Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнажээ. Тус аймаг 29 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан аж.
Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар “Энэ бол Хөвсгөл аймгийн 130 мянган иргэн, 40 мянган өрхөд олгосон шагнал. Хөвсгөлчүүдийн гаргасан амжилт, хамтын зүтгэлийг үнэлсэн шагнал. Мал сүргийнхээ тоогоор Хөвсгөл аймаг нь улсдаа тэргүүлдэг, малчид цаг наргүй хөдөлмөрлөж зүтгэсний үр дүн. Хөвсгөл аймаг гурилынхаа хэрэгцээг 100 хувь аймгаасаа хангаж байна. Газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөр үр дүн. Өөртөө ажлын байр бий болгож, өрх гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлж, хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүнд олон олон жижиг дунд үйлдвэрлэл байгуулагдлаа, түүнд өгсөн ажлын амжилт. Бизнесийн орчин тав тух бүрдсэн байдлаараа Хөвсгөл аймаг хангайн бүсийн аймгуудаасаа дээгүүрт жагсаж байгаа. Эрүүл мэнд, боловсролын салбарт гаргаж байгаа амжилт бас олон. Энэ бол манай хөвсгөлчүүдийн хамтын бүтээл” хэмээлээ.
Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2011 онд “Хөвсгөл бизнес” форум зохион байгуулж байхад том зорилт дэвшүүлж байлаа. Бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбоно, үүрэн холбоогоор холбоно гэж… Хөвсгөл аймаг 88 багтай, баг бүр үүрэн холбоогоор холбогдсон, эмчилгээ, оношлогооны төвтэй болсон байна. Мөрөн хотод “Шинэ мөрөн” гэдэг хороолол босч байна. Гурван жилийн дотор 400 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Мөн гурван жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ-ээр сүүл мушгиж байсан бол өнөөдөр дээгүүр жагсдаг болсон. Жишээ татахад гурван жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ 1.2 сая бөгрөг байсан бол одоо 4.8 сая төгрөг болж, дөрөв дахин өссөн. Гурван жилийн өмнө 120 км хатуу хучилттай авто замтай байсан бол өнөөдөр 360 км хатуу хучилттай замтай болсон. Гурван жилийн өмнө 200 км шилэн каблеьтай байсан бол өнөөдөр 1000 орчим км шилэн кабельтай болсон. Энэ амжилтуудыг үнэлж Сүхбаатарын одонгоор шагналаа” гэж хэлсэн юм.
Г.ХОРОЛ