Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар

Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар

ДЭЛХИЙ НИЙТИЙН ҮНДСЭН ХУУЛИУДЫН НИЙТЛЭГ

ЗАРЧИМ БА МОНГОЛ ЗАГВАР

“Багшид, насад шүтвээс эрдэм аяндаа гарна.”

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор,

Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан Д.Лүндээжанцан

           Дэлхий дахинд Үндсэн хуульт ёс төлөвшин тогтож, өнөөгийн өнгө төрхөө олон хөгжиж буйн дунд Монгол Улсын Үндсэн хуульт ёс өөрийн гэсэн өвөрмөц төрх, байр суурийг хэдийнээ бий болгож чадсан.

            Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Бүгд Найрамдах засаглал, улмаар парламентын засаглал бүхий ардчилсан дэглэмийг Үндсэн хуулиараа тунхаглан бэхжүүлсэн нь яахын аргагүй дэлхий нийтийн үндсэн хуулийн үнэт зүйлс, нийтлэг зарчмуудтай хөл нийлэн алхаж буйн баталгаа мөн.Үндсэн хууль бол угтаа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Энэ ч учраас Үндсэн хуулийн үнэт зүйлс, нийтлэг зарчмуудыг тогтоож туурга тусгаар улс орон, засаг төрийнхээ зорилго тэмүүлэл, алсын хараа, төрийн байгууламж, засаглалын хэлбэр, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны хөгжлийн түвшинд хүргэж нийгмийн бүлэг, давхраануудын зөвшилцлийн үндсэн дээр тогтоодог хууль эрх зүйн дээд эх сурвалж юм.

            Өнөөдөр энэхүү илтгэлийг хоёр Д.Лүндээжанцан тавьж байгаа юм. Нэг нь судлаачийн хувьд, нөгөө нь Үндсэн хуулийн эхийг бичигч, эхийг баригч, Монголын хуулийн ерөнхий архитектор Бяраагийн Чимид хэмээх их багшийнхаа нэгэн өчүүхэн шавь Лүндээжанцан хэмээх жирийн нэгэн оюутны хувьд тавьж байна. Яагаад гэвэл миний бие 1975 онд МУИС-ийн хуулийн ангийн оюутан болж ороод тэр намраа Чимид багшаараа Шүүх, прокурорын зохион байгуулалт, II ангидаа БНМАУ-ын төр, эрхийн түүх, III ангидаа БНМАУ-ын захиргааны эрх, IV ангидаа Орон нутгийн удирдлага зэрэг хичээлийг тус тус заалгаж улмаар 1985 – 1989 онд боловсролын докторын зэрэг горилсон “Проблемы повышения роли мер административных ответственностей в охране природной среди МНР” диссертацийг багш маань удирдсан юм. Монгол Улсын Их Цааз нэрээр 1991-1992 он дамжин 70 гаруй хоног хэлэлцэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригчаар Б.Чимид багштайгаа хамт ажилласан билээ.

         Дэлхий нийтийн үндсэн хуулиудын нийтлэг зарчим

            Хүн гэгч бодгаль мөнхийн эргэлтэд оршдгийн хувьд үнэт зүйлс, хүсэл тэмүүлэл, алсын хараа нь үргэлжид хувьсан өөрчлөгдөж, эргэж буцаж байдаг ч өнөөдөр дэлхий нийтэд “Үндсэн хууль” гэгч эх сурвалж хэлбэр, бүтэц, арга зүйн хувьд хэдийнээ хэлбэршин тогтжээ. Харин хүмүүний хувьсал өөрчлөлтөөс хамаарч агуулга, төлөвшил харилцан адилгүй байна.

Мэдээллийн эрин зууны энэ цаг үед аль улс ямар хэлбэр, агуулга, үнэт зүйл бүхий үндсэн хуультайг олж мэдэж болох тул тэдгээрийг нурших нь энд илүүц бөгөөд харин дэлхий нийтэд Үндсэн хуулийн шууд тогтсон хэв загвар гэхээс илүүтэй тухайн улс үндэстний оюуны сэтгэлгээнээс хамааран нийтлэг бус хэв загварын цөөн хэдэн үндсэн хууль бий. Тухайлбал Израйль улсын үндсэн хууль гэхэд л 12 төрлийн суурь хууль (Basic Law) – аас бүрддэг бол Английн бичмэл бус Үндсэн хуулийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Дэлхийн хамгийн анхны үндсэн хууль XVII зуунд бүтээгдсэн бөгөөд тэр үед улс үндэстнүүд бүхэлдээ улс төрийн шинэ тогтолцоонд орж байсан тул тэрхүү үндсэн хуулийг хувьсгалын пакт гэж дүрсэлсээр ирсэн байна. Тэр цагаас эдүгээ хүртэлх хугацаанд дэлхий нийтээр олон янзын Үндсэн хуулийг бүтээсэн байдаг. Тэдгээрээс цөөнгүй тооны Үндсэн хууль 1989 он буюу хүйтэн дайны төгсгөлд бүтээгдэж “шинэтгэлийн” гэж нэрлэгдэх болжээ. Учир нь эдгээр Үндсэн хуулийн зорилго нь ардчилсан институцийг бэхжүүлэхэд оршиж байв.

Аливаа үндсэн хуулийн гол үүргийн нэг нь Засаглалын институцийг тогтоох болон улсын эрх мэдлийг хэн ямар зорилгоор хэрхэн хэрэгжүүлэхийг тогтооход оршдог байна. Гэхдээ үндсэн хууль гэдэг тэнгэрээс унаж, газраас ургадаг зүйл биш юм. Гагцхүү зөвшилцөх замаар, түүхийн үйл явцаас сонголт хийх болон улс төрийн тэмцлийн замаар Үндсэн хуулийг ард түмэн бүтээдэг билээ.

