АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу онгоцонд зорчиж явсан Сүхбаатарын Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй арваннэгдүгээр сарын 18-ны өдөр онгоцонд хүний амь аварсан тухай бид мэдээлсэн. Бид энэ удаа эмч бүсгүй С.Цэрмаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө онгоцонд зорчиж явахдаа 10-хан сартай хүүхдийн амь насыг мөн аварч байжээ.
“Манай эмч нар их чадварлаг миний оронд өөр эмч байсан бол ялгаагүй л тэр хүний амь насыг аврах байсан. Би “Монгол эмч хүний амь аварлаа” гэдэг нэрийг л гаргасандаа баяртай байна” хэмээн ярилцлагын эхэнд өгүүлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Та сайн явж ирэв үү. Хэзээ эх орондоо ирсэн бэ?
-Би эх орондоо ирээд гурав хонож байна. Их урт аян зам байлаа.
-Нууц биш бол таныг гадаад руу ямар ажлаар явсныг сонирхож болох уу?
-Эмч хүн насан туршдаа тасралтгүй суралцах хэрэгтэй байдаг. Тэр ч үүднээс би мэргэжил дээшлүүлэх нарийн мэргэжлийн сургалт, семинарт байнга суудаг. Тэр шугамаар нааш цаашаа явах ажил ихтэй байдаг. Энэ удаад хамтардаг эмнэлэгтэйгээ уулзалт хийх, хоёр ч улсад сургалт семинар зохион байгуулж, үйлчлүүлэгчидтэйгээ уулзаад ирлээ.
-Тухайн үед онгоцонд яг юу болсон юм бэ?
-Үйл явдал арваннэгдүгээр сарын 17-18-ны өдөр АНУ-ын Чикаго хотоос Германы Франкфурт хоорондын олон улсын нислэгийн үеэр болсон юм. Нислэг нийт есөн цаг үргэлжилдэг. Онгоц хөөрөөд хоёр цаг хагас орчим болж байтал онгоцны зарлан мэдээлэхээр “Эмч юм уу, сувилагч мэргэжилтэй хүн байвал онгоцны хойд хэсэгт ирээч” гэж зарласан. Би ариун цэврийн өрөө орчхоод гараад иртэл арай сандруу хоолойгоор дахин дуудлаа. Тэгэхээр нь “Юу болсон юм бол доо” гээд л эмч хүн чинь бас тэсэхгүй гүйгээд очлоо. Тэгсэн чинь онгоцны арын суудал хэсэгт хүн шавчихсан байсан. Би хамгийн захад зогсож буй үйлчлэгч бүсгүйд “Би эмч байна. Гэхдээ арьс гоо засал, нүүр амны эмч. Юу болов?” гэсэн чинь намайг “Эмч ирлээ” гээд л нөгөө хүмүүсийг яраад л оруулчихсан.
Би тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлж, дуусаад суудалдаа суухад “Газардахад 25 минут үлдлээ” гэж байсан. Тэгэхээр нийт зургаан цаг орчим тэр хүнийг сувилж, асарсан гэдгээ суудалдаа суусан хойноо л мэдсэн.
-Гадаад иргэний хувьд настай хүн байх шиг байсан. Та өвчтөнд анхан шатны ямар тусламж үзүүлж, амь насыг нь аварсан бэ?
-Тэр хүн дээр анх очиход 77 настай Флоренс гэдэг мэдээлэл л авсан. Хижээл насны эмэгтэй байсан. Анхан шатны тусламж үзүүлэхэд эхлээд хоёр мөрөн дээр нь гараа тавиад нэрээр нь дуудах ёстой байдаг. Гэтэл нөгөө эмэгтэй хүн налаад уначихсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, гарын болон гүрээний судсанд нь зүрхний цохилт тэмтрэгдэхгүй, хүйтэн хөлс нь цувчихсан пальто нь хүртэл нэвт норчихсон байсан.
Анхан шатны тусламж үзүүлэхэд үндсэн хэдэн зүйл бий. Хамгийн түрүүнд тухайн хүний амьсгалын замыг чөлөөлөх ёстой. Тухайн үед өвчтөний амнаас цагаан хөөс цахарсан байдалтай байсан учраас амьсгалын замыг нь чөлөөлж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж өгсөн. Эмнэлгийн хэлээр бол амилуулах арга хэмжээг шат дараатай авснаар тухайн хүн сэргэж ирсэн.
Хувцсыг нь тайлаад харахад зүрхэндээ мэс засал хийлгэж байсан сорвитой хүн байсан. Нөхрөөс нь юм асуухаар ээрч гацаад шоконд орчихсон, хариулж чадахгүй байлаа. Хөлийн шилбэ битүү хавантай, гэдэс хэвлий хатуу зүрхний үйл ажиллагаа дутагдалтай хүн байсан учраас нөхцөл байдлыг үнэлж эхэлсэн. Намайг БНСУ-д суралцаж байхад Дорнын анагаах ухааныг суурь болгон заадаг байсан. Тухайн хүний бүх эргэлтийг сайжруулахын тулд Өрнө Дорнын анагаах ухаанаас өдий болтол сурсан мэдсэнээ хослуулсан. Үүний үр дүнд ухаангүй байсан эмэгтэй сэргэж, босч ирээд хоол унд идэхтэйгээ болж, үнэхээр баярлаж байгаагаа илэрхийлсэн. Би онгоцны хойд хэсэгт байх утсаар газар уруу “United airlines” компанийн эмчтэй холбогдож, 20 минут тутамд нөхцөл байдлын мэдээллийг дамжуулж байсан.
-Та хэр сандарсан бэ?
-Яг тухайн үед эмч хүн өөрөө сандарвал нөхцөл байдал хэцүү болох учир өөрийгөө жолоодох хэрэгтэй. Өмнө нь надад ийм явдал бас онгоцонд тохиолдож байсан. Тэр үед би их сандарсан. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө онгоцонд явж байтал хажуу эгнээнээс “Миний хүүхдийг авраач” гээд орилох дуунаар гүйж очиж, хүүхдийг нь тэвэрсэн. Зүрхний хагалгаанд орохоор явж байсан нялх хүүхэд ямар ч амьсгалгүй хөв хөх болчихсон байсан. Тийм байдалтай хүүхдийг гар дээрээ аваад тэвэрч хиймэл амьсгал хийсэн. Уран сайхны кинон дээр гардаг тэр жингүйдэл, эргэн тойрон дахь орчин бүгд зогсоод зөвхөн тэр хүүхэд бид хоёрын дунд л үйл хөдлөл явж буй мэт санагдсан. Хүүхэд амьсгал орж, “часс” гээд л уйлаад хэвийн байдалдаа ороход үнэхээр сайхан санагдсан. Тухайн үед маш их сандралтай байсан.
Харин саяны тохиолдолд надад сандрах ямар ч боломжгүй бөгөөд эрхгүй байсан л даа. Тухайн хүний амь нас минут, секундээр хэмжигдэж байхад анхан шатны тусламжийг зөв үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Нислэгийн баг болох онгоцны үйлчлэгчид, зорчигчдыг удирдаж хувцсыг нь тайлуулах, өргөх хэвтүүлэх гэх мэтээр хамтарч чиглүүлэхгүй бол ганцаараа тэр хүнийг даахгүй шүү дээ.
-Өмнө нь онгоцонд хүүхдийн амь насыг аврахдаа та аль улс руу явж байсан юм бэ?
-Манай улсын МИАТ-ын олон улсын нислэгээр БНСУ-руу явж байсан. Тэгэхэд Монголоос зүрхний гажгийн хагалгаанд орох гээд долоо, найман хүүхэд явж байсантай таарсан юм.
-Хоёр ч хүний алтан амийг аварсан ачтан юм байна. Эмч мэргэжлийн сайхан нь энэ болов уу?
-Эмч гэдэг буянтай ажил мэргэжил. Надаас өөр эмч таарсан бол чадлаараа хичээгээд л амь насыг нь аврах байсан байх. Хилийн дээс давсан цагаас эхлээд хувь хүний нэрээс илүү улсын маань нэр л дуудагдаг шүү дээ. Саяны нислэгийн үеэр С.Цэрмаа гэдэг нэрээс илүүтэй Монгол хүн гэдгийг л хүн тогтооно. Миний хувьд “Монгол эмч, хүний амь нас аварлаа” гэдэг нэрийг гаргасандаа баяртай байна.
-Таныг Монгол эмч гэж хэлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Өөрийгөө “Монгол хүн” гэж танилцуулахад бүр гайхаж байсан. Надаас “Чи АНУ-ын хаана амьдардаг вэ? гэхээр нь Монголд амьдардаг энд хэд хоноод буцаж байна гэтэл “Ямар сонин учрал бэ. Монгол эмч англиар яриад, энэ нислэгт ингэж таараад миний эхнэрийн амийг аварч байдаг” гээд нөхөр нь их баярлаж байгаагаа хэлж байсан.
Тэр хоёр надад үнэхээр их талархаж, тэдний хамгийн том ерөөл болох “Бурхан чамайг ивээг” гэдэг ерөөлийг харамгүй хэлж байсан. Тэд Монгол орны талаар тийм ч сайн мэдэхгүй хүмүүс байсан. Надаас “Монгол Улс коммунист орон уу” гэж асууж байлаа. Тэр нислэгийн багийнхан, онгоцны үйлчлэгчид “Монголд очно. Тантай эргээд холбогдоно” гээд мэйл хаяг аваад үлдсэн.
-Таныг тухайн “United airlines” компанийн зүгээс 150 ам.долларын аяллын эрхээр шагнасан гэсэн. Та хамгийн түрүүнд ямар улс руу аялах бол?
-Би өөрийгөө тэгж, шагнал авна ч гэж бодоогүй. Шагнал авчих юмсан ч гэж бодсонгүй. Тухайн хүн амьдарч, сэргэсэнд л маш их баярласан. Тухайн нислэг газардах дөхөхөд нисгэгч нь өөрөө гарч ирээд баярласнаа илэрхийлж, цуг зургаа авхуулсан. Онгоцны хоёрдугаар нисгэгч нь эмэгтэй нисгэгч байсан. Тухайн нислэг дуусахад онгоцны ахмад өөрийн биеэр гарч ирж, гар барьж, тэврээд “Миний нислэгийг үнэхээр амжилттай сайхан байлгахад тусаллаа” гэж хэлсэн. Тэгээд намайг яг онгоцноос буух гэж байхад онгоцны үйлчлэгч ирээд “Таны онгоцны тийз захиалсан мэйл хаягаар чинь манай компаниас урамшууллын сертификат явууллаа. Та мэйлээ шалгаарай” гэж хэлсэн. Онгоцноос гарч ирээд мэйлээ шалгахад тийм мэйл ирсэн байсан.
Ер нь би аялалд дуртай. Ямар ч байсан гэр бүлийнхэнтэйгээ аялна. Хэдийгээр энэ шагнал минь их мөнгө биш ч гэсэн өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж, намайг урамшуулж байгаа урамшуулал учраас би бага гэж голохгүй байгаа.
-Монголдоо хаана, ямар ажил хийдэг бүсгүй вэ гэдгийг уншигчид маань сонирхож байгаа байх?
-Би Монголдоо “Сharmzone life and beauty med” эмнэлэгт арьс гоо засал, нүүр амны их эмчээр ажилладаг. Би арьс гоо заслын нарийн мэргэжлийг БНСУ-д Монголдоо нүүр, амны их эмчээр төгссөн. Манай эмнэлэг одоо арьс, гоо засал, дотор, гэр бүлийн эмнэлэг, пластик мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ гоо сайхны мэс заслаас илүү нөхөн сэргээх, нөхөн төлжүүлэх, мэсгүй гоо заслын чиглэлээр хөгжүүлж, нүүрний дизайнераар ажилладаг.
-Яагаад эмч мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах болсон тухайгаа яриач?
-Миний эмч болсон түүх их сонин. Хүн, хүний зовлонг ойлгодоггүй гэж ярьдаг шүү дээ. Учир нь миний шилжилтийн наснаасаа эхлэн нүүрээр юм гарч эхэлсэн. Энэ маань даамжирсаар байгаад их боллоо. Тухайн үед гоо сайханч, арьсны эмчид хандахаар батга шахна, хатаана гэдэг хариултыг л өгдөг. Сүүлдээ нүүрэндээ сайн гэсэн юм болгоныг хэрэглэж битүү сэвхтэй болсон. Төрөлхийн гоё арьстай хүн бусдын арьсны асуудлыг ойлгодоггүй. Тиймээс батгашилт, сэвх гэдэг зүйлийг эмчлэхийг маш их хүссэн. Тэгээд л нүүрнийхээ учрыг олох гэж гүн гүнзгий судалж суралцахыг хүсч, суралцаж эмч болсон.
Түүнээс биш би Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн ангийг улаан дипломтой төгссөн хүн. БНСУ-д магистр хамгаалсан. Тэнд сурч байхдаа арьс гоо заслаар давхар мэргэжил эзэмшсэн. Би одоо энэ мэргэжлээр суралцсантайгаа нийлүүлээд 20 жил арьс гоо заслын эмчээр ажиллаж байна.
-Та ярианыхаа эхэнд иргэд хайртай дотнын хүнийхээ амийг ганц эмчид найдалгүйгээр анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг байх хэрэгтэй гэдгийг хэлж байсан шүү дээ?
-Хүн болгон эрдэнэт хүний амийг аварчих юмсан гэж хүсдэг. Эмч болгон гар хумхилгүй ажилладаг. Эмч нар хүний төлөө л нойр, хоолгүй зүтгэж яваа. Би хувьдаа эмч нараа маш их хүндэлдэг. Тэд эмч мэргэжлийг эзэмшихийн тулд ямар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж нойр, хоолгүй зүтгэж сэтгэл зүрхээ зориулдаг. Харин ард иргэдийн хувьд хүн өвдөхөөр эмчийн л үүрэг гэж ойлгодог. Эрүүл мэнд гэдэг бол тухайн хүн өөрийнх нь, гэр бүлийнхнийх нь хариуцлага бас бий шүү дээ. Харин өвчтөнийг эмнэлэгт хүргэж, эмчийн гарт өгсөн бол эмч ажлаа хийх ёстой, эмчид итгэж ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй байдаг. Гэтэл эмчтэй уулзах хүртэл хугацаа ордог тэр үед дэргэд нь байгаа ойр дотнынхон болон тааралдсан хүн анхан шатны тусламжийг үзүүлдэг байх хэрэгтэй байна. Эмнэлгийн яаралтай тусламж болон анхан шатны тусламж гэдэг нь хоорондоо ялгаатай. Эмнэлгийн яаралтай тусламжийг эмч мэргэжилтнүүд үзүүлдэг бол анхан шатны тусламжийг жирийн иргэн эсвэл та ч үзүүлж болно. Хэрвээ таны дэргэдэх хүн ухаан алдах, амьсгалж чадахгүй байх, цус алдах юм бол анхны тусламжийг үзүүлдэг чадварыг хүн бүр эзэмших нь чухал байна. Эхний 30 минутад та зөв тусалснаар тэр хүнд амьдрах боломж, амьдралын чанарыг нь хэвийн хадгалах боломжийг өгдөг.
Би энэ үйл явдлаас хойш сонирхож судалж үзлээ. Жилд хорт хавдраар нас барж буй хүний тоотой тэнцүү хэмжээний хүн анхан шатны тусламж авч чадахгүйгээс болж нас бардаг юм байна лээ. Гэтэл өнөөдөр замын түгжрэлтэй, тодорхой хаяггүй айлд эмнэлгийн тусламж очтол наандаж 20, 30 минут цаашлаад нэг цагийн хугацааг зарцуулж болно. Энэ хооронд ядаж амьсгалын замыг нь чөлөөлж, цусыг нь тогтоож, зүрхний үйл ажиллагааг нь дэмжээд эмчид хүлээлгэж өгвөл таны хайртай, дотнын хүн амьдрах бүрэн боломжтой юм. Үүнд л бүх ард иргэд суралцмаар байна. Гамшгаас хамгаалах газраас энэ сургалтыг өгч байдаг. Манай улс цөөн хүн амтай. Бид өөрсдөө л бие биеэ хайрлахгүй юм бол өөр хэн нэгэн ирээд биднийг аврахгүй шүү дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Хүний мөрөөдөл гэгч хязгааргүй юм. Би 15 жилийн өмнө “Charmzone гоо хүрээ” гээд өөрийн арьс, гоо заслын төвөө нээж байсан. Тэр үед нэг сэтгүүлч надаас ярилцлага авахдаа “Та өрсөлдөгчдөө хэрхэн ялъя гэж бодож байна вэ” гэж асууж байсан. Миний хувьд хэзээ ч, хэнийг ч өрсөлдөгчөө гэж харж байгаагүй. Тухайн үед сэтгэл амар, итгэл төгс үйлчилгээ авдаг, зориод ирдэг, хүссэн үр дүнг нь гаргадаг төв болохыг зорьсон. Тэр мөрөөдөл маань биелээд байгаа .Өнгөрсөн 15 жилийн хугацаанд маш олон хүнд үзлэг, тохирсон эмчилгээ хийж, бүтээгдэхүүн сонгоход нь тусалж ирлээ. Олон жилийг хамтдаа үдэхээр үйлчлүүлэгчид маань одоо эгч, дүүс, найз нөхөд шиг болдог юм байна.
Арьс гоо засал гэдэг чинь тусдаа шинжлэх ухаан юм. Энэ бүх ойлголтыг олон нийтэд суулгахын тулд телевизээр нэвтрүүлэг хөтөлж, сэтгүүл ч гаргадаг байлаа. Миний хувьд үсчин, гоо сайхан л гэдэг байсан гоо заслын үг хэллэг нэр томьёог баяжуулж, нутагшуулсан хүн л дээ. Жишээлбэл, анти-оксидант, хүний биед хор яагаад үүсдэг , хоргүйжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ, гоо засал зөвхөн будаг шунхаар явдаггүй гээд энэ бүгдийг үг хэллэгээс нь эхлэн суурь ойлголт өгөхийн төлөө өдий хүртэл явж байна даа.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