Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг нь Сангийн анхны сайд гүн Гадинбалын Чагдаржав билээ. Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг Засгийн газар, “Чагдаржав” сан хамтран өнөөдөр /2019.11.29/ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд Төрийн ордны их танхимд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, мөн Төрийн түүхийн музейд Г.Чагдаржавын хөргийг залах ёслол зохион байгууллаа.
1911 онд Монгол улсын тусгаар тогтнолын эрх чөлөөний хувьсгалыг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь энэхүү Түшээт гүн Г.Чагдаржав байжээ. Тусгаар тогтносон анхны түр засгийн тэргүүн, сангийн сайдаар томилогдож, хошой Чин вангийн хэргэм хүртжээ. Тэрээр удам угсаагаараа их эзэн Чингис хааны 31 дэх үе Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн угсаа боржигон овогтой хиад ястан алтан ургийн хүн. Г.Чагдаржав багаасаа гэрийн сургуулиар Манж, Монгол бичиг гаргууд сайн сурч, түүх шастир их уншиж, улс төрийн зэгсэн боловсрол олсон, ааш зан тогтуун зөөлөн, аливаад уцаарладаггүй, ард олноо гэсэн ухаалаг хүн байсан хэмээн настайчууд ярьдаг. Үнэхээр улс төрийн уян хатан ухаалаг бодлого нь улс орныг тусгаар тогтнох их үйлсэд ч нөлөөлсөн гэдгийг түүх судлаачид хэлдэг. Г.Чагдаржавыг Монголын тусгаар тогтнолын том зүтгэлтэн гэж үздэг. Тэрээр Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээнд гол үүрэгтэйгээр оролцсон төдийгүй тусгаар Монгол Улс байгуулах үйл хэрэгт эх орончийн байр сууриас хүчин хүчин зүтгэж байсан нөлөө бүхий ноёдын нэг байлаа.
Гүн Чагдаржавын үе хойч 400 гаруй хүн Дундговь нутагтаа болоод Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм.
"ЭЛЭНЦ ӨВӨӨ МААНЬ БОГД ХААНТАЙ ХАМГИЙН ОЙР БАЙСАН НЬ ТҮҮХИЙН БАРИМТАД ҮЛДСЭН"
Монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1911 оны Үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Гадинбалын Чагдаржавын талаар өгүүлсэн “Түшээ гүн, түшээт чин ван Г.Чагдаржав”, “Бичиг баримтын эмхэтгэл буюу зарлигийн эмхэтгэл” гэсэн хоёр ном бий. “Бичиг баримтын эмхэтгэл буюу зарлигийн эмхэтгэл” номын хоёрдугаар боть нь удахгүй хэвлэгдэх аж. Ингэснээр 1911 оны Үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Гадинбалын Чагдаржавтай холбоотой бүх баримтын судлагдахуун нь болох юм байна.
Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржавын зээнцэр А.Миеэгомбо элэнц өвөөгийнхөө талаар ийн ярьсан юм.
Тэрбээр “Элэнч өвөөгийн маань түүхэнд гүйцэтгэсэн үүргийг аваад үзэхэд тухайн үед хамтдаа хувьсгалыг хийж байсан хүмүүсээс онцлогтой хэд хэдэн тал бий. Тухайлбал, 1911 оны үндэсний хувьсгалыг зохион байгуулж байсан удирдагчдын нэг нь. Мөн Халхын Хүрээний газрын бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэх газрын даргаар ажиллаж байсан. 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монголчууд Богд гэгээнийг хаан ширээнд залахад Гадинбалын Чагдаржавт Монгол Улсын төрийн тамга өргөх томоохон хувь заяа оногдсон байдаг. Энэ нь хэн хүнд олдоод байхгүй хувь тавилан мөн асар их итгэл хүлээлгэсэн нь Богд хаантай хамгийн ойр байсных нь илэрхийлэл.
Богд хаант Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайдаар нь ажиллаж байсан. 1911 он хүртэл Монгол Улс Манжийн дарлалд байхдаа нэгдсэн сан хөмрөггүй байсан. Ингээд тусгаар улс болсноор мөнгөн хөрөнгөө өөрсдөө төвлөрүүлэх хэрэгтэй болсон. Тус мөнгөн хөрөнгөө хэрхэн, яаж татан төвлөрүүлэх үү талаар олон ажил хийсний нэг нь Монгол Улс анх удаа өөрсдөө татварын системээ бүрдүүлж төрийн гааль, татварын орлогын баазыг зохих ёсоор арвижуулж, газрын хэвлийн баялгийг түрээсэлж мөнгө санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрийг хангах эхлэлийг тавьсан байдаг. Үүнд Сангийн яамны үүрэг өндөр байсан гэж үздэг.
Мөн Монгол-Хятадын хооронд 1912-1915 онуудад болсон Таван замын байлдаанд Монголоос 10 мянган цэрэг оролцож, Хятадуудыг Монголын нутгаас хөөж гаргах том ажиллагаа болсон. Энэ нь цаашлаад Өвөр монголын нутгийг хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан. Гэтэл Орос, Хятад хоёр улсын хоорондоо тохиролцсоны дагуу Өвөр Монголыг хятадууд авна гэж тохирсон байдаг. Таван замын байлдаанд Монголын цэргүүд хятадуудыг Цагаан хэрэм хүртэл түрсэн байдаг. Үүнд Гадинбалын Чагдаржав нэг замын цэргүүдийг ахалж байсан. Тухайн үед ажиллаж байсан таван сайдаас ганц цэргийн зүтгэлтэн сайд нь манай элэнц өвөө байсан гэдэг. Хэдийгээр Сангийн сайд байсан ч цэрэг батлан хамгаалах бүхий л асуудалд өөрийн хүсэл зорилгоор оролцож байсан нь архивын олон баримтад үлдсэн.
“ЧАГДАРЖАВ” САНГИЙН ТЭРГҮҮН Б.АМАРСАНАА: БИД ТУСГААР ТОГТНОЛ ГЭДГЭЭ ӨНӨӨГИЙН БАЙГААГААР БИШ ЯАЖ ОЛЖ АВСАН, ЯАЖ БИЙ БОЛГОСОН БЭ ГЭДГЭЭ МЭДДЭГ БАЙЖ АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ ҮНЭЛЖ, ДҮГНЭНЭ
“Өнөөдөр дэлхий даяар тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг хүн бүр ярьдаг. Гурван сая гаруй монголчуудад тусгаар тогтносон улс үлдээхэд хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь Гадинбалын Чагдаржав. Бид тусгаар тогтнол гэдгээ өнөөгийн байгаагаар биш яаж олж авсан, яаж бий болгосон бэ гэдгээ мэддэг байж ач холбогдлыг нь үнэлж, дүгнэнэ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар найман илтгэл тавигдаж байгаа нь Гадинбалын Чагдаржавын түүхэнд гүйцэтгэсэн үүргүүд нь ямар өргөн цар хүрээтэй байсан бэ гэдгийг харууллаа. "Улс төрийн өндөр мэдлэгтэй хүн" байсан гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн Монгол Улсын Сангийн яамны анхны сайд буюу Монгол Улсын санхүү, эдийн засгийг шинэ тогтолцоонд оруулах, санхүү хөмрөгийг бий болгоход хувь нэмрээ оруулсан түүхэн хүн. Мөн батлан хамгаалахын салбарын томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь түүх судлаачид дурдаж байна. Гадинбалын Чагдаржав нь хоёр улсын болон олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээр байгуулахад оролцож байсан дипломатч хүн” гэв.
Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр Академич, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батсайхан, ШУГЗ, Түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Урангуяа, АЕГ-ын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч Ш.Эрдэнэбат, Доктор, хошууч, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга Т.Сүхбаатар, Түүхийн ухааны доктор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Төмөрхүлэг, МБШТ-ийн Гандантэгчэнлэн хийд, Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Доктор, Архивын Ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Г.Дашням нар чин ван Г.Чагдаржавын түүхэнд гүйцэтгэсэн үүргүүдийг тодотгож найман сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, МУИС-ИЙН ПРОФЕССОР Ж.УРАНГУЯА: Г.ЧАГДАРЖАВ МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУЛГИЙН ЧУЛУУГ ТАВЬСАН
Тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг өрнүүлэхийн тулд Халх дөрвөн аймгаас тус бүр хоёр түмэн цаас гаргахыг уриалсны дагуу нэр бүхий хошууд болон хувь хүмүүсээс эл хэрэгт зохих хэмжээний мөнгийг хандивлаж, хуримтлагдсан мөнгийг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамд тушаасан нь төрийн сан хөмрөгийн эх үүсвэр тавигдсан эхлэлтэй.
Тулгар төрийн санхүүгийн алба бүрэлдэн тогтож, хөгжихөд Сангийн яамны анхны тэргүүн сайд Г.Чагдаржавын үүрэг үлэмж их. Тэрээр Халхын хүрээний бүх хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын хоёр эрхэлсэн даргын нэг нь байсан бөгөөд туурга тусгаар улсынхаа тулгийн чулууг тавилцаж, мөн улс орны амин чухал асуудлыг хариуцан, эдийн засгийн тусгаар байдлын төлөөх тэмцэлд зохих хувь нэмэр оруулсан төрийн түшээ юм. Түшээ гүн Г.Чагдаржав Монгол Улсын Санхүүгийн төв байгууллагын тулгийн чулууг тавьж, төсөв санхүүг барих, улсын сангийн орлогыг нэмэгдүүлэх, татварын бүрдүүлэлтийг цэгцлэх, байгалийн баялгаас олох орлогыг нэмэгдүүлэх, худалдааны бодлогод шинэчлэл хийж улс орноо тухайн цагийн түвшний улс шиг улс болгохын төлөө амсхийх чөлөөгүй зүтгэсэн байдаг. Оросоос хатуухан болзолтойгоор авсан 6000 гаруй рублийн зээл мөнгө санхүүгийн хэрэгцээг бүрэн бус боловч хангаж байсан. Тухайн үед санхүүгийн туршлагатай мэргэжилтэн хүн ховор, хөрш орнууд Монголд туслахаасаа илүүтэй Монголыг эрхшээлдээ оруулахыг хичээж байсан зэрэг хүнд цаг үеийг Г.Чагдаржав туулсан ч түүний эх орноо гэсэн сэдэл тэмүүлэл нийгмийн сэтгэхүйд маш хүчтэй байсан нь аливаа бэрхшээлийг давахын төлөөх үйл ажиллагааг идэвхжүүлж байсан. Монголын эдийн засаг сул ядуу байсан ч нийгэмд хөнөөлт хар тамхи, архи, дамын наймаа зэргээр ашиг олохыг Монголын Засгийн газар эрс эсэргүүцэж байсан” гэв.
ШУА-ИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН О.БАТСАЙХАН: Г.ЧАГДАРЖАВ ГУРВАН УЛСЫН ГЭРЭЭНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН
Хиагтын гурван улсын гэрээний үеэр Орос, Хятадын төлөөлөгчид, ялангуяа хятадын эрх баригч Монголыг “Улс” хэмээн томьёолохыг эрс эсэргүүцэж, “Хэрэв улс хэмээн бичвээс Хятадаас салсан болох ба Орос улс залгихад хүрнэ” гэхчилэнгээр Монголын төлөөлөгчдийг айлган сүрдүүлэх оролдлого нэг бус удаа гарч байсан ч Г.Чагдаржав нар алсын хараа, ноён нуруу, уужуу тайван сэтгэл, тэвчээр зориг зааж давч гарч чадсан түүхийн баримтад үлдсэн. Энэхүү гурван улсын гэрээний үеэр Монголын хил хязгаарын асуудлыг хэлэлцэхэд Г.Чагдаржав нар үнэхээр мэдлэг чадвар гаргаснаар өдгөө Монгол нутгийн Дарьганга, Цагаан түнх зэрэг газрыг оруулахгүй байх гэсэн Хятадын төлөөлөгчдийн санаархлыг тас цохиж чадсан. Гурван улсын гэрээнд оролцогчдын зүтгэлийг Богд хаантнаас сайшаан тэмдэглэж, Чагдаржавт зарлигаар үе улиран засаг хошой чин вангийн хэргэм шагнан хүртээж байсан.
Холбоотой мэдээ