Ардчилсан тогтолцооны үед эрх мэдлийн тулгуур эх сурвалж нь иргэд өөрсдөө байдаг. Тэдний хувьд Үндсэн хууль өөртөө нийгмийн гэрээг агуулдаг гэж үздэг бөгөөд эргээд иргэдийн дэмжлэгийн хариуд тэдний сайн сайхны төлөө Засгийн газрын эрх мэдлийг зохих хэмжээнд хязгаарладаг. Энэхүү эрх мэдлийг хязгаарлах үзэл санааг “Үндсэн хуульт ёс” гэж томьёолдог.

Үүнтэй зэрэгцээд өнөө үед Үндсэн хуулийн гол ач холбогдол нь дээр дурдсан үндсэн үүргээс аль хэдийн давсан байна. Улс төрийн илүү сайн тогтолцоо руу өөрчлөлт хийхийн тулд Үндсэн хуулийг олон нийтээр хэлэлцүүлдэг. Улс үндэстэн бүр төр, засаглалд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг Үндсэн хуультайгаа уялдаатайгаар хайсаар байна. Өнөөдөр эдгээр асуудлууд нь авилгаас санхүүгийн хямрал хүртэлх, хүрээлэн буй орчны доройтлоос их нүүдэл, цагаачлал, дүрвэгсэд гэх мэт асуудлуудыг хүртэл хамарч байна. Ард түмэн үндсэн хуульд тусгагдах асуудлыг зөв сонгоход оролцох болон түүнийг хэлэлцэн шийдвэрлэх үйл явц ардчилсан зарчмаар явагдаж олон нийтийн оролцоог хангаж байхыг шаардах болов.

Улс төрийн үгсийн санд “Шинэ үндсэн хуульт ёс” гэдэг нэр томьёо орж ирсэн нь үндсэн хуулийн шинэ ач холбогдол чухал болохыг нотолж буй хэрэг юм. Үүний сорилт нь Үндсэн хууль бүтээхдээ нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг хамгийн өргөн хүрээнд сонсох явдал бөгөөд эдгээр бүлгүүдэд эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, нийгмийн эмзэг хэсэг хүртэл багтана.

Түүнчлэн аль ч улсад, ямар ч нийгэмд санал зөрөлдөөн Үндсэн хуулийн зөрчилдөөнд хүргэж байна. Хуучин үндсэн хуулиуд нь колончлолоос үүдэлтэй зөрөлдөөний үндэс байсан бол Шинэ үндсэн хуулиуд нь төрийн талаар ялгаатай байр суурь болон төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж буй бүлгүүдийн хоорондох хүчирхийллийг таслан зогсооход чиглэгдэж байна. Эдгээр Шинэ үндсэн хуулиуд нь эзэрхэг ёс, хэмжээгүй эрхт засаг, улс төрийн замбараагүйтлыг ардаа орхиж, энх тайван болон ардчиллын шинэ эриний тухай тунхаглах болно гэсэн хүлээлт дээр суурилдаг байна.

Хүний эрхийн асуудлыг Үндсэн хуульд оруулж өгөх, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, хууль сахиулах байгууллагыг иргэний ардчилсан хяналтад оруулах, иргэн бүр чөлөөтэй ажиллаж амьдрах, шударга, итгэл үнэмшилтэйгээр сонгуульд оролцох эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар дахин “шинэ дугуй зохион бүтээх шаардлагагүй болжээ.

Үндсэн хуулийг боловсруулах бүрт шийдвэрлэх ёстой олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Жишээлбэл, эрх мэдлээсээ татгалзаж удирдлагаа алдахгүйн тулд бүхнийг хийж буй албан тушаалтан байж болно. 1990-ээд оны үйл явдлын дараах өнөөгийн дэлхий ертөнц дэх эрх мэдлийн төвлөрлийг сайн муугаараа хэлүүлж ирсэн хүйтэн дайны төгсгөл үеийн Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев “эрх мэдлийн төвлөрөл нь дэлхийн өнцөг булан бүрт үндсэн хуулийн ардчилалд аюул занал учруулсаар ирсэн” гэснийг дахин тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.

Дэлхий маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Үндсэн хууль боловсруулахын хувьд өмнөх давуу тал нь өнөө үед дутагдалтай тал ч болох тохиолдол байна. Улс орнуудын Үндсэн хууль нь нийтлэг үнэт зүйлийг ойлгож авах дэлхийн хэмжээний эх сурвалж болж байгаа бөгөөд мэдээллийн технологийн ачаар нэг товч дарснаар л Үндсэн хуулийн олон загвар болон тэдгээрийн хувилбаруудад бүтээлчээр хандах боломжтой болжээ.

Үүнийг өгүүлэхийн учир залуу хойч үеийн эрдэмтэн, судлаач, оюутан залууст анхааруулан хэлэхэд өнөөдөр үндсэн хууль ямар байгаа, ямар байх ёстой талаарх мэдлэг, мэдээлэл ач холбогдлоо алдаагүй хэдий ч үндсэн хууль боловсруулах зарчим, арга зүйн талаарх нарийн мэргэшсэн судалгааны төрөлд шилжих зүй ёсны шаардлагатай байгаа болно.

Үндсэн хуулийг боловсруулахад тулгардаг нийтлэг үндэслэлүүд байдаг бөгөөд эдгээр нь ардчилсан засаглал, хууль дээдлэх ёс, олон талт байдлын зохицуулалт, жендэрийн тэгш байдал, шашин шүтлэг, олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй холбоотой зарчмууд юм. Улс орон бүр эдгээр зарчим, тэдгээрийн үзэл баримтлалыг боловсруулахдаа улс орон доторх аливаа хүчин зүйл, тэдгээрийн нөлөөлөл, хүрэхийг зорьж буй алсын хараа, үнэт зүйл зэргээс шалтгаалан өөр өөрөөр боловсруулж, өөр өөр үр дүнд хүрсэн байдаг.

Үндсэн хууль нь ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийг үндсэн зарчим хэлбэрээр илэрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд эдгээр нь шүүхийн тайлбараар дамжин өөр өөр цаг үед өөр өөр утгыг илэрхийлэх нь ч бий. Зарим үндсэн хууль нь хэдий ерөнхий боловч заавал дагаж мөрдөх дүрмийг тогтоох, эсхүл аль болох дээд түвшинд хичээн эрмэлзэх стандартыг бий болгодог байна.

Үндсэн хуульт ёс бол төрийн аливаа эрх мэдлийг хязгаарлагч, хүний үндсэн эрхийн баталгаа мөн бөгөөд хувь хүний “эрх” бүрийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэг бүрчлэн хуульчилж өгөх нь түүний гол цөм болдог.

Иймд Үндсэн хуулийн төсөл боловсруулах нь аль ч улс орны хуулийн төсөл боловсруулагчдын хувьд хамгийн хүнд даваа бөгөөд мөн түүнтэй дүйцэхүйц нэр төрийн хэрэг юм. Үндсэн хуулийн эдгээр шинж чанараас шалтгаалан Үндсэн хуулийн төсөл боловсруулах нь маш нарийн мэдрэмж, мэдлэг, алсын хараа, хамгийн жижиг болон хамгийн том хэмжээнд ихэсгэн харах системийн аналитик чадвар шаарддаг нэг төрлийн “урлаг” юм.

Үндсэн хуулийн монголын загвар

Монголчууд төрт ёс, хууль цаазын сэтгэлгээний хоёр мянга гаруй жилийн түүхэндээ “Гол мөрөн ширүүн боловч эргээ дагаж урсдаг, улс амьтан олон боловч хуулиа дагаж амьдардаг” гэдэг монгол ардын мэргэн үгийг ухааран ойлгож, ажил төрөл, аж амьдралаа зохицуулж ёс журам, дэг жаягаа сахиж эрхэмлэн дагах ухааныг “үеийн үедээ, цуснаас цусанд” өвлүүлсээр ирсэн гэдгийг энэ өдөр дахин сануулж хэлмээр байна.

Аливаа улс үндэстний төрийн хууль цааз нь нэгэн ишт байх дэг жаяг нь суут богдын “Их засаг” хуулиас эхтэй бөгөөд монголчуудын авах гээхийн арга, ухааны сорилыг даван уламжлагдсаар Монгол Улсын Үндсэн хуульт ёсны оюуны нэгэн эх ундарга нь болсон билээ.

Туурга тусгаар Монголын төр улс Үндсэн хуультай болсоор 95 жил, Ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдөөд 28 жилтэй золгосон байна. Төр улс нь гол хуультай, түүнээс бусад бүх хууль тогтоомж нь салбарладаг бөгөөд нийт олноороо сонгон байгуулагддаг Бүгд найрамдах засагтай байхыг Үндсэн хуульт ёс гэдгийг монголчууд нэгэнтээ мэддэг болжээ.

Монгол Улс түүхэндээ 4 дэх Үндсэн хуулиа хэрэгжүүлж байна. Орчин цагийн либералуудын томьёолсноор урьд өмнөх тунхаг буюу хөтөлбөр Үндсэн хуулиудаасаа хууль-Үндсэн хууль болсноороо, өөрөөр хэлбэл, Монголын ард түмний нийгмийн зөвшилцлийн гэрээ болж нийгмийн ардчилсан улс төрийн тогтолцооны бодит байдал (“байх ёстой” болон “байгаагийн” зөрүү)-ын эх бичвэр, үзэл санаа нь болж нийт иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулснаараа Монгол Улсын Үндсэн хууль, монголчуудын төр, хууль цаазын сэтгэлгээнд нэн содон үзэгдэл болсон юм.

Б.Чимид багш Монгол Улсын Үндсэн хуулийн ач холбогдлыг дүгнэж бичихдээ:

 “-     Улсад тусгаар тогтнол;

–        Иргэнд эрх чөлөө;

–        Хүн амд эрх тэгш байдал;

–        Эх оронд зах зээлийн эдийн засаг;

–        Төрд ардчилсан дэглэм;

–        Орон нутагт өөрөө удирдах ёс;

–        Үндсэн хуульд шүүхийн хяналт ба тогтвортой байдлыг олгож,

–        Монгол Улсын олон улсын нэр хүндийг бүрнээ сэргээн тогтоов.

Энэ бүхнийг бид бодит утгаар болон цаашдын суурь ач холбогдлоор нь Үндсэн хуулийн төлөвшил гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хэлбэрдлийн хуурмаг биш, хэрэгжиж буй бодит хууль юм. Харин энэ бүхэн шулуун дардан замаар, өөгүй цэвэрхэн өөрчлөгдөн хэрэгжиж буй гэвэл хоосон магтаал болно. Саад бэрхшээл мундсангүй” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Төр улсаа парламент, Засгийн газар, шүүхтэй нь нийт иргэн, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэхүй нь шүтэн барилдахуйн үндэс болой. Ардчилал үгүй бол Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт үгүй, эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болох тул өнгөрсөн хугацаанд бартаат замыг туулж олсон ардчиллаа төгөлдөржүүлэхэд Үндсэн хуулийн өнөөгийн үнэлэмж чиглэж байгаа юм.

Нөгөө талаар төр нь иргэний нийгэмтэй, төв засаг нь нутгийн удирдлагатайгаа эрх мэдлээ тэнцвэржүүлээгүй бол эрх мэдлийн төвлөрөл, дарангуйлал тогтох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх аюулаас хамгаалах найдвартай хана хэрэм үгүй болж мэдэх юм. Онолын хувьд ч, арга зүйн хувьд ч үлэмж ач холбогдол бүхий эдгээр асуудлын талаар их бичиж мэтгэлцэж ирлээ. Би бээр судлаачийн хувьд энэ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн болно.

Монголын оюун санааны амьдрал, нийгэм-улс төрийн бодит байдалд өрнөдөд шинэ эрч хүчээр өрнөсөн ардчиллын давалгаа сайнаар ч, саараар ч туссан. Даяаршин буй ертөнцөд энэ нь арга ч үгүй юм бизээ.

Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие даасан (харьцангуй, формаль ойлголт) салаа мөчирт хуваарилагдан үйл ажиллагаа нь төлөвшиж байна. Монгол Улс дэлхий дахины орчин цагийн төрт ёсны шилдэг жаягтай, ардчилсан төр засагтай болов. Бүрэн дүүрэн, төгс төгөлдөр болж хараахан чадаагүй ч төр, засгаа ардчилсан шударга, сонгуулиар байгуулахад оролцох замаар Монгол Улсын иргэд төрөө барих эрхээ хэрэгжүүлсээр ирэв. Энэ бүхэн монголын ард түмний эргэлт буцалтгүй сонголтын, Үндсэн хуулийн нэгэн гол үр дүн юм.

Би бээр парламентын засаглал нь Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн оршин тогтнох үндсэн хэлбэр, харин чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа нь ардчиллын материаллаг үндэс суурь нь гэж үздэг нэгэн. Үндсэн хуульд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” (5.1); “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”(5.2); “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” (5.5) гэсэн заалтууд, мөн Үндсэн хуулийн 6 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсэг зэрэгт Монгол Улсын хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийн эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хууль зөвхөн нийгмийн улс төрийн давхаргын төдийгүй эдийн засгийн харилцааны үндэс суурийг тодорхойлсон болохыг нотолж буй хэрэг юм. Гэхдээ Үндсэн хуулийг давхарга (надстройкийн)-ын шинжтэй гэж шүүмжилдгийг ч бодолцох учиртай.

Өнгөрсөн 28 жилд манай улсад нийгмийн эдийн засгийн чөлөөт зах зээлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн бүхэл бүтэн тогтолцоо нэгэнт бүрдэж энэхүү харилцааны үнэт зүйлс бий болжээ. Үүнд:

  • Өмчийн эрхийн хамгаалалт, зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний эрх зүйн баталгаажилт;
  • Эдийн засгийн эрх, эрх чөлөөний эрх зүйн хамгаалалт;
  • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн, ардчиллын шинэ сэтгэлгээний төлөвшил;
  • Зах зээлийн эдийн засгийн харилцаа, гадаад хамтын ажиллагааны эрх зүйн тогтолцоо, механизм;
  • Дэлхий нийтийн эдийн засгийн харилцааны бодлого үйл ажиллагаанаас хуримтлуулсан туршлага сургамж зэргийг дурдаж болно.

         Бидний 30 орчим жилийн туршид хуримтлуулсан туршлага, сургамжаас үзэхэд зөвхөн хувийн өмчийн ид шид, Адам Смитийн “Зах зээлийн далд гарын” хүчинд дулдуйдан эдийн засгийн тогтвортой хөгжил, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулж чадахгүй болох нь тодорхой байна гэх үндэстэй. Би энэ тухайд санаа бодлоо удаа дараа илэрхийлсэн билээ. (Д.Лүндээжанцан. Эрх мэдэл ба ардчилал. УБ. 2015 он….г.м)

Хүн ам цөөнтэй, эмзэг эдийн засагтай Монгол Улсад зах зээлийн “далд гарын” хүчийг монополтой тэмцэх, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг болон ажил эрхлэлтийг дэмжих замаар мөнгөний эргэлтийг сайжруулах төрийн зохицуулалттай хосолж байж эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг хангана гэж үзэж байна. Үүнийг Милтон Фридман, Симон Баум нар “нийгмийн баримжаат эдийн засаг” хэмээн томьёолдог байна. Тэдний үзэж буйгаар чөлөөт өрсөлдөөн ба хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг хүний эрх, эрх чөлөөтэй, нийгмийн материал баялгийн хуваарилалтын шударга ёсны зарчимтай уялдуулахгүй бол эдийн засгийн бодлогын үнэт зүйлс болох 1. Өсөлт; 2. Нийгмийн тэнцвэрт байдал; 3. Тогтвортой байдал алдагдахад хүрч нийгмийн ялгарал ихсэхэд хүргэдэг байна.

         Энэ байдал сүүлийн жилүүдэд хүн бүрийн амьдралд илтэд мэдрэгдэх болсон тул 3 парламент дамжин яригдаж, энэ удаад ажил болоод байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр:

  • байгалийн баялгийн өмчлөл, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого, мөн түүнтэй холбоотойгоор иргэний үндсэн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн “мэдэх эрх”, баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх зарчмыг Үндсэн хуульд суулгасан.
  • хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал болон хөгжлийн бодлогын хамгийн богино хугацааны төлөвлөлт болох улсын төсөв нь хөгжлийн төсөв байх боломжийг бүрдүүлсэн заалт оруулж, мөн нийгэм-эдийн засгийн амьдралын тогтвортой байдлыг хангах, улс төрийн сонгуулийн үр дүнгээс ангид байлгахын тулд улс төрийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөр, түүнээс ургах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь хөгжлийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн байх Үндсэн хуулийн зарчмыг тогтоож өгсөн юм.
  • Мөн төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гол ажлыг гүйцэтгэдэг Засгийн газрын хараат бус байдал буюу Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг Үндсэн хуульд суулгаж чадсанаар хувь иргэний амьдралд гэрэл сүүдрээ тусгах салбар бүрийн хөгжлийн бодлого, эрүүл, хөгжлийн төсөв баталж, хэрэгжүүлдэг байх үндэс суурийг тавьсан.

Учир нь, манай зарим судлаачдын бичсэнээр “Ерөнхий сайд өөрийн Засгийн газраа байгуулж, Засгийн газар нь төсөв, мөнгө, аж ахуйн асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байх ёстой. Манайд УИХ сайд нарыг томилж, Ерөнхий сайдад танхимдаа хэнтэй ажиллахыг нь нэг бүрчлэн зааж өгдөг, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг бусад орны жишгээр хянаад батлах бус, хүссэнээрээ өөрчилж дуртай хуваарилалтаа хийж болдог нь Үндсэн хуулиар засах ёстой үндсэн гажуудал болж байсан юм

Ийм гажуудлаас болоод УИХ нь Засгийн газраа удирддаг, УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болохын тулд Засгийн газраа огцруулах дотоод хүсэлдээ битүүхэн хөтлөгдөж явдаг, хуулийн хүрээнд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавихаас илүү дарамт шахалт үзүүлэх замаар Засгаа барьдаг болчихсан улс төрийн тогтолцоотой нөхцөлд утга учир багатай улс төрийн тэмцэл Монголд тасрахгүй байсан нь үнэн билээ (М.Батчимэг. Төр…www.news.mn 2016.12.05).

  • Нөгөө талаас хууль санаачлах эрх болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээ хязгаарыг тогтоосноор өнгөрсөн хугацаанд ужгираад байсан олон асуудлыг шийдвэрлэх гарцыг нээсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн эрх зүйн зохицуулалт, бодлого үйл ажиллагааны байдлын талаар дүгнэхэд:

Нэг. Зах зээлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн улс төрийн үндэс нь яах аргагүй парламентын засаглалын төлөвшил, түүний институцийн чадавхи юм. Ардчилал Монголын тогтвортой хөгжлийн баталгаа, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, байгаль орчиндоо санаа тавих, эдийн засгаа хөгжүүлэх боломжийг өгдөг. Харин парламентын засаглал бол Монгол Улсын аюулгүй байдлын төдийгүй ардчиллын баталгаа гэдгийг өнгөрсөн 30-аад жилд манай ард иргэд үндсэндээ ойлгодог, үүний төлөө сэтгэл зовнидог, санаа тавьдаг болсон юм. Ардчилсан дэглэмтэй парламентын засаглалтай улс орны хувьд баялгийн хараалаас зайлсхийх бүрэн нөхцөл боломж байгаа юм.

Хоёр. Зөвхөн чөлөөт зах зээлийн өрсөлдөөний “далд гарын” ид шидэнд дулдуйдалгүйгээр нийгмийн шударга ёс (ялангуяа материал баялгийн хуваарилалтад), тэгш байдал, өсөлтийг хангахад чиглэсэн “нийгмийн баримжаат” эдийн засгийн эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэх, ажлын байрны өсөлт, мөнгөний эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийн хямралаас сэргийлэх нь төрийн эдийн засгийн бодлогын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам гэж үзэж байна. Үүний сацуугаар бизнест төрийн оролцоог хязгаарлах, эдийн засгийн бодлогод зорилтуудыг эрэмбэлэх (юуг эхний ээлжинд шийдвэрлэх, юунаас түр татгалзах, хойшлуулах г.м), ухаалаг арвилан хэмнэлтийг тууштай хэрэгжүүлэх, ядуучууд, нийгмийн эмзэг хэсгийг ажлын байраар дэмжих зэрэг нь бэрхшээл саадыг давах бодлого үйл ажиллагаанд чухал болохыг тэмдэглэе.

Монгол Улсад нийгэм эдийн засгийн шинэ (харьцангуй) харилцаа зүгшрэх, төлөвших үедээ байна. Энэ нь иргэний ардчилсан нийгэм цогцолчихсон хэрэг хараахан биш боловч шилжсээр л байна” гэсэн үг ч бас биш. Чухам энэ үед л (завсрын гэмээр) зах зээл хямрах, нийгмийн зөрчил хурцдах, шударга ёс алдагдах магадлал ихтэй, төрийн өмчөөс улбаатай авлига гаарах эрсдэл гардаг гэж үзэж байна.

Учир иймд эдийн засагт “нийгмийн баримжаат” бодлого, төрийн ухаалаг зохицуулалт зайлшгүй л болов уу. Төрийн зохицуулалтын утга учир нь бизнесийг хөндлөнгийн (Төрийн өөрийнх нь юуны өмнө) оролцоо, дарамт шахалтаас хамгаалах, татвар, хөрөнгө оруулалтаар дэмжихэд чиглэгдэх учиртай гэж үзэж байна.

Бизнесийн эрх чөлөөг хангахын хамт эдийн засгийг улс төрчид, улс төрийн бүлэглэлүүдийн явцуу ашиг сонирхлоос ангижруулах (ялангуяа хөрөнгө оруулалтын бодлого үйл ажиллагаанд) эрх зүйн тогтолцоо, арга хэлбэр үгүйлэгдэж байна гэх үндэстэй байна. Энэ бол эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн шударга ёсыг тогтооход төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нэг гол арга зам мөн.

Улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн эгзэгтэй цаг үед манай оронд Үндсэн хуулийн дагуу бүрдээд байгаа нийгмийн улс төрийн тогтолцоо, түүний эрх зүйн зохицуулалт тулгараад буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулах, тогтвортой хөгжилд хөтлөгч нь байж чадаж байна уу, эсхүл институци нь хүчээ шавхчихсан хэрэг үү? Улсынхаа гол хуулийг шинэчлэх өөрчлөх тухай яриа газар авч, учирч буй ялангуяа эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд болон нийгмийн социал орчинд гарч, тохиолдож буй бүх хүндрэл бэрхшээл, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлд Үндсэн хуулийг буруутган буйн учрыг дээрхи асуултын хариунаас эрж хайх биз ээ.

