Их Британийн цагдаагийн газраас өнгөрсөн Баасан гариг (2019.11.29)-т Лондон хотод халдлага үйлдсэн этгээдийг 28 настай, өмнө нь террорист халдлагын улмаас шийтгүүлж, ял эдэлж байгаад өнгөрсөн жил хугацаанаасаа өмнө суллагдсан Усман Хан болохыг тогтоожээ.
Гэмт этгээд гудамжинд явсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйтэн мэсээр хороож, өөр гурван хүнийг шархдуулсан байна. Алан хядагч нь өдрийн 14:00 цагийн орчимд хотын төв зүрх болсон санхүүгийн дүүрэг дэх Лондоны гүүрний ойр байрлах Fishmongers-ийн танхимын ойролцоо дээрх хэргийг үйлджээ. Лондон хотын цагдаа нар бусдад хор хүргэхээс нь өмнө түүнийг гүүрэн дээр буудан хороосон байна.
“The Times” сонины мэдээлж буйгаар, тэрбээр шоронгоос суллагдахдаа хөлдөө байршил илрүүлэгч электрон гавтай гарчээ. Энэхүү хэрэг явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “Ийм ноцтой гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө сулласан нь алдаа байж. Бид аюултай гэмт хэрэгтнүүд, ялангуяа террористуудад тохирсон ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй” хэмээжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