Д.Эрдэнэбат: Цагаан суваргын ордыг ашиглахад Германыг түшинэ

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Цагаан суваргын ордыг ашиглахад Германыг түшинэ

Д.Эрдэнэбат: Цагаан суваргын ордыг ашиглахад Германыг түшинэ

Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Засгийн газар ямар бодлого барьж байгаа, ямар төслүүд амжилттай хэрэгжиж байна вэ. Концессын гэрээгээр хийх ажлууд, Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил ямар шатандаа явна вэ гээд олон сонирхол татах асуудлаар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэрийн сайдын тодотгосноор зүүн бүсэд 300 мянган тоннын хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгуулах сонгон шалгаруулалт дуусчээ. Сонгон шалгаруулалтад 14 компани оролцож, санал ирүүлсэн байна. Энэ ондоо багтааж нефть боловсруулах үйлдвэрийнхээ урьдчилсан ТЭЗҮ, сонгон шалгаруулалтыг хийж дуусгаад 2016 он гарангуут үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт руу шилжихийг зорьж байгаа аж.

Энэ ажлыг хийхийн тулд хамгийн гол нь хоёр хөрштэйгээ ойлголцох, торгоны замд нэгдэн орох, эдийн засгийн коридорын хөтөлбөрт асуудлаа суулгаж хамтын ажиллагаагаар барьж байгуулах асуудал үүсэхийг тэрээр онцоллоо.

Үйлдвэрлэлийг барьж байгуулах хүрээнд зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэртэй болох зорилго тавьжээ. Засгийн газрын хуралдаанаас уг үйлдвэрийг Бор-Өндөрт барих шийдвэр гаргасан аж. Өнөөдрийн байдлаар зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулагдаад ажиллагаандаа орж, бүх газруудаас санал авч судалгаа хийн урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргахаар ажиллаж буй юм байна. Энэ ажил графикийн дагуу хийгдчихвэл 2016 он гарангуут зэс байгуулах үйлдвэрийн оролцогчийг шалгаруулж, ажил эхлэх боломжтой болох аж.

Ирэх аравдугаар сард Монгол-Германы хамтарсан ажлын хэсгийн хуралдаан төлөвлөгджээ. Түүгээр хэд, хэдэн чухал төслийг эцэслэх зорилготой юм байна. Ингэхдээ Германы хувийн хэвшлийг Монголын боловсруулах үйлдвэрлэл рүү хандуулж, Германы тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах. Төслийг Германы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа аж.

Тухайлбал, нүүрснээс шингэн түлш гаргах төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Германы талтай хамтрах, мөн Цагаан суваргын ордыг үндэсний компани хэрэгжүүлэх боломжийг олгоё гэдэг УИХ, Засгийн газрын байр суурь гарсан тул Германы технологийг оруулж ирж, Европт зэсийн баяжмалыг экпортлох нөхцөл бололцоог үүсгэхээр ажиллаж байгаа гэдгийг Аж үйлдвэрийн сайд мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Тэрээр энэ талаар “Аж үйлдвэрийн сайдын хувьд энэ саналыг их дэмжиж байгаа. Энэ бол эрүүл санал. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн бусад оронтой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийнхөө баялаг дээр тулгуурлаж, санхүүжилтээ босгох нь эрүүл зүйл юм. Бас нэг компани Германы технологиор Монголд моторын тос үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санал өгсөн. Нэг их том биш боловч Европ стандартын үйлдвэрийг нь байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай тусна. Моторын тос бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчирахгүй байгаа учраас анхаарч байна” гэлээ.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Арьс ширний үйлдвэрийг хөгжүүлэх төслүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ. Боловсруулах асуудал хамгаас чухал байгаа?

-Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 2013 онд хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Бодит үр дүнгээ өгч байгаа. Монгол Улс 10 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Санаа зовоож байгаа зүйл нь цэвэрлэх байгууламжтай болох. 2016 онд хөрөнгийг шийдчихвэл хамгийн орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болох боломжтой.

-Адууны шир экспортод гаргахгүй байна, илжирч, ялзарлаа гэх хэл ам гараад байсан?

-Адууны арьс ширийг экспортод түүхийгээр нь гаргах асуудлаар 5-6 компани ханддаг. Нэр бүхий УИХ-ын гишүүн мөн үүнийг зөв гэж ярьдаг. Судалгаа гаргаж үзсэн, Моголын арьс ширний үйлдвэрүүд 1.5 сая ширхэг адууны арьс боловсруулах хүчин чадалтай байна. Харин Монголд жилдээ 250 мянган ширхэг адууны шир бэлтгэгддэг. Адууны шир нь сайн стандартын шир байдаг учраас экспортод гаргахад зах зээл нь нээлттэй байдаг.

Адууны ширний урьд явж байсан арга нь хятад ченжийн гараар гардаг судалгаа гарсан. Нийтдээ 160 мянган ширхэг адууны ширийг экспортод гаргахгүйгээс ялзарч байна гэдэг асуудал үүссэн. Эмээлт болон бусад түүхий эдийн захуудад шалгалт хийсэн. Засгийн газарт энэ тухай нээлттэй танилцуулсан. Гэхдээ Монгол Улс өөрийнхөө байгаа үйлдвэрлэл, нөөц боломж дээр түүхий эдээ хагас болон бүтэн боловсруулж экспортод гаргах нь үр ашигтай гэсэн дүгнэлт гарсан учраас адууны ширээ хагас болон бүтэн боловсруулж гарах нь зөв байгаа.

160 мянган ширхэг адууны шир хадгалж байгаа нөхдүүд буй бол үйлдвэрүүдэд өгөөд боловсруулаад экспортод гаргах нь нээлттэй. Монголын эрх ашиг гэж бий. Хэрвээ бид арьс ширээ түүхийгээр нь экспортлоод байх юм бол үйлдвэрлэлийн тухай асуудал, малчдаа дэмжих бодлого утгагүй болно. Нэмүү өртөг шингээх бололцоогоо алдана. Монголынхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавина гэдгийг онцлоод хэлчихье.

-Ноос, ноолуурын үйлдвэрүүд дээр яаж анхаарч байна вэ?

-Ноос ноолуурын хувьд дотоодын боловсруулалт дээр анхаарч байна. Чингис бондоос нэлээн олон үйлдвэрт зээл олгож ээрмэлийн үйлдвэртэй болох, ноосыг бүрэн боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн. Нэлээн олон үйлдвэр маш сайн амжилттай ажиллаж байна.

Энэн дээр нэг зүйл эмзэглүүлдэг. Сурагчийн дүрэмт хувцасны даавуун материал. Улстөржүүлэх гэсэн оролдлого нь өндөр байгаа, үүн рүү битгий ороосой. Монголчууд даавуу үйлдвэрлэж байсан түүх ховор. Ноосоо бүрэн ээрээд даавуу үйлдвэрлэж байсан бол ийм том үйл явц болохгүй. Гэхдээ одоо ноосоо ээрээд даавуугаа үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа. 2016 он гэхэд сурагчийнхаа дүрэмт хувцсыг бүрэн хийчих даавууны үйлдвэртэй болно. Техник технологио оруулж ирж суурилуулаад туршилтаа эхлүүлэх бэлтгэл хангаж байна гэсэн мэдээллийг өгсөн учраас энэ эерэг үр дүнтэй явна.

Өнөөдрийн дүрэмт хувцасны материалын нэг хэсэг нь дотоодын үйлдвэрийнх , ихэнх хувь импортоор оруулж ирсэн материалаар хийсэн.

Сурагчийн дүрэмт хувцасны маргаан өнгөрсөн жилийнхээс арай сийрэг. Өнгөрсөн жил хатуу үнэ тогтоож, хэдхэн компанид давуу эрх олгосноос маргаан дэгдсэн юм билээ. Аж үйлдвэрийн яам энэ жил чөлөөт зах зээлийнх нь жишгээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгдээд борлогдоод явах ёстой, гэсэн байр суурьтай байгаа.

Сурагчийн дүрэмт хувцсыг 100 хувь гадаадаас авдаг байсан бол одоо 90 хувь дотооддоо үйлдвэрлэгддэг болсон нь бидний амжилт. Өөрөөр хэлбэл, хуурамч дүрэмт хувцсыг энэ жил Эрээнд үйлдвэрлэн оруулж ирдэг байдал эрс багассан буюу бараг зогссон. Зах зээлийн үнийг чөлөөтэй тавьсан. Үнийн хувьд 50 мянган төгрөгөөс эхлээд явсан, дээд үнийн хязгаар нь хэлбэлзсэн. Хүн болгон өөртөө таарсан, хүссэн үнээр худалдаж авах боломжийг олгосон.
Төслийн зээлтэй холбоотой асуудлаар хэдэн зүйлийг онцлоод хэлье. Экспорт, импортыг дэмжих 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хүнд үйлдвэрийн болон хөнгөн үйлдвэрийн даацтай зээлийг санхүүжүүлэх хэлбэр лүү ороод явж байна. Өнөөдрийн байдлаар нийт 110 төсөл ирсэн. Монгол Улсын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрээ шинэчлэхэд олон улсын хэмжээний биш юм аа гэхэд өөрсдийн хэмжээндээ сайн төсөл хийж сурлаа.

110 төслийн хэмжээнд асуудлыг ярина. 31 төсөл эхний ээлжинд санхүүжигдэхээр бэлэн болсон. Ихэнх хэсэг нь боловсруулах үйлдвэртэй холбоотой. Энэ төсөл санхүүжигдээд явна.

Нэг онцлох зүйл нь нийт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь тухайн төсөл хэрэгжүүлэгч үйлдвэр өөрийнхөө хөрөнгөөр 22.7 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтаар 53.8 хувийг, экспорт, импортын зээлийн хүрээнд Хөгжлийн банкны зээлээр 23.5 хувийг санхүүжүүлье гэсэн дундаж гарч байгаа. Энэ бол эрүүл үзэгдэл. Өөрөөр хэлбэл, монголоос гарч байгаа 1 төгрөг тутмын эсрэг 2 доллар орж ирэх төсөл. Инфляцийг өдөөхгүй, төгрөгөө валют болгоод тоног төхөөрөмж худалдан авахгүй байх эерэг боломжийг үүсгэж байгаагаараа энэ төслийн инфляцийг өдөөх эрсдэл бага юм. Цаашдаа зөв гольдрол руу ороод явах бололцоо бүрдсэн.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгосон зээл олголт ямархуу явж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж 70 тэрбумын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газраас батлагдсан. Нийт 588 төсөл дэмжигдсэн. Энэнд жижиг үйлдвэрүүдийг түлхүү хамруулахаар зорьсон. Өмнө нь ихэнх мөнгийг өндөр үнэтэй төслүүд авчихаад хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Үүнийг халсан.

Хуучин шалгарсан төслийн 20-30 хувь нь банкинд тэнцдэг байсан бол энэ жилийн төслийн 50 хувь банкны шалгаруулалтыг дааж гарсан. Зөв төслүүд оржээ гэдгийн тоон нотолгоо. Зээл авах боломжгүй унасан төсөл бол 256. Өнөөдөр банкаар баталгаажаад санхүүжилт аваад явж байгаа төсөл бол 152 төсөл.

Мөн ноолуурын экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25 экспортын компани дэмжигдсэн. Үүнээс 14 төсөл батлагдаж 70.1 тэрбумын зээл аваад хэрэгжүүлээд явж байна. Үр дүн нь 2016 оны нэгдүгээр сард нэгтгэгдэж гарна. Энэ 25 компани экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлсэн бол зээл үргэлжлээд олгогдоод сунгагдана. Эспортын төвшингөө нэмэгдүүлээгүй бол цаашдаа зээл авах эрх нь хаагдана.

Цаашдаа буюу 2016 оноос Аж үйлдвэрийн яам хөнгөлөлттэй зээлийг бодлогын зээл рүү шилжүүлнэ.

-Концессын гэрээгээр баахан ажил хийхээр төлөвлөсөн. Ажил нь эхэлсэн юм уу?

-Засгийн газрын тогтоолоор концессоор нийт 77 төсөл хэрэгжихээр шийдвэр гарсны 15 нь хүчин төгөлдөр гэрээтэй. Үүнээс Багануурын ТЭЦ, ТЭЦ-V, Эрдэнэт-Овоотын төмөр замын зэрэг төсөл нь нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж байгаа. Мөн 250 сая ам.долларын авто замын төсөл хэрэгжиж байгаа. Үүний дийлэнх нь аймгуудыг авто замаар холбох төсөл. Зөвхөн баруун бүсийг авто замаар холбох 4 концессийн төсөл хэрэгжиж байна. Баруун бүсийг автозамаар холбох нь стратегийн ач холбогдолтой. “Торгоны зам” ярьж байгаа энэ үед баруун бүсийг босоо болон хэвтээ тэнхлэгийн автозамаар холбох нь гурван улсын хооронд хамгийн дөт бөгөөд эдийн засгийн үр ашигтай. 2017 он гэхэд концессоор хийгдэж байгаа замын ажил дуусна.

Эдийн засаг хүндрэлтэй үед концессийн гэрээгээр төсөл хэрэгжиж байгаа нь хамгийн үр дүнтэй. Өнөөдөр Монголд хоёр зүйл явахгүй байгаа. Нэг нь уул уурхайн хөрөнгө оруулалт. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ унасан үед хэн манайд хөрөнгө оруулахаар оруулж ирэх билээ.

Одоо Өрийн удирдлагын хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Одоо концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа ажлууд 5-6 жилийн үйлчлэлтэйгээр эргэн төлөлтөөр хийхээр тусгасан. Гэтэл Өрийн тухай хуулиар тухайн гэрээний нийт дүн жилийн дотор тухайн оны өр болж бичигдэж байгаа нь буруу. Үүнийг он ондоо эргэн төлөгдөх нөхцөлөөр үйлчлэлийг зааж өгөх хэрэгтэй. Концессийн ажиллагаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хэмжээний заалт асуудал дагуулж байна. Олон жилийн хугацаатай үе шаттай хэрэгжихээр концесст заасан. Гэтэл том хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засаг шаардаж, тэлсэн. Энэ тэлэлтийг агшаах шаардлага бидэнд байхгүй. Тиймээс өрийн таазын асуудлыг эргэж харах шаардлагатай.

-Хөдөө аж ахуйн паркийн төслийн шалгаруулалтын дүн гарсан уу?

-Хөдөө аж ахуйн паркийн төслийн шалгаруулалт ид дундаа явж байна. Энэ хүрээнд ЖДҮ-ийг бодлогын зээлээр дэмжинэ.

-Ерөнхий сайд төсвийн тодотголын хүрээнд төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг тодорхой хувиар хасах санал гаргасан. Үүнийг дэмжиж байгаа юу?

-Эдийн засгийн хүндрэлтэй, төсөв алдагдалтай байгаа. Хамгийн гол нь ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал. Энэ нь төсөв төдийгүй хувийн хэвшилд ч хэрэгтэй. Тиймээс цалингийн зохицуулалтыг уян хатан барих хэрэгтэй. Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаа.

-Чөлөөт бүс байгуулах хүрээнд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын явц ямар байна вэ?

-Чөлөөт бүсийн хууль батлагдсанаас хойш Замын-Үүдийн чөлөөт бүс эрчимтэй явж байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсэд 18 компанийн төсөл шалгарсан. Төслийн шалгаруулалт эцсийн шатандаа сонгогдоод явж байна. Түүнээс гадна БНХАУ-аас энэ бүсэд тодорхой хэмжээний газрыг авч үйлдвэр байгуулах санал ирсэн. Бид энэ саналыг дэмжсэн. Хил дамнасан чөлөөт бүсийн асуудал анхаарал татаж байна. Үүнийг Хятадын тал маш эрчимтэй хурдан явуулах хүсэлтийг тавьсан. Бид ажлын хэсгийн түвшинд ярилцаж, Засгийн газарт танилцуулга хийгээд үүрэг өгөгдсөн. Замын-Үүдийн болон хил дамнасан чөлөөт бүсийн асуудал цаашид эрчимтэй үргэлжлэх чиг хандлага руу орсон.

Алтанбулагийн чөлөөт бүсэд дэд бүтцийн асуудлыг эхнээс нь шийдээд концессийн гэрээ рүү орж байна. Хуучин орхигдсон ажлыг гүйцээх чиглэлээр хугацаа алдсан ажил руу орсон. Алтанбулагийн чөлөөт бүс дээр ОХУ, БНХАУ-ыг хооронд нь холбох холбоосыг хийх чиглэлээр явахгүйгээр хөгжих боломжгүй. Саяхан Алтанбулагийн чөлөөт бүсэд БНХАУ-ын компани тодорхой хэмжээний газар хүсч, худалдаа хөгжил, ложистикийн төв байгуулах санал тавьсан. Үүнийг чөлөөт бүсийн хуулиар зохицуулаад шийдвэрээ гаргаад явж байна. Хоёр чөлөөт бүсэд ямар ч улсын хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулах бүрэн эрхтэй. Тийм учраас гуравдагч орны улс ч хөрөнгө оруулах бололцоотой. Замын-Үүдийн чөлөөт бүсийг хил дамнасан чөлөөт бүс болговол гуравдагч орны хөрөнгө оруулагч нар орж ирэх бололцоотой.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж