БНПУ-ын шүүхийн төлөөлөгчид Монголд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

БНПУ-ын шүүхийн төлөөлөгчид Монголд айлчиллаа

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Варшавын цэргийн тойргийн шүүхийн шүүгч, хурандаа ноён Пиотр Рачковски тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 09 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Монгол Улсад богино хугацааны албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Варшавын цэргийн тойргийн шүүхийн шүүгч, хурандаа ноён Пиотр Рачковски, дэд дарга Люблин хот дахь тойргийн шүүхийн шүүгч ноён Кшиштоф Войташек, Кельце бүс нутгийн Захиргааны шүүхийн ерөнхийлөгч ноён Андшей Ягелло, ШүүхийнҮндэсний Зөвлөлийн Гишүүн болон Хэвлэлийн ажилтан Ноён Валдемар Журек болон Шүүхийн Үндэсний Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Дүүргийн шүүгч Ноён Грегорз Борковски нар байв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зочилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Шүүхийн шинэтгэлийн үйл явц болоод Бүгд Найрамдах Польш Улсын шүүхийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлсэн сайн тушлага, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үүссэн хүндрэл бэрхшээлээс хэрхэн даван гарсан талаар болон шүүх, шүүхийн захиргааны байгууллагын тулгамдсан асуудлуудаар санал солилцсон билээ. Түүнчлэн хамтын ажиллагааны дараагийн үе шатны талаар хэлэлцэж 2016 оны 1 дүгээр улиралд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад шүүгч, шүүхийн захиргааны ажилтан илгээж сургалт, семинарт хамрагдуулан туршлага судлуулах асуудлаар ярилцав.

 

Төлөөлөгчид 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсын Дээд шүүх, Нийслэл дэх Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээр зочилж, Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нартай уулзаж, шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсан  юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Польшийн шүүхийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Шүүхийн шинэтгэл, шүүхэд итгэх иргэдийн итгэл хэрхэн сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй талаар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү Монгол Улсын Шүүхийн шинэтгэлийн ажил хэрэгт манлайлан оролцогч нь болохыг уулзалтын эхэнд дурдаж байлаа. Польшийн шүүхийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчдийн Ч.Өнөрбаяртай хийсэн уулзалт нь шүүх, шүүгчийг тойрсон асуудлуудаас гадна гуравдагч найрсаг хөршийн хэмжээнд болж өндөрлөсөн юм.

Албан ёсны айлчлалын төгсгөлд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш улсууд социалист нийгмээс ардчилсан нийгэмд хоёул шилжин адил замналаар замнаж байгаа, аль аль нь эрх зүйн газрын тогтолцоотой боловч бие биенээсээ суралцах зүйл их байгааг болон Монгол Улсад богино хугацааны албан ёсны айлчлал хийсэндээ үнэхээр их сэтгэл хангалуун байгаа талаар Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга ноён Пиотр Рачковски хэлээд  түүнчлэн Монгол Улсад дахин хүрэлцэн ирэхээ амалсанаар энэ удаагийн айлчлал өндөрлөлөө.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж