МҮХАҮТ болон Монголын бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргав | News.MN

МҮХАҮТ болон Монголын бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргав

МҮХАҮТ болон Монголын бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргав

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуультай хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 9.3-т “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байна” гэж заасан байна. Энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 25%-ын орлогын албан татвар ба бусад татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ХУВИЙН ӨМЧИД халдаж байна гэж үзэж байна. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, Татварын ерөнхий хуульд тусгагдаагүй ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд заасан “Хуулийн этгээдэд өмнө байсан үүрэг дээр нэмж үүрэг хүлээлгэхгүй, аливаа нэмэлт зардал гаргахгүй” гэсэнтэй нийцэхгүй байна.

Аливаа компанийн цэвэр ашиг бол үйл ажиллагаанаас олсон орлогоос зардлаа хасч, татвараа төлөөд үлдсэн хэсэг нь компанийн санхүүгийн тайлангийн өмчийн өөрчлөлтийн тайланд бүртгэгдэн компанийн болон түүний  хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны өмч, хөрөнгө болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх  хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхтэй гэж заасан ба өмчийн эрх нь хүний суурь эрх буюу зайлшгүй байх ёстой эрхийн нэг юм. Ийм учраас хувийн өмчийг баталгаажуулж хамгаалах, хууль бус аливаа арга хэлбэрээр хураан авах явдлыг таслан зогсоох нь Монгол төрийн үндсэн үүрэг байх ёстой.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх хүчингүй болгох эрхтэй” ба чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэлэм тогтоох эсвэл Хөрөнгө оруулалтын тухай, газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулахаас  бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасан байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлд Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр гэсэн ангилалтай гэж заасан ба Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө нь эдгээр ангиллын алинд ч үл хамаарч байна. Түүнчлэн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сангийн ангилалд багтсан ба сангийн хөрөнгийг бүрдүүлэх хуулийн үндэслэл нь сайн дурын хандив, тусламж байхаар заасан байтал шинэ зохицуулалт нь хуулийн этгээдийн  өмч хөрөнгөөс санд албадан хөрөнгө төвлөрүүлэх байдлаар зохицуулсан гэж үзэж байна.

Зөвхөн татварын хууль, тогтоомжийн дагуу татвар авах ба гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан тохиолдолд торгох, хөрөнгө хураах, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх эсхүл бусдад гэм хор учруулсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зэрэгт шүүхийн журмаар хохирол гаргуулж авах тохиолдолд өмчид халдах хуулийн зохицуулалттай байдаг.

Гэтэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулиар аж ахуй нэгж байгууллагуудын зохих журмын дагуу төлсөн татварын дараах цэвэр ашгаас Үндсэн хуульд харшлах замаар хөрөнгө татан төвлөрүүлж байна.

Түүнчлэн сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах явдал жилээс жилд нэмэгдсэн. Тухайлбал сүүлийн жилүүдэд 2 тэрбум гаруй төгрөгийг судалгаа, сургалт, сурталчилгаа, ном, гарын авлага хэвлүүлэхэд зарцуулж, хууль зөрчсөн. Энэ талаар холбогдох газраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан байна.

Компанийн цэвэр ашиг бол түүний эзэмшигчдийн ХУУЛЬ ЁСНЫ ӨМЧ мөн бөгөөд ямар нэгэн Засгийн газрын тусгай санд иргэн, аж ахуйн нэгжийн өмчид халдах замаар хөрөнгө төвлөрүүлэхийг үүрэгжүүлсэн хууль батлах нь ХУВИЙН ӨМЧ ХӨРӨНГӨНД шууд халдсан үйлдэл болж байгаа тул холбогдох шатны байгууллагад хандахыг үүгээр МЭДЭГДЭЖ БАЙНА.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-29 202.72.245.209

татвараа авчихаад ямарүндэслэлээр нэмж мөнгө авч байгаа юм бол? тэрийг нь л ойлгомоор байна л даа.

Avatar

зочин 2019-11-29 202.170.68.162

mobi, unitel, skytel компаниуд боож үхлээ хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж