Эрүүл мэндийн сайд Архангайд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд Архангайд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2010 оны долдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Ерөнхий сайдын багтай хамтран Архангай аймгийн Эрдэнэбулган, Их Тамир, Тариат сумдад ажиллалаа.

Ерөнхий сайдын баг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай,  ГХ-ны дэд сайд Б.Болор, Сангийн дэд сайд Т.Очирхүү, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Мишигжав, Ерөнхий сайдын зөвлөх Д.Оч, нийгмийн бодлогын зөвлөх С.Чинзориг нарын   бүрэлдхүүнтэйгээр орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, онцгой байдлын бэлэн байдалтай газар дээр нь танилцжээ. 

Эрүүл мэндийн сайдыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нээлтэд оролцох үеэр тус аймгийн гурван сумын нутгийг дамнасан ураны хайгуул хийж байгаа НЕН компаний үйл ажиллагааг эсэргүүцэж хөдөлгөөн өрнүүлсэн байлаа.  НЕН компани ураны хайгуул хийхдээ технологийн зөрчил гаргаж орчныг бохирдуулснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч байна гэж нутгийн иргэд үзэж байгаа аж. Тэд хүмүүсийн толгой өвдөж, үс нь унаж байгаа мөн мал хуй нь үхэж үрэгдэж байгаа талаар гомдол мэдүүлжээ.    

С.Ламбаа орон нутгийн иргэдийн хүсэлтээр Шаргачингийн голын дагуу хийж байгаа ураны хайгуулын энэ үйл ажиллагааг зогсоож, улмаар асуудлыг засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн байна. 

Ерөнхий сайдын баг Архангай аймгаас цааш Хөвсгөл аймаг руу хөдөлж, харин Эрүүл мэндийн сайд Архангай аймгийн Жаргалант Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сумдад ажлаа үргэлжлүүлж, иргэд хөдөлмөрчидтэй ярилцаж, засгийн тогтоол шийдвэрүүд, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн хууль тогтоомжуудыг танилцуулж байна.    

П.Нарандэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж