“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж, 2019 онд төгссөн судлаачид өнөөдөр /2019.11.29/ “1000 инженер” нээлттэй илтгэлээ олон нийтэд танилцууллаа. Энэ төсөл нь 2014 оноос эхлэн 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ жил тав дахь жилдээ хэрэгжиж байгаа аж. Төслийн хүрээнд 1000 инженер Япон улсад бэлтгэхээс Монгол Улсаас 570 хүн давхардсан тоогоор суралцаж, судалгааны ажил хийж байна гэдгийг мэргэжилтэн хэлж байв.
Энэ үеэр илтгэл хэлэлцүүлж байсан МУИС-ийн судлаач Д.Сумъяаханд томуу, хүүхдийн хатгаа, сэтгэл гутралыг хэмжиж болдог анагаахын скрининг системийн хөгжүүлэлтийг дата боловсруулалтаас эхлээд эмнэлгийн байгууллагуудад хэрэгжүүлэх хүрээнд судалж, Монгол, Японы эмнэлгүүдэд хийсэн туршилтаар баталгаажуулсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.
“ТОМУУ, ХҮҮХДИЙН ХАТГАА, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ МОНГОЛД ТУРШСАН”
Тэрбээр “Би МУИС-д 2016 оноос лаборантаар ажиллаж эхэлсэн. Тэр ондоо “1000 инженер” төсөлд хамрагдаж, Япон улсын Метрополитаны их сургуульд доктороор элссэн. Энэ хугацаандаа Монгол орны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг судалж, шийдвэрлэхийн тулд анагаахын инженерчлэлийн судалгааг сонгон гурван жил суралцсан. Миний судалгааны сэдэв бол “Амин үзүүлэлтүүдэд суурилсан машин сургалт хэрэглэсэн анагаахын скрининг системүүдийн хөгжүүлэлт болон тэдгээрийн эмнэлгийн хэрэглээ”-г судлах юм.
Дэлхийн нийт хүм амын нас барах голлох шалтгааны нэг өвчлөл бол томуу, томуу төст өвчлөл, хатгалгаа орж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод хүн амын нягтаршил, агаарын бохирдол ихтэй байгаагаас бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, хатгаа өвчин газар авч байна. Тиймээс бид томуу, хүүхдийн хатгаа, сэтгэл гутралын өвчнүүдийг илрүүлэх машин сургалтын санамсаргүй модны аргад суурилсан анагаахын тоног төхөөрөмжийн хөгжүүлэлтийг хийж, эмнэлгүүдэд хэрхэн хэрэглэж болохыг Монгол, Японы эмнэлгүүдэд хийсэн бодит туршилтаар баталгаажуулсан” гэв.
Томуу болон хүүхдийн хатгааг хүний биеийн дулаан, амьсгалын тоо болон зүрхний цохилтын тоог ашиглан илрүүлэх бол сэтгэл гутралыг илрүүлэхдээ зүрхний цохилтыг ашиглан хэмжих гэнэ. Уг анагаахын скрининг систем нь зурагтны удирдлага шиг хэмжээтэй бөгөөд өвчнийг богино хугацаанд үнэн зөв илрүүлэх ач холбогдолтой байх ажээ. Цаашид энэ судалгааны ажлыг Япон, Монголын судлаачид хамтран хөгжүүлж, Монгол Улсад тулгамдаж буй сүрьеэ өвчнийг илрүүлэхээр ажиллана гэдгийг хэлж байв.
“1000 ИНЖЕНЕР” ТӨСӨЛД ХАМРАГДАХАД ЗААВАЛ ЭХ ОРОНДОО АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛДАГ
Манай “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Төслийн үндсэн гурван хөтөлбөрт хамтарсан судалгаа, “Коосэн” хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр зэрэг багтана. Үүний хамтарсан судалгааны хөтөлбөрөөр Япон улсад МУИС, ШУТИС-аас суралцсан багш судлаачдын судалгааны илтгэлийг өнөөдөр танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар Япон улсад магистр болон докторын хөтөлбөрт 94 хүн хамрагдсанаас 40 хүн нь их сургуулиа төгсч эх орондоо ажиллаж байгаа. Тэдний 14 хүн нь доктор цолтой, 26 магистр зэрэгтэйгээр МУИС, ШУТИС-т багшилж байна. Харин үлдсэн 54 хүн нь Япон улсад магистр, докторын зэргээр суралцаж, хараахан төгсөөгүй байна. Мөн 234 гаруй хүн зэргийн бус судалгаагаар Япон улсад судалгааны ажил хийж, их сургуульдаа ажиллаж байна.
Манай төсөлд хамрагдаж буй оюутан, багш, судлаачид нэгдүгээрт заавал эх орондоо ажиллах гэрээг байгуулж явдаг. Энэ гэрээг барьцаа хөрөнгийн баталгаа гаргуулж, байгуулдаг. Хоёрдугаарт их сургуулиа төгсч ирээд таван жил хүртэл тогтвортой мэргэжлээрээ улсдаа ажиллана гэдэг гэрээтэй байдаг. Тийм учраас манай төслийн эхний “Коосэн” хөтөлбөрт хамрагдсан 25 хүн энэ оны гуравдугаар сард коллежээ төгсч ирээд, Монгол Улсын тэргүүлэх 18 аж ахуй нэгж, үйлдвэрт ажилд орж, амжилттай ажиллаж байна. Одоогийн байдлаар энэ төсөл хөтөлбөрт хамрагдаж, Японы их сургуульд суралцаж төгсөөд, эх орондоо ирээгүй тохиолдол гараагүй” гэдгийг төслийн зохицуулагч Д.Намсрай яриандаа онцоллоо.
800 ЖИЛИЙН ТҮҮХТ ХАРХОРИН ХОТЫГ ВИРТУАЛ ОРЧИНД БАЙГУУЛЖ, АЯЛУУЛНА
“Миний үндсэн мэргэжил математикч хүн л дээ. Хожим Япон улсын Иватэ их сургуульд инженерийн ухааны зэрэг хамгаалж, ажиллаж байгаад ирсэн. Тэгээд Монголдоо их сургууль дээр судалгааны нээлттэй лабораторийг байгуулсан юм. Манай лабораторийн судлаачид хамтран одоо Хархорин хотыг виртуал орчинд дахин байгуулах ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний хотыг 800 жилийн өмнөхөөр нь гурван хэмжээст компьютер дээр дахин байгуулж байгаа гэсэн үг.
Ингэхийн тулд түүх, архелогийн судлаачдын зөвлөгөөний дагуу бүтээж байна. Харин тэр хотоор аялах хүн нь тусгай өмсгөл өмсч, яг тэр үеийн Хархорин хотын гудамж, хааны ордонд зочилж, худалдааны гудамжаар нь явж, харуул цэрэгтэй уулзаж цаг хугацааны аялал хийж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх юм. Дараа жил Хархорин хотын 800 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа. Ойн хүрээнд тэр түүхэн үйл явдлыг залуу хойч, үедээ бодитоор мэдрүүлж, ойлголт төрүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болно гэж бодож байна” гэдгийг Монгол Улсын их сургуулийн профессор А.Энхбаяр ярилаа.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