Би улс төрчид, парламентын гишүүд, эрдэмтэн судлаачид, эгэл жирийн иргэд олон арван хүнтэй бараг өдөр болгон л уулзаж байна. Ярилцдаг зүйлийн маань гол нь л хүссэн, хүсээгүй Үндсэн хуулийн асуудал болж ирсэн. Миний тухайд Үндсэн хуульд гар хүрч болохгүй хэмээн муйхарлаагүй. Профессор багш нар, судлаачдын ярьсан бичсэн зүйлийг анхааралтай уншиж танилцсан. Үндсэн хууль, түүнд суурилсан эрх зүйн тогтолцоог сэлбэн шинэчлэх цаг болсон нь үнэн. Гэхдээ бид Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйл заалт, тэдгээрийн үг, өгүүлбэр бүрийн утга учрыг бүрэн ухаарч мэдсэн үү? Иргэн бүр Үндсэн хуулиар өөрт нь олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн ухаарч эдэлж, хамгаалуулж чадаж байгаа бил үү? Авлига, хээл хахууль, булхай луйвар, сонгуулийн будлиануудад Үндсэн хууль л буруутай юу гэдгийг өөрсдөөсөө асууж хариулмаар гэдгийг хэлдэг л дээ. Бас 10 гаруй жилийн өмнө Б.Чимид багшийн маань өгсөн нэгэн захиа сургамж санаанд өөрийн эрхгүй буух юм.

“Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд хүний насны нэгэн үеийг элээсэн авч өнөө хэр түүний үзэл санааг ойлгоогүй, санаатай, санамсаргүйгээр хэрэгжүүлэхгүй, тэр ч бүү хэл илтэд гуйвуулах явдал үзэгдсээр байна.” (Б.Чимид Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ.., 2006 он х7). Би Үндсэн хуулийн “эрч хүч”, нийгмийн амьдралыг зохицуулах чадал нь шавхагдаагүй гэдэгт итгэдэг нэгэн. Ард түмний сонголт эргэлт буцалтгүй бөгөөд хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засаг, Үндсэн хуульт парламентын засаглал, төрийн байгууламжийн нэгдмэл байдал алдагдах учиргүй.

Гэхдээ улс орны хөгжил дэвшил, эрх зүйт төрийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан билээ.

Парламентын засаглалтай улс гэхээр л парламентад нь бүх бүрэн эрх бөөгнөрөх ёстой гэж ойлгож болохгүй юм. Бидэнтэй шууд нүүр тулж буй өрийн дарамтаас эхлээд тохиож буй бүх хүндрэл, бэрхшээлийг даван туулах чадавхыг бүрдүүлэх хөгжлийн зөв үндэс суурийг тавих, эдийн засаг, нийгмийн хөгжилд төрийн тогтолцоо нь саатуулагч хүчин зүйл болох бус харин ч эдийн засгийн хүндрэлийн намгаас улс орноо авч гарах төрийн зөв тогтолцоог бэхжүүлж өгөх шаардлагатай, үүний тулд парламент, Засгийн газрын хоорондын харилцааны зөв тэнцвэр, хяналтыг бий болгох шаардлагатай байсан.

Хэрэв тогтолцоогоо засч өөрчлөхгүй бол улам бүр засаглалын хямрал нүүрлэхэд тулаад байгааг өдөр хоногоор цаг мөчөөр бидэнд ойлгуулж байв. Үндсэн хуулиа бид яаж хамгаалах вэ? Насыг нь яаж уртасгах вэ? Боловсронгуй болгож байж л үр шимийг нь үзнэ. АНУ-ын Үндсэн хууль 1787 онд анх батлагдсанаас хойш 228 жилд 27 удаагийн өөрчлөлт орсон бол БНСУ-д 1948-1987 оны хооронд 39 жилийн дотор 9 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж 5 удаа бүх нийтийн санал асуулга явуулж, (дунд нь бас 3 удаагийн төрийн эргэлт, 2 удаа иргэний хувьсгал болсон) байж одоогийн тогтвортой тогтолцоог бий болгож чаджээ.

Монгол Улс парламентын Бүгд Найрамдах Улс юм бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож байгаа нь засаглалын хэлбэрийн зөрчлийг агуулж Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах юм уу, холимог Бүгд Найрамдах Улсын хэлбэртэй улс болгон харагдуулахын сацуу бодитой бэрхшээлүүдийг бий болгож байна гэж шүүмжилдэг.

Парламентын засаглалтай улсад парламент, засгийн газар хоёрын эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийг хэрхэн хангах вэ? гэдэг асуудал тулгардаг. Энэхүү хяналт, тэнцлийг хангахын тулд улс улсад янз янзын механизм бодож олж, хэрэглэсэн байдгийг бид мэднэ. Эдгээрээс хамгийн түгээмэл суурь зохицуулалт нь парламент улс төрийн санаачлагаараа гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдалд халдах оролцоог хязгаарлахад чиглэсэн парламентыг хоёр танхимд хуваах, парламентад эрсдэл үүсгэх гэсэн хоёр механизм юм. Хоёр шатлалтай юм уу хоёр танхимтай парламентыг бий болгох санал олонтаа гарч байсан ч манай улсын хувьд нэгэнт нэг танхимтай парламентыг сонгож авсан түүгээрээ явахыг ч энэ удаад хадгалан үлдсэн. Үнэндээ өөрчлөх боломж ч хомс байна.

Ардчилсан сонгуулиар байгуулагдсан парламент Засгийн газрыг байгуулж, Засгийн газар нь парламентын олонхын итгэлийг дааж байх, уг итгэлийг алдвал огцордог тогтолцоо бол парламентын засаглал юм. Энэ шалгуураар бол Монгол Улс парламентын засаглалтай. Өөрөөр хэлбэл, УИХ дахь олонх Засгийн газрыг байгуулж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ шийдвэрлэдэг.

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа, Ерөнхий сайд парламентыг тараахгүй байгаа, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахаар хязгаарласан нь манай загварын онцлог юм.

Монгол Улс бол нэг танхим бүхий парламенттай. Иймээс, УИХ-аас харьцангуй бие даасан байдлаар Ерөнхийлөгчийг сонгож, УИХ-ын үйл ажиллагаанд хяналтын чиг үүргийг хариуцуулсан. Жишээлбэл, УИХ-аас баталсан хууль бодлогын хувьд буруу эсхүл Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавьж болно. УИХ-ын хуралдаанд суусан гишүүдийн 1/3-ээс дээшх нь хоригийг хүлээн авбал тухай хууль, шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй. Зөвхөн УИХ дахь олонх бүх эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлэх үүднээс Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гуравны нэгийг нэр дэвшүүлэх зэрэг зарим бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихвол Ерөнхийлөгчийн эдгээр чиг үүрэг зохистой хэрэгжихгүй болох эрсдэлтэй.

Хоёр танхимтай парламентын хувьд доод танхимаа тараах асуудлыг харьцангуй бие даан шийдвэрлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх нь бий. Жишээ нь, Япон. Гэвч, нэг танхимтай УИХ-ыг Ерөнхий сайд нь үзэмжээрээ тараадаг болвол парламентын тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс, ХБНГУ, Их Британи (2011 оноос хойш) зэрэг улсын жишгээр тодорхой нөхцөл үүссэн нөхцөлд УИХ-ыг Ерөнхийлөгч тараах нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан.

УИХ 76 гишүүнтэй. УИХ-ын гишүүдийн тоог 99, 108, 120, 140 болгох саналуудыг мэргэжилтнүүд гаргадаг. Ингэснээр УИХ илүү мэргэшсэн болж хууль тогтоох ажиллагааны чанар сайжрах, Засгийн газарт тавих парламентын хяналт боловсронгуй болох, парламентад зүй бусаар нөлөөлөх эрсдэл буурах зэрэг ач холбогдолтой гэж үздэг. Гэвч, УИХ-ын гишүүдийн тоог өсгөхийг иргэдийн олонх төдийлөн дэмжихгүй байгаа нь иргэдийн санаа бодлын судалгааны дүнгээс харагддаг. Нэгэнт иргэдийн санаа бодлыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учраас энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог өсгөхөөс татгалзсан.

УИХ 76 гишүүнтэй байгаатай уялдаж хэд хэдэн онцлог зохицуулалт Үндсэн хуульд бий болж Монгол загварын шинжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, цөөн гишүүнтэй “давжаа” парламенттайн хувьд бусад парламентын засаглалтай улс шиг Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн хавсрахыг зөвшөөрвөл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа арилж, хяналт тэнцэл алдагдах нөхцөл үүсдэгийг 2000 оноос хойшх үйл явцаас харж болно. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүрэн хоригловол УИХ болон Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа алдагдах талтай. Ийм учраас сүүлийн 30 орчим жил яригдсан харьцааг Үндсэн хуульд заах нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгсөн хэрэг.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах асуудлыг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульдаа бэхжүүлж өгсөн бөгөөд энэ зам маш их бартаатай байсныг дурдах нь зүйтэй. Олон жилийн турш энэ асуудлыг органик хуулиар, тухайлбал Засгийн газрын тухай хуулиар зохицуулах санал санаачилга бүтэлгүйтсэнийг цөм мэдэх билээ.

Өнгөрсөн хугацаанд удаа дараа өргөн баригдаж байсан (2011, 2015 онд) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд ямагт тусгагдаж ирсэн нэгэн зүйл бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагад холбогдох асуудал юм.

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, засаг захиргааны анхан шатны нэгжийн Засаг даргын томилгоо зэрэг удаан хугацаанд яригдаж байсан асуудлуудыг хэлэлцүүлэгт оруулсан. Гэвч эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэдийн санал, санаачлагыг тунгаан байж энэ удаад хот, тосгоны эрх зүйн үндсэн тодруулахдаа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах, тэдгээр хотуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эзлэх эрх зүйн байдлыг тодруулж, улмаар төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагад өмчийн болон хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эдийн засаг, нийгмийн харилцааны бие даасан субьект болон оролцох эрх зүйн үндсийг баталгаажуулав. Мөн цаашид тухайн нутгийн иргэдийн саналд үндэслэн засгийн газрын бодлогод нийцүүлэн засаг, захиргааны шинэтгэлийг хийх болох эрх зүйн боломжийг бүрдүүлэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухайд дэлхий дахинд газар нутаг, түүний байрлал, хүн амын бүтцээс шууд хамааран дахин давтагдашгүйгээр дэлхий нийтийн өөрийн Үндсэн хуулиудаар нутгийн удирдлагын талаарх харилцаагаа зохицуулж байна. Иймд Монгол Улсын нутгийн удирдлага, түүний эрх зүйн зохицуулалт бидний түүх, соёлын бүтээл байх учиртайг харгалзан Үндсэн хуульд хийсэн сонголтын асуудлаар олон нийтийн дунд онолын хувьд ч, практикийн хувьд ч хэд хэдэн асуудал байсан. Түүнийг харгалзан 1992 оны Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг хэвээр хадгалж дараах агуулгаар тодрууллаа. Энэ нь:

Нэгд. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хүрээнд төрийн болон өөрийн удирдлагын чиг үүргийн зааг ялгааг тодруулах. Засаг захиргааны анхан шатны нэгж, (сум, хорооны)-ийн засаг даргыг иргэд шууд сонгох эсэх асуудал яригдаж ирэв. Гэвч эдгээрийн өргөн уудам газар нутаг, нэгдмэл улс байх зарчимд нийцүүлэн цаашид судалж үзэж байж нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

Хоёрт. Засаг захиргааны эрс шинэчлэл, шинэтгэлийг нийгмийн зарим нэг бүлэг шаардаж ирэв. Өнөөдөр Монгол Улсын 330 сумын 62,9% нь 3000 хүртэл хүн амтай, 30,4% нь 2000 хүртэл хүн амтай, харин нийслэлийн хүн амын тоо 1990 оноос хойшхи хугацаанд 2,4 дахин өсч 1,4 сая болж хүн амын бараг тал хувь нь нийслэл хотод оршин сууж байна. (Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ. УБ.2015 он. 66 дахь талд). Зарим сумдын нийгэм-эдийн засгийн бие даан хөгжих чадвар сул дорой (нийт сумдын бараг 20%) байна. Ийм нөхцөлд дээрхи заалтыг “хөнгөвчлөх”, уян хатан болгох шаардлага гарч ирсэн. Нөгөө талаар 1.500.000 км квадрат газар өргөн уудам газар нутагт 3.200.000 мянган хүн ам амьдарч буйг бид тооцон дээрх шинэтгэлийг хийх арга замыг судлах учиртай.

Гуравт. Нийгэм эдийн засаг хөгжихийн хирээр хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс хот, тосгоныг хөгжүүлэх бодит шаардлага бий болж байна. Энэ нь улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийг даган үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх хүрээнд хотуудыг хөгжүүлэх (жишээ нь Эрдэнэт, Дархан г.м) асуудал Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөн цагаас л яригдсаар ирсэн. Энэхүү асуудлыг бид өнөөгийн Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой болов. Ингэхдээ хот, тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх буюу төсөв, санхүү, төрийн үйлчилгээ хүргэх арга замын шийдвэрлэснээр төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжих эрх зүйн үндэс баталгаажина.

Дөрөвт. Нутгийн удирдлагын бие даасан байдал, ялангуяа эдийн засаг санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, өргөжүүлэх нь онол, арга зүйн анхаарал татсан асуудал хэвээр байна. Үндсэн хуулинд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг (аймаг, сум) эдийн засаг, нийгмийн цогцолбор…” хэмээн тодорхойлсон ч чухам юуг эдийн засаг, нийгмийн цогцолбор гэх нь тодорхойгүй үлджээ. Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор засаг захиргааны бие даасан шинжийг дараах байдлаар томьёолж болох байна. Үүнд:

  1. Засаг захиргаа нь нутаг дэвсгэртээ эрх барих чиг үүргийг хэрэгжүүлж, орон нутгийн үйлчилгээний (төрийн) талаар хариуцлага хүлээдэг;
  2. Санхүү төсвийн хувьд харьцангуй бие даасан, өөрийн өмчтэй байх эрх мэдлийг бүрдүүлэх;
  3. Боловсон хүчнийг томилох, чөлөөлөх, эрх мэдэлтэй;
  4. Олонхийн намаас сонгогдсон хурлын байгууллага орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох; дотооддоо дүрэм, журам гаргаж хэрэгжүүлдэг;
  5. Сум, дүүрэг, аймаг, нийслэл эдийн засаг, нийгмийн цогцолбор буюу эрх зүйн харилцааны субьект байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг судлах шаардлагатай (НҮБ-ын хүний хөгжил (НҮБХХ), салбарын шинжилгээ, Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллага УБ. 2012 он).

Иймийн учир Монгол Улс нутгийн удирдлагын тухайд Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт болон органик хууль, захиргааны шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэх нэн чухал асуудлын төвд төрийн удирдлага ба нутгийн өөрөө удирдах эрх мэдлийн хяналт-тэнцвэрийн тогтолцоо, тэдгээрийн чиг үүргийн хуваарилалт, орон нутгийн сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн үндэс, орон нутгийн төсөв, санхүүгийн эрх, өмчийн асуудал байх болно. Улмаар эдгээр асуудлыг бид шийдвэрлэхдээ онол, арга зүй, практикийн тушрлагатаа тулгуурлан хийх шаардлагатайг онцолж байна.

Би Үндсэн хуулийн тэр заалт, энэ зүйлийг тэгж, ингэж сольсон, шинэчилсэн тухай нэг бүрчилэн ярих шаардлагагүй, бас тийм боломж хязгаарлагдмал учир үзэл баримтлалын чанартай зарим зүйлийг дурдав. Үндсэн хууль бол 27 жилийн тэртээ монголын ард түмний хийсэн түүхэн сонголт, төр улсын маань бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, хүн ардын маань эрх, эрх чөлөөний эрх зүйн гол баталгаа. Тиймээс ч Үндсэн хуулиа дээдлэх ёс, дархлааны тухай ярьдаг, гэхдээ төрийн эрх мэдлийн хуваарилалтад гажуудал үүссэн заалт байх аваас Үндсэн хуулийн дархлаа суларна, төрийн тогтолцоо нийгмийн хөгжлийг хөтлөгч бус саатуулагч хүчин зүйл болж хувирна.

Төрийн эрх мэдлийн хувиарлалтыг зөрчилдөөн багатай гацаагүй ажиллахаар хийгээд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд туссан хуулиудыг үнэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нь нийцүүлж цаг алдалгүй гаргаж чадвал улс орны хөгжил, хүн ардын амьдрал, хүний эрх, эрх чөлөө бодитой хангагдахад шууд л нөлөөлөөд явчихна. Одоо ба ирээдүйн урт хугацаанд улс орны үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах нөхцөл нь байсаар байх болно.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль өөрийн түүхэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж ирсэний дээр, цаашид Монгол Улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолыг баталгаа болон оршино гэдэгт итгэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж