Монголын чөлөөт бөхийн тамирчид 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Ямар ч тэмцээнд оролцсон монголчуудын итгэл найдвар тавин хүлээдэг төрөл бол бөхийн чөлөөт барилдаан байдаг.
Тэр утгаараа чөлөөтийнхөн энэ удаа дэлхийн дэвжээнд аваргаа баталж, аваргын төлөө өрсөлдөж, таван медаль хүртсэн, ялангуяа эрэгтэй бөхчүүд гурван медальтай эх орондоо ирсэнд спорт сонирхогчид, дэмжигчид туйлын баяртай байгаа билээ.
Монголчууд “Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэг.
Дэлхийн аваргад амжилт үзүүлж, сайн барилдаад ирсэн Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид тэдний бэлтгэл сургуулилтад тусалж, дэмжиж ирсэн О.Оргил захиралтай “Арвайн үндэс” ХХК, У.Баатар захиралтай “Монгол 333” корпораци, Гавьяат тамирчин Н.Бүргэдаа нарт талархал илэрхийлж, уулзсан байна.
Энэ тухайгаа тэд мөн манай сайтаар дамжуулан уламжилж, “Арвайн үндэс” компанийн хамт олонд амжилт хүслээ.
Б.ЭНХ