үндэстэн"-ий Чоноор шагнав. Шагналыг "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг гардуулсан бөгөөд "Insure"-ийн залуус хөдөлмөрийг нь үнэлж, шилдгээр шалгаруулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн Ч.Ганхуяг захирал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд "Хөрөнгө оруулагч үндэстэн"-ий Чоныг гардуулан өглөө.

"Хөрөнгө оруулагч үндэстэн 2020" чуулга уулзалтыг хааж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үг хэлэв. Тэрбээр "Баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Бидний хүрэх үр дүн нэг. Тиймээс эрүүлээр өрсөлдөж, хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо хөгжүүлье. Та бүгддээ эрүүл энхийг хүсэн ерөөе" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Чуулга уулзалтын төгсгөлд Ч.Ганхуяг захирал "Жилээс жилд чуулга уулзалт маань өргөжин тэлж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотынхоо хөгжлийг ч ярилаа. Утаа, түгжрэл, ядуурлаасаа хэрхэн ангижрах вэ гэдэг санал бодлоо солилцлоо. Амралтын өдөр бид чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Энэ бол үр дүн.

Монголчууд эхлээд санхүү, хөрөнгийн зах зээлийн финтекийн түйвээлтүүдийг явуулна. Түйвээлтийн хар тугаа мандуулж байна. Чоно эдийн засаг айсуй. Монголын эдийн засаг Азийн чоно эдийн засаг болно. Сайхан Монголыг хамтдаа бүтээе. Бүгдээрээ Баян Монголыг хамтдаа бүтээцгээе" гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж