“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа | News.MN

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.11.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь байгаль орчны талаарх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ач холбогдолтой Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат танилцуулав. 

Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. 

2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгаа юм байна.

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг Н.Цэрэнбат гишүүн танилцуулсан. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн төсөл санаачлагч үзжээ. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Монгол хүний генийн асуудал ялангуяа хоол хүнс, бие бялдар, цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицсон байдал, зан заншилтай нь холбож, Монгол хүний генийн чадавхийг нарийвчлан судлах асуудалд онцгой анхаарал хандуулах, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ховордсон ургамлыг хамгаалах, ашиглах зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, энэхүү асуудлаар сурталчлан таниулах ажлыг хийх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байгальд ургаж байгаа биологийн нөөц ховор ургамлыг хамгаалах, ашиглах, хадгалах, нэн ховор, ховор зүйл ургамлыг тарималжуулах асуудалд анхаарах, биотехнологийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны салбар судалгааны байгууллагуудын оролцоог хангаж, төрөөс дэмжих зэрэг саналыг тус тус хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.4 хувь нь дэмжив.

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлав

Мөн хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад  хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь  21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулахдаа, дээрх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн гэлээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. 

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа. Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв.  Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон тэмдэглэлт үйл явдал. Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 буюу 59 хувь нь тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн. Уг тогтоол 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулна. 

Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. 

1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдан нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийн бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажиж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, холбооны үйл ажиллагаанд цаашид баримтлан ажиллах зарчимыгтодорхойлон хуулийн нэр томьёог тодотгож, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулж, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болж, төрийн ба төрийн бусад байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг зохицуулах хууль зүйн болоод практикийн ач холбогдолтой гэв. 

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GOTOV 2019-11-29 150.129.142.30

OIN MEDAL NERTEI HOGOOR YU HIINEE. ARD TUMNII AMIDRAL TAARUU BAIHAD,

Avatar

зочин 2019-11-29 64.119.27.76

ОДОО ОДОН МЕДАЛЬ НТР ГЭЭД ХӨӨРЦӨГЛӨӨД БАЙХ ЦАГ МӨН ҮҮ?
ӨР ШИРЭЭ ЯАХ УУ, АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ ЯАЖ ӨӨД НЬ ТАТАХ
ВЭ ГЭДЭГТ Л САНАА ЗОВЖ БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ НОЁДОО!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж