"МАН 60 тэрбумын гэх схем гаргаад буруудсан"

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

"МАН 60 тэрбумын гэх схем гаргаад буруудсан"

 “Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"МАЖОРИТАР СИСТЕМ БАЙГАА ЦАГТ ЖИЖИГ УЛС ТӨРӨӨС САЛЖ ЧАДАХГҮЙ"

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Эл өдөрт зориулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Анх энэхүү шагнал хэзээ бий болсон түүхтэй юм бэ?

-Миний санаж байгаагаар Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг бий болгох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди анх санаачилж, тухайн үеийн УИХ дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-нд уг одонг бий болгох тухай тогтоолын төсөл батлагдаж байсан. Тэгээд жил бүр Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөж, сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд хүртээж ирсэн түүхтэй. Харин 2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монголын бахархлын өдөр” гэж нэрлэх, улмаар энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуулийн төсөл санаачлан тухайн үеийн УИХ-аар батлуулж байсан түүхтэй. Мөн энэ өдөр “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээдэг болсон. Энэхүү уламжлал эдүгээ нэгэнт хэвшиж тогтсон байна.

-Тухайн үед Чингис хааны мэндэлсэн өдрийг хэрхэн тогтоосон юм бэ?

-Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг.  Тэгээд түүхийн шинжлэх ухааны чиглэлийн нэртэй эрдэмтэд, шинжлэх ухааны академи, холбогдох мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, “Чингис хаан” одонгоо гардуулж өгдөг байх юм бол олон түмэнд ч ач холбогдолтой гэж тухайн үедээ үзсэн. Нөгөө талдаа бахархлын өдөртэйгээ шагналын утга агуулга илүүтэй нийцдэг гэж боддог.

-Чингис хаан одонг ямар шалгуурыг хангасан хүмүүст өгдөг юм бэ?. Тухайлбал, энэ жил "The Hu" хамтлаг хүртэж байгаа?

– Урлаг, соёл, спорт, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүртэж ирсэн. Ер үнэхээр шалгуурт нийцсэн хүн байвал заавал улс төрийн гэлгүй Монгол ард түмэн, Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж чадсан, онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог журамтай. Өөрөөр хэлбэл, тусгайлан заасан шалгуурыг хангасан тохиолдолд л шагнал олгоно гэсэн үг. Хэрэв шалгуурыг хангахгүй бол тухайн жилдээ уг шагналыг өгөхгүй ч байж болдог онцлогтой. The Hu хамтлагийн хувьд бол би хувьдаа нүдээ олсон шийдвэр л гэж бодож байгаа. Шагнал бол илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг төдийгүй, үүрэг хариуцлагыг араасаа дагуулдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


 

Р.АМАРЖАРГАЛ: С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАВЬЯА НЬ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ

АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Таныг АН-ын дэд даргын ажлыг аваад удаагүй үед нь ярилцаж байхад "АН-д өртэй гэж өөрийгөө боддог. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН “ашиглах” ёстой гэж та миний асуултад хариулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН таныг хэр “ашиглав”. Намдаа өөрийнхөө автор болохуйц ажил та юу хийв?

-АН-ын дэд даргад өөрөө хүсээд болсон юм биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа намын удирдлага шинэчлэгдэж, намын үйл ажиллагаа шинэ өнгө аястай болох гээд оролдож байсан ийм үе. Тухайн үед АН-ын нэр хүнд болон бусад улс төрийн намын нэр хүнд нэлээд уначихсан хүндхэн цаг үед Р.Амаржаргал гэдэг нэр намд хэрэг болох байх гэж үзээд л намын дэд даргын саналыг хүлээж авсан. Намаа дэмжиж өөрийн нэрээ намдаа “ашиглуулъя” гэдэг зорилготой очсон гэх үү дээ. С.Эрдэнэ дарга намайг намын гадаад харилцааны асуудлыг илүү анхаараач гэж хэлсэн. Энэ хүрээнд үндсэндээ анхаарч ажиллалаа. Барууны чиглэлийн улс төрийн намуудын холбоо /IDU/, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай /KAS/ хамтарч ажиллахаар нэлээд хөөцөлдсөн. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үеэрээ Монголд олон улсын томоохон хурал зохион байгуулж, 30 жилийн хугацаанд хийж бүтээсэн алдаа, оноогоо яръя гэж зорьсон. Мөн манайх  шиг зовлон туулж ирсэн бусад орны улс төрийн намууд нь юу хийв гэдгийг харилцан ярих зорилготой олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдлоо. 2020 оны хоёрдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Вашингтон хотод болох IDU-гийн хурлаар өдөр нь тодорхой болох байх. Энэ хуралд С.Эрдэнэ дарга намынхаа төлөөлөгчдийг ахалж оролцоно. Хийсэн гол ажил маань энэ гэх үү дээ.

