“Сурах бичгийг өнгөрсөн долоо хоногт тараасан”

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

“Сурах бичгийг өнгөрсөн долоо хоногт тараасан”

“Сурах бичгийг өнгөрсөн долоо хоногт тараасан”

Энэ жил дунд ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг шинэчилсэн. Тэгвэл зарим сургуульд сурах бичиг нь хэвлэгдэж ирээгүйгээс үүдэн багш нар хичээл заах боломжгүй болсон гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас тодрууллаа.

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн хэчнээн сурах бичиг шинэчлэгдсэн бэ?

-6-9 дүгээр ангийн суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор сурах бичгүүдийг шинээр хэвлэсэн. 6-9 дүгээр ангид 63 төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Үүний 29 сурах бичиг шинээр хийгдсэн. Зургадугаар ангид тав, долдугаар ангид тав, 8-9 дүгээр ангид 9-10 сурах бичиг шинээр гарсан гэсэн үг.

-Шинэчлэгдсэн сурах бичгийг бүрэн тарааж дууссан уу?

-Засгийн газрын тогтоолоор бол 6-12 дугаар ангийн сурах бичгийн 40 хүртэлх хувийг төрөөс даах замаар сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад олгодог. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, нэг айлын гурваас дээш хүүхэд суралцаж буй, амьжиргааны түвшин доогуур гэх мэт зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгодог. Үлдсэн 60 хувийг зах зээлд худалдах замаар гаргадаг.

6-9 дүгээр ангиас бусад сурах бичгийг түрээсээр хэрэглүүлдэг, хуучин сурах бичгүүд гэсэн үг. 7, 12 дугаар ангиас бусад шинэчлэгдээгүй сурах бичгийг түрээсээр хэрэглүүлж байна.

-Зарим сургуулийн хувьд сурах бичиг нь хэвлэгдэж ирээгүйгээс хичээллэхэд хүндрэлтэй байна гэх мэдээлэл бий?

-Ялангуяа байгалийн ухааны хичээлийн сурах бичиг бүгд шинэчлэгдсэн. Хуучин сурах бичгийг хичээлдээ хэрхэн ашиглах талаар багш нарын номонд тодорхой тусгасан байдаг. Багш нар сурах бичгийг сургалтад зориулсан нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар ашиглаж байна.

Сургуулийн номын сангаар дамжиж сурагчдад хүрдэг сурах бичгүүдийг өнгөрсөн долоо хоногт бүгдийг тараасан. Харин зах зээлээс сурах бичиг худалдаж авах шаардлагатай хүүхдүүд бий. Тэдний хувьд сурах бичгээ гүйцэт аваагүй асуудал л бий байх.

 

Энэ жилийн хувьд Монголын залуучуудын холбоо, хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулаад сурах бичгийг нэг цэгээр худалдаж эхэлсэн. Энэ цэг Багшийн хөгжлийн ордоны гадна талбайд байрласан. Сурах бичгийн дундаж үнэ 2500 төгрөг байна. Ер нь 1350-4500 төгрөгийн хооронд үнэтэй.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж