Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Автобусны тоо цөөрснөөс зорчигчид багталцахгүй байна

Хөхөө өвлийн хүйтнээр автобус хүлээнэ гэдэг нийслэлчүүдийн хувьд том бэрхшээл. Автобус компанийнх нь хүчин чадал хүрдэггүй юу, аль эсвэл автомашины түгжрэлд ордгоос болдог уу, зарим чиглэлийн автобусыг 30, 40 минут, тэр бүү хэл 1 цагаар хүлээх ч энүүхэнд. Хүүхэд багачууд хөл, гараа хайруулах дөхдөг бол ахмад настнууд бээрч дагжсаар чүү арай автобусандаа суудаг. Удаан хүлээлгэж ирсэн автобусанд сууна гэдэг бас л тэмцэл.

Энэ асуудлыг сурвалжлахаар бид өчигдөр /2019.11.28/  Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэйд тооцогддог “Цэцэг” төвийн автобусны буудалд очиход иргэд зорчих автобусаа хүлээн багшралдаж, удаан хүлээсэн нэг нь цухалдана. Тэдэн дундаас балчир хүү даарч эхлэв бололтой эмээгээсээ "автобус ирэх болж байна уу" хэмээн ойр, ойрхон асууна.  Энэ зуур Дэнжийн мянга, Долоон буудал чиглэлийн автобус ирж хүйтэнд жиндсэн хүмүүс нэг нэгийгээ унагаах нь холгүй яаран, шахалдан зүтгэсээр автобусандаа сууцгаасаар. Дараа нь Хороолол III, IV чиглэлийн автобус ирэхэд хүмүүс чихцэлдэцгээн зүтгэж, эмээ нь зээгээ тэврэн, автобус руу зүтгэх гэсээр байтал хүн нь дүүрээд хөдөлчихнө тэр. Өнөөх хоёр дахиад л автобус ирэхийг нүд салгалгүй ширтээд хоцров. Энэ бол Улаанбаатар хотын автобусны буудалд хаа сайгүй үзэгдэх дүр зураг. Зарим автобус зорчигч нь дүүрсэн тул дараагийн буудалд хүлээх иргэдийг суулгах боломжгүй тул хаяад л давхихаас өөр аргагүй.

Дараагийн автобус ирэхэд хүмүүс дахиад л багталцахгүй бужигнаж, жолооч "Хойшоо яваад өг. Зай харагдаад л байх шиг. Хүн бүр л гэртээ харихыг яарч байгаа шүү дээ. Одоо хоёрхон хүн" гэсээр арай чүү чихэж оруулах ч хаалгаа хааж чадахгүй цаг алдах энүүхэнд.

“Цэцэг” төвийн автобусны буудалд зогсож байсан бусад иргэд автобус оройтож ирснээс ажлаасаа хоцрох, даарах, тэр ч байтугай осгох шахаж байгаагаа хэлсэн. Автобусанд яаж ийгээд багтаж суухгүй л бол дараагийн автобусыг хүлээх шаардлагатай болдог гэдгээ хэлж байлаа.  Зорчигчдоос нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлаар тодруулснаа хүргэе.

АВТОБУС ХҮРЭЛЦЭЭГҮЙДЭЭ БИШ ТҮГЖРЭЭНЭЭС БОЛООД Л ЯВАХГҮЙ БАЙНА

Иргэн Ч.Уянга

Иргэн Ч.Уянга “Эндээс Өвөр согоот чиглэл рүү явах гэж байна. Заримдаа 30-аад минут автобус хүлээсэн тохиолдол байгаа. Ер нь тэгээд автобусанд аз таараад суухад түгжрээ нь дийлдэхгүй, хурднаараа явлаа гэхэд л 1 цаг зарцуулж байж, гэртээ очно. Гэр хороолол, тэр дундаа захын чиглэлийн автобус бол их хэцүү дээ. Өглөө 07.30 цагт гэхэд багтам шахам зайгүй болчихсон, дүүрэн хүнтэй явж байдаг. Өдрийн цагаар автобус гайгүй яваад байгаа юм шиг санагддаг. Оройдоо түгжрэлээс болоод л явахгүй таг гацаж, хүрэлцээ нь мууддаг болов ууу.  Би энэ буудалд ирээд 15 минут зогсож байна. Нийтийн тээврийнхээ үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл аль болох гэр хорооллын чиглэлүүдэд автобусны тоог нэмэх, үгүй бол түгжрэлээ багасгах хоёр арга байгаа санагддаг. Угтаа бол автобус хүрэлцээгүйдээ биш түгжрээнээс болоод л явахгүй, олдоц муу байна”.

УДААН ЗОГСОХООР ЯДАРДАГ

Иргэн Б.Батбаяр “Орой ажил, хичээл тарах цагаар автобус их удаж ирдэг. Гэхдээ их удаж ирдэг болохоор тэр даруйдаа дүүрч зорчигчид багталцахгүй болдог.  Зарим жолооч нар нь хаалгаа ч онгойлгохгүй хүнд сурталтай. Замын түгжрэлээс болж, автобусанд удаан зогсохоор ядардаг. Өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг суулгахаас өөр аргагүй. Аль болох өглөө, орой буюу ажил эхлэх, тарах үеэр автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүн ихтэй үед хүүхдүүд шахагдаж, маш хүнд нөхцөлд явдаг”.

АВТОБУСНААС БУУСАН ХҮМҮҮС ХҮҮХЭД ДАЙРЧ УНАГАЧИХ ГЭЭД БАЙДАГ

Иргэн И.Мөнхжаргал “Хүүхдээ аваад автобус хүлээгээд арваад минут зогслоо. Хүйтэнд хүүхдээ нийтийн тээврээр зөөнө гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ сургуулийн автобус явж эхэлснээр хүүхдүүдийн ачаалал арай багасч байна. Эд чинь автобус дотор шахалцаж, хажуугаар зөрсөн хүмүүс нь түлхэж унагачих гээд нэг бол, агааргүйдээд байдаг юм билээ. Хайлааст чиглэл рүү автобус их цөөхөн дөө. Гэр хороолол, тэр дундаа захын хорооллуудад автобусны хүрэлцээ муу байгааг “том” машин унасан эрх мэдэлтэй хүмүүс бодож үзмээр. Сая гэхэд хүүхэдтэйгээ хамт зогсож байхад автобуснаас буусан хүмүүс хүүхэд дайрч унагачих гээд их хэцүү байна”.

УТАСНААСАА "UB SMART BUS"-АА ХАРЖ БАЙГААД ЦАГАА ТООЦООЛООД АЖЛААСАА ГАРДАГ

Иргэн Б.Батдорж

Иргэн Б.Батдорж “Машин гардаггүй өдөр утаснаасаа "UB Smart Bus" аппликейшнээ харж байгаад цагаа тооцоолоод ажлаасаа гардаг. Энэ аппликейшн цаг хэмнээд амар байдаг юм. Жишээ нь утаснаасаа ямар чиглэлийн автобус хэдэн минутын зайтай ирэхийг мэдчихэж байгаа юм. Гадаа хүйтэнд зогсож байхаар яг явах чиглэлээ тооцоод хүлээж байсан нь дээр болов уу. Миний хувьд энэ аппликейшн их амар, хэрэгцээтэй санагддаг. Түгжрэл, ачаалалттай үеэр автобусныхаа тоог аль болох нэмэх хэрэгтэй” гэлээ.

 


93 ЧИГЛЭЛД 860  АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Автобусны хүрэлцээний талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн О.Хонгорзултай ярилцлаа.

-Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хүрэлцээ муу гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 93 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Цагийн хуваарийн дагуу 06.00-23.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлдэг.

-Ачаалал ихтэй цагуудад автобусны тоог нэмж болдоггүй юм уу гэх шүүмжлэлийг иргэд дайж байна?

Бид өвлийн хуваарийн дагуу ажиллаж байна. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтээс үүдэн, судалгаанд үндэслээд тодорхой зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад дундын зогсоолоос эх авхуулах буюу автобус нэмэлтээр гаргах арга хэмжээг авч ажиллаж байна. Жишээ нь өглөөний 07.00 цагт ачаалал ихтэй үед хүмүүс багтахгүй байна гэсэн чиглэлүүдэд тухайн зогсоолуудаас хоосон автобусаар эх авхуулж, үйлчилдэг. Мөн динамик график мөрдүүлж байгаа. Энэ нь ачаалал багатай үед тогтоосон хуваарьт захирагдахгүйгээр замын ачаалал, багатай үед тээврийн хэрэгслийг хурдан явуулах, ачаалал багатай үед уртсах, тээврийн хэрэгслийн тоог аль цагуудад нэмэгдүүлэх шаардлагатай байна вэ гэдгээ тухайн үед шийдээд мөрдүүлж, ажилладаг гэсэн үг юм.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил автобусны тоо нэмэгдсэн үү?

-Нийтийн тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн жилийнхээс буураагүй. Өмнөх жилүүдээс онцлог нь судалгаанд үндэслээд дээрх зохицуулалтын арга хэмжээг авч байгаа.

-Цаашид автобусны тоог нэмэх боломжтой юу?

-Өдөрт 550 мянга орчим зорчигч өдөрт нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Бид зорчигчийн судалгаандаа үндэслээд тээврийн хэрэгслийн тоог тогтоож өгдөг. Тэр зарчмынхаа үйлчилгээг үзүүлж байгаа. Мэдээж автобус хүлээлт юунаас үүдээд байна вэ гэхээр замын түгжрэл, бусад шалтгаанууд бий.

-Зарим чиглэлүүдийг автобусыг харахаар хүн цөөтэй байхад зарим нь багталцахгүй шахам явж байна. Энэ талаар зохицуулалт бий юу?

-Хүнгүй явдаг чиглэл байхгүй. Тухайн чиглэлийн цагийн онцлог гэж байдаг. Жишээ нь хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн өглөөд ихтэй байх гэдэг ч юм уу, чиглэлээсээ их хамаарч ачалаал авдаг. Тэрнээс биш бид зорчигч урсгалын тоон судалгаанд үндэслэж тээврийн хэрэгслээ төлөвлөдөг.

-Иргэдийн зүгээс автобусны буудал дээр хамгийн багадаа арван минут, цаад тал нь 30, 40 минутаар хүлээн зогсож байна гэх гомдлыг хэлэх боллоо?

-Ерөнхийдөө манай автобусны дундаж хүлээлт 9-10 минут байдаг. Авто замын түгжрэлээс шалтгаалж зарим тохиолдолд хүлээлт үүсч байгааг үгүйсгэхгүй. Дундаж хүлээлтийн хугацааг арван минутаар тавьж өгсөн хэдий ч авто замын түгжрэл маш их нөлөөлдөг. Хэдий тухайн чиглэлд олон автобус тавьж өгдөг ч зам түгжрэлтэй бол автобус зогсож байна гэсэн үг юм. Тэгэхээр зохицуулалтын өөр арга хэмжээ авах шаардлагатай.

-Одоо байгаа 860 автобуснаас насжилт нь дуусч байгаа автобус бий юу?

-Бүртгэлийн сан гэж байдаг. Түүн дээр манайхтай гэрээтэй аж ахуй нэгжийн бүх автобус бүртгэлтэй байдаг. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг нийтдээ 18 аж ахуй нэгж байдгаас 16 нь хувийн хэвшлийнх. Манай дээр үйлчилгээнд тогтоосон стандарт гэж байдаг.

-Хүрэлцээ муутай гэж ярьж байна?

-Судалгаандаа үндэслээд гаралт нэмэгдүүлэх, ажиллаж байна. Саяхан манайх бас сурагчийн автобус төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчийн автобус өнөөдрийн байдлаар найм хоног явчихлаа. Өдөрт 4500 орчим хүүхдийг тээвэрлэсэн дүнтэй байна. Машинаар хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн машиныг зогсоож байна гэсэн үг. Бид өөрсдөө зорчигч урсгалдаа үндэслээд бүх зүйл судалгааны үндсэн дээр явагддаг учраас хүртээмж жигд гэж ойлгож болно. Тухайн чиглэлийн ачаалал, зорчигч урсгалаас хамаараад тээврийн хэрэгслийн их бага тоо байгаа.  Нийтийн тээврийн үйлчилгээ ашигтай ажилладаггүй. Зургаан жилийн өмнө л 500 төгрөг байсан. Өнөөдөр хүртэл энэ үнээрээ үйлчилж байгаа. Тэрнээс гарсан алдагдлыг төр хариуцаж явдаг.

Уг нь Улаанбаатарт өнөөдөр 89 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа ч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийнхэнд хүрэлцэхгүй байна.  Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нь судалгаанд үндэслэн, урсгалыг зохицуулж байгаа гэх боловч хувийн хэвшлийнх нь автобус шуурхай үйлчилгээг үзүүлж чаддаг бол орон нутгийн өмчит компанийнх нь үйлчилгээ маш муу, зорчигчоо 30, 40 минутаар хүлээлгэх тохиолдол олон. Зарим тохиолдолд 1 цаг хүлээх шаардлагатай болдог гэдгийг зорчигчид хэлж буй юм.

Энэ тухай гомдлыг хүлээн авах 326352 дугаарын утсанд мэдэгддэг ч ямар ч арга хэмжээ авагддаггүй. Амьгүй албат иргэдийн гомдлыг хүлээн авдаг уу, аль эсвэл цаад автобус компанийнх нь удирдлага нь бүр ажлаа зохицуулж чаддаггүй юу, хэдэн жилийн турш өөрчлөлт гараагүй аж.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын ихэнх нь 5-10 жил явсан тул ашиглалтын хугацаа нь дуусаж,  “тэтгэвэрт” гарсан байдаг. Гэтэл парк шинэчлэлт хийж чадахгүйгээс хар утаа хаядаг автобус ч үйлчилгээнд явахаас аргагүйд хүрч байна.

Мөн өнгөрсөн оны энэ үед нийслэлд 89 чиглэлд 945 автобус үйлчилж байсан бол өнөөдөр 93 чиглэлд 860 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл,  нийслэлчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлж, түгжрэлийг сааруулах арга хэмжээ авахгүй бол  зорчигчид 1990-ээд оны үеийнх шиг автобус хүлээн зутруухан өвөлжих болж байна.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж