УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн сард хорих шийдвэрийг гаргаж, цагдан хорьсон. Түүнийг удаа дараа шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Улмаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2019.11.29/10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, З.Баянсэлэнгэ хорих ангиас хуралд оролцохоор ирээд байсан. Хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу тэрбээр хорих анги руу буцсан юм.
Харин М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарыг үргэлжлүүлэн шүүж, оройн 19.30 цагт хурал завсарласан юм. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас үргэлжилнэ.
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг сануулбал, түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй аж.
Э.АРИУН