НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

НДС-г цөлмөсөн МАН-ын бодлого

Эрх баригчдын сонгуулийнх нь амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг босгохын тулд шинэ он гарангуут даатгуулагчийн Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ 12.5, ажил олгогчоос төлөх НДШ 12.7 хувь болж өсөх төдийгүй, эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах шаардлага тулгараад байна.

Учир нь эрх баригчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэтгэврийн тогтолцоог эрүүлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэлгүй, зөвхөн 2016 оны сонгуулийн амлалтаа хаах хууль баталсан нь даатгуулагчдын нуруунд ачаа үүрүүлээд зогсохгүй, сангийн алдагдлыг ч өсгөсөн. Тэтгэврийн сангийн алдагдал өнөөдрийн байдлаар 560 тэрбум төгрөгөөр яригдаж байна. Гэвч эрх баригчид шимтгэлийн хувь хэмжээг өсгөсөн шалтгаанаа сонгуулийн амлалттайгаа холбодоггүй, Олон улсын валютын сан/ОУВС/-д тохож ирсэн. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр МАН-ынхны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх далим болсон гэж тодорхойлоход буруудахгүй болов уу.

Хардах ч хангалттай үндэслэл бий. Яагаад гэвэл, Тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх зорилгоор НДШ –ийн хувь хэмжээг нийт дүнгээр нь 5 хувиар өсгөж, даатгуулагчдыг чангалчихаад, нэмж малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, дахин ачаалал үүрүүлж байгааг сонгуулийнх нь амлалттай холбохоос өөрөөр юу гэж тайлбарлах билээ.

Дээрх хуулиуд 2020 оноос эхлэн хэрэгжсэнээр 1995-2019 оны хооронд шимтгэл төлөөгүй иргэн 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нэг сарын 42 мянган төгрөг, жилийн 504 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Ингэснээр 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ч 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөгийг нь буцаан зарцуулна.

Хоёр жил тэтгэвэр авахад л санд төвлөрсөн орлого шавхагдаж, гурав дахь жилээс бусад даатгуулагчийн төлсөн шимтгэлээр тэтгэврийг нь олгох эрх зүйн харилцаа үүсэх болж байгаа юм.

Уг нь даатгуулагч сар бүр шимтгэл төлдгийн учир нь ирээдүйд тэтгэврээ тогтоолгоход ашиглах зорилгоор төрд хадгалуулж буй юм. Гэтэл төр нь эзэн болж чаддаггүй, замын дундаас нь популист амлалтаа хэрэгжүүлэхэд ашиглах, аль эсвэл эрсдэлтэй банкинд хадгалуулж, үрэн таран хийдэг. Эцсийн дүнд нь шударга даатгуулагч хохирч хадгалуулсан мөнгөө ашиглаж чадахгүй бусдын идэш болгож байна.

Эрх баригчдаар хууль батлуулаад бөөцийлүүлээд байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж яг хэн бэ. Бусдынхаа жишгээр яагаад сар тутамд шимтгэл төлж болдоггүй хүмүүс вэ. Амьдрал нь тэгтлээ тартагтаа тулсан хүмүүс үү гэтэл бас үгүй аж.

Малчнаар жишээ авбал зарим нь мянгат малчин. Хотондоо хонь нь, зэлэн дээрээ үнээ тугал нь багталцахгүй болж, малынх нь ашиг шим жилдээ хэдэн зуун сая төгрөгөөр яригдаж байна. Гэрийнх нь гадаа хот, хөдөө хоёрын дунд холхиход ашигладаг дунд гарын жийп, малаа хариулахад ашигладаг хужаа мотоцикль, нүүдэл хийхэд ашигладаг портер машин, өвс хадлангаа бэлтгэхэд ашиглах пад гээд тоочвол барагдахгүй нь ээ.

Хотод гурваас дөрвөн өрөө байртай, аймаг, сумандаа мөн хашаа байшинтай. Хамгийн амьжиргаа муу малчных 200 гаруй толгой малтай. Ашиг шим сайн өгдөг малтай бол тоо толгой нь багадахгүй. Гэтэл даатгалд сайн дураараа хамрагддаггүй. Ойролцоогоор 250 мянган малчин Нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай ч шимтгэл төлдөггүй.

“Наран туул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Хархорин” захаар нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч. Өдрийн орлого зарим наймаачных хэдэн зуун сая төгрөгөөс буудаггүй гэх. Тэгсэн атлаа ирээдүйд тэтгэвэрт гарахдаа ашиглая гэж хэзээ ч НДШ төлж байгаагүй. Ийм хүмүүсийг эрх баригчид ядуу гэдэг ангилалд оруулаад НДШ нэг удаа нөхөн төлөх эрхийг хуулиар олгон, тэтгэвэрт гарах боломжоор хангах нь хэр шударга зарчим бэ. Ядаж байхад бүтэн 14 жилийн шимтгэлээ 504 мянган төгрөгөөр хаана гээд боддоо. Гэтэл 1995-2019 оны хооронд сар бүр шимтгэл төлж ирсэн иргэн хэдэн төгрөгийг Нийгмийн даатгалын санд хадгалуулсан бэ. Тэр даатгуулагч ирэх жил тэтгэвэртээ гарахад МАН-ынхны бөөцийлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс илүү тэтгэвэр авч чадах уу. Бүтэн 34 жил ажиллаж, тасралтгүй шимтгэл төлсөн иргэн өнөөдөр 320 мянган төгрөгийн тэтгэврээр амьдралаа залгуулж байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгосон дээрх хуулийн боломжийг сонсоод “Шал дэмий шимтгэл төлж байжээ, хүүхдүүддээ зориулах минь яав аа” гэж халаглаж сууна.

Эрх баригчдын ялгавартай бодлогоос болж, иргэдийн нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдардаг боллоо. Яагаад энэ согогийг өөрчлөхийн төлөө хуулиар иргэдийг шахдаггүй юм бэ?. Даатгалын энэхүү тэгш бус үйлчлэлээс болж өнөөдөр татвар төлдөг хэсэг нухлуулж, эцэс сүүлдээ шимтгэлээ төлж чадахгүй өр үүсгэдэг боллоо.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн тайлбараар 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 13 мянган аж ахуйн нэгж байсан бол өнөөдөр 20 мянга руу дөхжээ. 130 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өр 170 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ бол эрх баригчдын НДШ-ийн хувь хэмжээг өсгөсний сөрөг үр дүн юм. Шинэ он гарахад даатгуулагчид болон Ажил олгогчдын хэдэн хувь нь шимтгэлээ цаг хугацаандаа төлж чадах бол гэдэг айдастай сууцгаана.

Бүрэн эрхийн хугацаа дуусахад долоон сарын хугацаа үлдлээ, энэ хугацаанд багтаагаад тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж, шимтгэл нь өсч үрждэг бусад орны сайн туршлагаас нэвтрүүлж болохгүй юу.

Сар тутамд шимтгэл төлөөд байгаа ч сан нь алдагдалд орж, ирээдүйд тэтгэвэр авахаар хадгалуулсан мөнгө нь бусдын идэш болж зарцуулагдаж байгаа шударга бус тогтолцоо даатгуулагчгүй ч болгож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж