Зарим импортын барааны гаалийн албан татварыг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Зарим импортын барааны гаалийн албан татварыг нэмжээ

УИХ-аас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ дагуу дотооддоо үйлдвэрлэх боломжтой 300 гаруй нэр төрлийн бараанд импортын өндөр татвар тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байдаг. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 332 дугаар тогтоол гарч, эхний ээлжинд дөрвөн төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын өндөр буюу 15-20 хувийн татвар ногдуулсан байна.

Тодруулбал бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, бүх төрлийн цемент болон үйлдвэрлэснээс хойш нэг жилийн насжилттай, шинэ троллейбусыг импортлох татварын хэмжээг нэмэгдүүлж өгчээ. Монгол Улс цементийн хэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой болсон. Мөн зөгийн балны хэрэгцээгээ ч дотоосоо 100 хувь хангах болсоор багагүй хугацааг үдэж байгаа аж. Түүнчлэн дотооддоо троллейбус угсарч эхэлсэн учраас гаднаас шинэ троллейбус авахад өндөр татвартай байх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.

Товчхондоо импортын барааны татварыг нэмэх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Мөн ноос ноолууран, оёмол сүлжмэл, гутал болон бусад барааны экспортыг нэмэгдүүлэх,  бусад улс орнуудтай хийх эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үндэсний эдийн засагт үр ашигтайгаар хийхэд нөлөөлөл өндөртэй байх юм.  


Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 332

 

ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

 

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ”-ний 02, 04, 16, 25, 87 дугаар бүлэгт заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд                                                              Д.ЭРДЭНЭБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж