Олимпийн өмнөх допингийн асуудал

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Олимпийн өмнөх допингийн асуудал

Олимпийн өмнөх допингийн асуудал

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл, спортын их баяр цэнгэл зуны Олимпийн наадам ирэх зун Токио хотноо эхэлнэ. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд хөлс хүч, авхаалж самбаагаа дайчлан байж Олимпийн дэвжээнд зодоглох эрхээ авсан тамирчид улсынхаа төрийн далбааг мандуулахаар сэтгэл догдолж байна. Токио-2020 зуны Олимпийн наадам ирэх оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ны хооронд болно. Тус наадамд одоогоор дэлхийн 206 оны 11 мянга гаруй тамирчин өрсөлдөх эрхээ авчээ.

Гэвч тус Олимпийн наадамд ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй бололтой. Учир нь ОХУ-ын албаныхан тамирчдынхаа допингийн шинжилгээний мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх шалтгаанаар ирэх 2020 оны зуны Олимпийн наадамд оролцох эрхийг нь дахин хасах тухай яригдаж байна. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Москвагийн төв лаборатори хэд хэдэн тамирчдын шинжилгээний мэдээллийг устгасан байж болзошгүй аж. Улмаар ОХУ-ыг энэ хэрэгт тайлбар өгөхийг Оросын допингийн эсрэг агентлагаас шаардан, тус улсыг ирэх дөрвөн жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах, тамирчдаа оролцуулахыг хориглохоо мэдэгдсэн юм. Энэ асуудлаар дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдах зөвлөл ирэх арванхоёрдугаар сарын 9-нд Парис хотноо хуралдаж, эцсийн шийдвэр гаргах аж. Энэ нөхцөлд Оросын хөл бөмбөгийн холбоо Санкт-Петербург хотноо ирэх онд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Euro 2020" тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдахаас гадна тус улсын баг тамирчид "Токио 2020" Олимпийн наадамд оролцох эрхгүй болох эрсдэлтэй.

Рио Олимпийн наадмын өмнө ч ийм маргаан үүссэн. Гэхдээ олон улсын Олимпийн хорооноос ОХУ-ын талд шийдвэр гаргаж, спорт холбоодыг бие даан шийдвэр гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэснээр Оросын 278 тамирчин допинг хэрэглээгүй нь батлагдаж, 111 нь эрхээ хасуулжээ. Ийнхүү 2016 оны зуны Риогийн Олимпийн наадамд Оросын 282 тамирчин 26 спортын төрөлд өрсөлдөж, 19 алт, 17 мөнгө, 20 хүрэл медаль авснаар дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн амжилтыг үзүүлсэн.

ОРОСЫН ДОПИНГИЙН ДУУЛИАН

Оросын тамирчид Олимпийн далбаан дор оролцов

Оросын допингийн дуулиан 2014 онд Сочи хотноо өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулснаас эхлэлтэй. Тус наадмын дараа дэлхийн допингийн эсрэг агентлагаас Оросын тамирчдын төрөөс санхүүжилттэй, тагнуулынхны оролцоотой допинг хэрэглэдэг, үр дүнг луйварддаг системийг шүгэл үлээгч нарын тусламжтай илчилснээр дуулиан тарьсан. Гэхдээ ОХУ нь Сочи-2014 өвлийн Олимпийг зохион байгуулахад 50 тэрбум ам.долларыг зарцуулсан зэргийг харгалзан ОУОХ нь спорт холбоодод шийдвэр гаргах эрх өгсөн юм. Ингэснээр Оросын хөнгөн атлетикийн тамирчид допингийн нарийн шинжилгээнд үндэслэн олон улсын байгууллагын далбаан дор 2018 оны өвлийн Олимпийн наадамд оролцжээ. Улмаар орос тамирчид хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл авснаар медалийн тоогоор 13 дугаарт орсон байна. Өдгөө допингийн шинжилгээнд бүдэрч байгаагүй Оросын 168 “цэвэр” тамирчин олон улсын байгууллагын далбаан дор ирэх оны Токиогийн Олимпод оролцох боломжтой гэж  олон улсын олимпын хорооноос мэдээлсэн юм. Оросууд өмнөх зургаан удаагийн өвлийн наадмаас зөвхөн уран гулгалтын төрөлд боломжит 26 алтан медалийн 14-ийг нь авч, нийт 26 медаль хүртэж байв.

ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Оросын бүх тамирчдыг ирэх 2020 оны зуны Олимпийн наадамд оролцохыг нь хориглож, хатуу арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг АНУ-ын сэргээш хэрэглэхийн эсрэг агентлагийн дарга Трэвис Тигарт илэрхийлжээ. Тэрбээр ОХУ-ын спортын албаныхан допингийн шинжилгээг хуурах явдлын эсрэг хатуу арга хэмжээ авч, Токиод болох зуны Олимпийн наадамд зөвхөн “цэвэр” тамирчдыг оролцуулахыг шаарджээ. Гэвч зөвхөн Оросын тамирчид допинг хэрэглэсэн юм биш. АНУ-ын Олимпийн аварга 14 тамирчин допинг хэрэглэсэн нь илэрснийг Россия Сегодня агентлагийн зөвлөх Олег Дмитриев онцлон мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Москва хотын допинг шинжлэх төв лабораторийн захирал асан Григорий Родченков “шүгэл үлээгч болж” Оросын албаныхны хууль бус ажиллагааг илчилж, хатуу арга хэмжээ авахыг уриалсан юм. Харин ОХУ-ын Засгийн газар биш спортын холбооны зарим албан тушаалтан зарим тамирчдынхаа допингийн мэдээллийг устгаж, засварлах зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасанд тус улсын нийт тамирчдыг шийтгэх ёсгүй хэмээн олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж