Хан-Уул ЗДТГ түүний дэргэдэх харьяа хэлтэс албад "Явуулын нэг цэгийн үйлчилгээ" өдөрлөгийг дүүргийнхээ 50-н жилийн ойг угтан зохион байгуулж байна. Нийгмийн даатгалын хэлтэс, өмч газрын харилцааны алба, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, цэргийн штаб, эрүүл мэндийн нэгдэл гээд нийтдээ 13-н хэлтэс албадын мэргэжилтнүүд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Өдөрлөгийн түүчээ ХУД-ийн алслагдсан хороо болох Өлзийтөөс эхэлсэн байна. Өлзийт хорооны 59-р сургууль дээр зохион байгуулагдсан "Явуулын нэг цэгийн үйлчилгээ"-гээр нийтдээ 114 иргэн лавлагаа авч үйлчилгээ авчээ. 14-р хорооны хорооны иргэдийн дийлэнх олонх нь өмч, газрын харилцааны албанаас газрын талаарх лавлагааг авч үйлчлүүлсэн бол өдөрлөгийн дараагийн хэсэг ХУД-ийн хамгийн захын хороо буюу Туул тосгонд үргэлжилсэн байна. Дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын мэргэжилтнүүд хотоос 37 км-ийн зайд орших Туул тосгонд очиж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэжээ. 13-р хорооны 26-р дунд сургууль дээр 15:00-18:00 цагийн хооронд зохиогдсон нэг цэгийн үйлчилгээний үеэр иргэд Хөдөлмөрийн хэлтсийн хэрэгжүүлж буй ажилтай орлоготой байх сургалт хөтөлбөрүүдийг сонирхохын зэрэгцээ нийгмийн даатгалын хэлтсээс цалин тэтгэвэртэй холбоотой олон лавлагааг авчээ. Хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээгээ ямарваа нэгэн чирэгдэлгүйгээр дэргэдээсээ авах бололцоог ХУД-ийн ЗДТГ болон УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын албанаас хамтран зохион байгуулж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн хувьд Их хурлын түвшинд, нийслэл, дүүрэг, хороо хэлтсээрээ хамтран дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ойгоо бүтээлч ажил, бүтээн байгуулалтын олон ажлаар угтах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн төвийн хороодод "Явуулын нэг цэгийн үйлчилгээ" үргэлжлэн явагдах юм байна.