АН-ын дотоод хагарал 2020 оны сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Э.Бат-Үүл "Гэр хороолол" хөгжлийн нам байгуулж, Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад, тус тус улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байх шиг байна. Мөн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус намын даргаа огцрохыг шаардан удаа дараа мэдэгдэл хийж байгаа зэргээс харахад АН дотроо зангидсан гар шиг байж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Намын удирдлагадаа байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-АН-ын өнөөгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Намаа өнгөтэй, өөдтэй байгаасай, орчин цагийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа байх гэж бодож байна. Урьд нь нэг практик байсан. Энэ нь намыг шүүмжлэх нэрийн дор намын удирдлагад тулган шаардаж эрх мэдэл, албан тушаалд хүрэх эсвэл сонгуулийн квот авах зорилготой хөдөлгөөн өрнүүлдэг ийм практик байсан. Өнөөдөр намаа шүүмжилж байгаа хүмүүст тийм бодол, далд санаа байхгүй байх гэж горьдож байна. Ийм түвэгтэй, ярвигтай үед улс төрийн намын явуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтэд нийцэх болон нийцэхгүй байх аль аль нь бий. Нэг хэсэгт нь таалагдаж байгаа зүйл нөгөө хэсэгт нийцэхгүй байх нь жам ёсны асуудал. Түүнээс биш үүнд цочирдож, хол явсан дүгнэлтүүдийг хийх шаардлагагүй гэж бодож байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Ш.АДЪЯАМАА


С.ЦЭРМАА: ӨМНӨ НЬ ОНГОЦОНД 10 САРТАЙ ХҮҮХДИЙН АМЬ АВАРЧ БАЙСАН

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу онгоцонд зорчиж явсан Сүхбаатарын Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй арваннэгдүгээр сарын 18-ны өдөр онгоцонд хүний амь аварсан тухай бид мэдээлсэн. Бид энэ удаа эмч бүсгүй С.Цэрмаатай ярилцлаа.  Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө онгоцонд зорчиж явахдаа 10-хан сартай хүүхдийн амь насыг мөн аварч байжээ.

“Манай эмч нар их чадварлаг миний оронд өөр эмч байсан бол ялгаагүй л тэр хүний амь насыг аврах байсан. Би “Монгол эмч хүний амь аварлаа” гэдэг нэрийг л гаргасандаа баяртай байна” хэмээн ярилцлагын эхэнд өгүүлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Та сайн явж ирэв үү. Хэзээ эх орондоо ирсэн бэ?

-Би эх орондоо ирээд гурав хонож байна. Их урт аян зам байлаа.

-Нууц биш бол таныг гадаад руу ямар ажлаар явсныг сонирхож болох уу?

-Эмч хүн насан туршдаа тасралтгүй суралцах хэрэгтэй байдаг. Тэр ч үүднээс би мэргэжил дээшлүүлэх нарийн мэргэжлийн сургалт, семинарт байнга суудаг. Тэр шугамаар нааш цаашаа явах ажил ихтэй байдаг. Энэ удаад хамтардаг эмнэлэгтэйгээ уулзалт хийх, хоёр ч улсад сургалт семинар зохион байгуулж, үйлчлүүлэгчидтэйгээ уулзаад ирлээ.

-Тухайн үед онгоцонд яг юу болсон юм бэ?

-Үйл явдал арваннэгдүгээр сарын 17-18-ны өдөр АНУ-ын Чикаго хотоос Германы Франкфурт хоорондын олон улсын нислэгийн үеэр болсон юм. Нислэг нийт есөн цаг үргэлжилдэг. Онгоц хөөрөөд хоёр цаг хагас орчим болж байтал онгоцны зарлан мэдээлэхээр “Эмч юм уу, сувилагч мэргэжилтэй хүн байвал онгоцны хойд хэсэгт ирээч” гэж зарласан. Би ариун цэврийн өрөө орчхоод гараад иртэл арай сандруу хоолойгоор дахин дуудлаа. Тэгэхээр нь “Юу болсон юм бол доо” гээд л эмч хүн чинь бас тэсэхгүй гүйгээд очлоо. Тэгсэн чинь онгоцны арын суудал хэсэгт хүн шавчихсан байсан. Би хамгийн захад зогсож буй үйлчлэгч бүсгүйд “Би эмч байна. Гэхдээ арьс гоо засал, нүүр амны эмч. Юу болов?” гэсэн чинь намайг “Эмч ирлээ” гээд л нөгөө хүмүүсийг яраад л оруулчихсан.

Би тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлж, дуусаад суудалдаа суухад “Газардахад 25 минут үлдлээ” гэж байсан. Тэгэхээр нийт зургаан цаг орчим тэр хүнийг сувилж, асарсан гэдгээ суудалдаа суусан хойноо л мэдсэн.

-Гадаад иргэний хувьд настай хүн байх шиг байсан. Та өвчтөнд анхан шатны ямар тусламж үзүүлж, амь насыг нь аварсан бэ?

-Тэр хүн дээр анх очиход 77 настай Флоренс гэдэг мэдээлэл л авсан. Хижээл насны эмэгтэй байсан. Анхан шатны тусламж үзүүлэхэд эхлээд хоёр мөрөн дээр нь гараа тавиад нэрээр нь дуудах ёстой байдаг. Гэтэл нөгөө эмэгтэй хүн налаад уначихсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, гарын болон гүрээний судсанд нь зүрхний цохилт тэмтрэгдэхгүй, хүйтэн хөлс нь цувчихсан пальто нь хүртэл нэвт норчихсон байсан. Анхан шатны тусламж үзүүлэхэд үндсэн хэдэн зүйл бий. Хамгийн түрүүнд тухайн хүний амьсгалын замыг чөлөөлөх ёстой. Тухайн үед өвчтөний амнаас цагаан хөөс цахарсан байдалтай байсан учраас амьсгалын замыг нь чөлөөлж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж өгсөн. Эмнэлгийн хэлээр бол амилуулах арга хэмжээг шат дараатай авснаар тухайн хүн сэргэж ирсэн.

А.ЦЭЭСҮРЭН
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж