Байгуулагдаад 15 жилийн ойтойгоо золгож буй “Болдтөмөр Ерөө гол” ХХК энэ жил ойгоо даруухан тэмдэглэв. Даруухан гэж тэмдэглэсний учир нь тэд баяр, ёслол хийхээс илүү өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар бүтээн байгуулалт хийсэн, улсдаа ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг танилцуулснаар тэдний 15 жилийн ой өндөрлөв. Өдгөөгөөс яг 15 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга шинэхэн Хөдөлмөрийн баатар С.Ганболдоос “Болдтөмөр Ерөө гол” ХХК Ерөө суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч байжээ. Ийн 15 жилийн ойдоо зориулж, баярлахаас илүү хийсэн бүтээснээ харах, харуулах зорилгод нэгдсэн бидний хэдэн нөхөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорьсон юм. Тэд бүтээснээ, бид бүтээн байгуулалттай танилцахаар зорилго нэгдсэн нь энэ.
1000 ВАГОН ЗАСАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ АЧААНЫ ЗАСВАРЫН ДЕПО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тус компани 15 жилийн ойдоо зориулан Монголдоо хоёр дахь нь болж буй Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн вагон засварыг нээлээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд гол хөшүүрэг нь галт тэрэг. Тиймээс ч ачааны вагоны засвар депо төмөр замын салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг. Ийм засварын депо Зүүнхараад ганц байсан бол өдгөө Ерөө сумын Хандгайт өртөөн дээр дахин нэг байгуулагдаж буй нь энэ. Өмнө нь вагоны нэг дугуйг засварлахад Зүүнхарааг зорьдог бөгөөд 1000 ам.долларын өртөг зарцуулдаг байж, дээрээс нь цаг их алдана. Харин Ерөө сумын Хандгайт өртөөн дээр засварын депо байгуулагдсанаар зардал, цаг хугацаа хэмнэж байгаагаараа давуу талтай. “Болдтөмөр Ерөө гол” ХХК нийтдээ 3000 орчим галт тэрэгтэй бөгөөд засварын депогийн бүтээн байгуулалтыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Засварын депо байгуулагдсанаар нийтдээ 60 гаруй ажлын байр бий болж, төмөр замын салбарын мэргэжилтнүүд ажлын байртай болох бас нэг давуу тал бий болсныг ажилчдын зүгээс онцолж байлаа.
“Монголиан транс ложистик” ХХК-ийн депогийн орлогч дарга О.ЭРДЭНЭЧУЛУУН:
-Хятад вагоныг өмнө нь Монгол Улсад засах боломжгүй байсан. Технологи нь ч байхгүй, тоног төхөөрөмж нь ч байхгүй байсан. Тиймээс өөрсдөө засварын депо барихаас өөр аргагүй юм байна гэдэг шийдэлд хүрээд энэ депог байгуулсан. Хятад вагоны технологи орос вагоноос арай өөр. Одоо бид өдөрт гурван вагон сард 90, жилд 1000 вагон засна гэсэн тооцоотой байгаа. Монгол Улсад 11 мянган хөдлөх бүрэлдэхүүн зам дээр явж байна. Үүний 7000 мянга нь дотоодын үйлдвэрийнх байдаг.
Улаанбаатар төмөр зам компанийн Баянгол төмөр замын Вагоны албаны дарга А.ЖИГЖИДСҮРЭН:
-Манай цех үндсэн зургаан тасагтай. Үүнд вагоны бүх эд ангийг салгаж засвар үйлчилгээ хийнэ. Өмнө нь манай засварын депо ашиглалтад ороогүй байхад Зүүнхараа вагон депо руу явуулж маш их цаг хугацаа алддаг байсан. Зүүнхараад манай орос вагонууд засагддаг байсан. Тэнд очоод сар гаруй болдог байсан. Одоо өдөрт нь ирээд өдөрт нь гаргаад явуулдаг болсон. Бүх засварыг өөрсдөө хийдэг болсон болохоор богино хугацаанд засвар үйлчилгээгээ хийгээд ашиглалтын хэсэгтээ өгдөг болсон. Манай компани 3003 вагонтой. Манай депод 60 гаруй мэргэжлийн хүн ажиллаж байна.
Ачааны вагон засварын хэсэг нь:
- Засварын цех-Өдөрт гурван вагон, жилд 100 гаруй ачааны хагас вагонд дунд болон их засварын ажил хийх хүчин чадалтай
- Авто угсралтын тасаг- эд ангийг задлах, угсрах, хэмжилт хийх, үл эвдэх сорилтоор шалгах үүрэгтэй.
- Тэргэнцэр цех– Тэргэнцрийн эд ангийг задлах, угсрах, угаах, үл эвдэх сорилоор шалгах технологит ажлыг гүйцэтгэнэ.
- Хос дугуйн цех– тоноглогдсон хос дугуйн гүүшинг сугалах, шахах, оношлох, дугуйн өнхрөх гадаргууг боловсруулах, хэмжилт хийх, үл эвдэх сорилоор шалгах.
- Механик цех– Вагоны засварт шаардагдах төмөр бэлдцийг бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Улаанбаатар төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Д.ЖИГЖИДНЯМАА:
-Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний засвар, найдвартай ажиллагаа маш чухал байдаг. Өнөөдөр Баянголын төмөр зам дээр нээгдэж байгаа хөдлөх бүрэлдэхүүний депо бол нийт 3000 гаруй вагонд засвар үйлчилгээ хийж, тээврийн найдвартай үйл ажиллагааг хангах зориулалттай. Энэ бол Монгол Улсын төмөр замын тээвэрт маш их ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл бүх вагон зүтгүүрийн воганы засварыг Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депо дээр хийдэг байсан. Энэ депо ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын тээврийн вагоны засвар, угсралт хоёр дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Манай улс нэг депотой байсан бол ингээд хоёр депотой боллоо. Зүүнхараагийн вагон депо 7000 гаруй воганд засвар үйлчилгээ хийдэг байсан. Одоо Болд төмөр компанийнх өөрийнх дээрээ хийнэ. Сүүлийн үед хувийн компаниуд ч вагон оруулж ирж манай улсын вагоны тоо нэмэгдэж байгаа. Тиймээс Зүүнхараагийн депо энэ депо хоёр засвар үйлчилгээгээ хамт хийнэ.
Цехүүд бүгд автомат ажиллагаатай бөгөөд цаашид ачааны вагон засварын депо нь ачааны вагон эзэмшигч аж ахуй нэгжүүдэд стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой юм байна.
Ердөө хэдхэн хоногийн өмнө “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик” компани 12 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа дуусгажээ. УИХ-ын 2010 оны 1332-р тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ийн бичиг баримтад тусгагдсан төмөр замын нэгдсэн сүлжээний хэвтээ чиглэлийн “Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян”, “Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан” чиглэлийн эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой юм байна.
Дорноговь аймагт байгуулсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, шинээр баригдаж буй төмрийн хүдрийн баяжуулах, кокс, ширэм үйлдвэрлэх компаниудын дэд бүтэц, тээвэр, логистик, гаалийн хяналтын асуудал цогц байдлаар шийдэхэд энэ зам чухал нөлөө үзүүлэх юм байна. Тус зам ашиглалтад орсноор төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгжээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлж, улс орны дамжин өнгөрүүлэх чадавхыг дээшлүүлэн, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор манай улсын төмөр замын сүлжээний 1922,1 км урт бөгөөд энэ удаад 12 км-ээр нэмэгдэж байна.
БАЯНГОЛЫН ТАЛ ДЭЭР СҮНДЭРЛЭСЭН ХОТХОН
Сэлэнгэ аймгийн аймгийн Ерөө сумын нутагт “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн уурхай бий. Уурхай 1100 орчим ажилчинтай бөгөөд тэдний 60 орчим хувь нь Сэлэнгэ аймгийн иргэд бол 20 орчим хувь нь эмэгтэй ажилчид байдаг аж. Өөрөөр хэлбэл, олонх нь орон нутгийн иргэд. Уурхайд тогтвор суурьшилтай ажиллах хамгийн том хөшүүрэг нь ажилчдын цалин хөлс болоод амьдрах орчин. Сэлэнгэ аймгийн тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэлийн хэлснээр “Болдтөмөр Ерөө гол” компанийн Баянгол уурхай 1100 гаруй ажилтантай. Үүний 600 гаруй нь буюу 60 хувь нь Сэлэнгэ аймгийн иргэдийг ажиллуулдаг. Тус компани манай Сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд манай аймаг Монгол Улсын хамгийн анхны шилэн гүүртэй аймаг болохоор зорьж байна. 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ бүхний санхүүгийн гол дэмжлэгийг Болд төмөр ерөө гол компани шийдвэрлэж байгаа. 2018, 2019 онд хийсэн томоохон бүтээн байгуулалтаас товчхон дурдвал Ерөө суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Бугант тосгон хүртэлх зам, Жавхлант суманд хүүхдийн зуны цэцэрлэг гэх мэтчилэн олон бүтээн байгуулалт хийсэн байна.
“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 15 жилийн ойдоо зориулж буй гурав дахь том бүтээн байгуулалт бол Баянгол хотхон. 1500 гаруй хүний багтаамжтай оффис, банк, спорт заал, ресторан, эмнэлэг, банк, гал тогоо, фитнесс танхим гээд ажилчдын чөлөөт цаг, тав тухыг хангахаас гадна ажилчин гадагш гарахгүйгээр бүх объектод хүрэх боломжтой.
“Баянгол” уурхайн гүйцэтгэх захирал Ц.ГАНБАТ:
-Хотхон нь 1500 хүн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, бүх шийдлүүдийг шийдэж өгсөн. Энд оффис, зочид буудал, ээлжийн ажилчдын амрах байр, спорт заал, гал тогоо, бохир цэвэрлэх станц, уурын зуух зэрэг бүрдэж байгаа. Сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж уг цогцолборыг барьж байгуулж дуусгалаа. Манай компанийн Баянгол уурхай 1100 ажилтантай. Цогцолбор байгуулагдсанаар ажилтнууд бидний хувьд ажиллах таатай нөхцөл бүрдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байгаа тул баяртай байна. Өмнө модон байшинд ажилчид амьдарч, ажилладаг байсан бол уг хотхон ашиглалтад орсноор бүрэн цутгамал байранд амьдрах боломжтой болсон. Ажилчид гэр бүлээрээ байх боломжийг хангаж, хоёр өрөө байруудыг тусад нь шийдэж өгсөн.
Үнэндээ байрнаасаа гарахгүйгээр банк, фитнесс, номын сандаа ороод бүх үйлчилгээгээ авахаар шилэн хорго байгуулсан нь хотын орон сууцтай зүйрлэмээр. Баянголын уурхайг түшиглэсэн Баянгол цогцолбор шиг ийм бүтээн байгуулалттай уул уурхайн компани хэд билээ гэж бодогдож байсныг нуух юун. Хүнээ, ажилчнаа боддог байгууллагад бүтээх амархан байж болох гэж дүгнэмээр.
Яг энэ хотхонтой ижилхэн 1300 орчим айлын орон сууц бүхий цогцолборыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК Дорноговь аймагт барьжээ. Орон нутагт “Мандахнаран” 1, 3, 4 дүгээр хорооллын төсөл Дорноговь аймгийн төвд хэрэгжүүлсэн бөгөөд Мандахнаран 2 төслийг Замын-Үүдэд хэрэгжүүлжээ. 2016 оноос хойш 1300 гаруй айлыг орон сууцанд оруулсан бөгөөд үүнд сумдын орон сууц ч бий. Ердөө метр квадрат нь 650 мянган төгрөгийн үнэтэй орон сууцны “Мандахнаран” төсөл цаашид ч үргэлжлэх гэнэ.
“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК УЛСЫН ТӨСӨВТ 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
“Монголиан Транс Ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.СҮХБААТАР:
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төмөр зам тавигдсаны 70 жилийн ой болж байна. Мөн “Болдтөмөр Ерөө гол” уул уурхайн компанийн 15, “Монголын транс ложистик” компанийн 10 жилийн ой тохиож байна. Монголын төмөр замын 70 жилийн түүхэнд анх удаа хувийн хэвшил 2009 онд төмөр зам барьсан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд барьсан 100 гаруй км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан. “Болд төмөр ерөө гол” компани хөрөнгө гаргаад бид ажлыг нь хариуцаж гүйцэтгэсэн. Анх барьж байхад хүн хүч дутагдалтай байсан. Ингээд Дарханы оюутнууд, Сэлэнгийн ард иргэдийг оролцуулан барьж байсан. Төмөр замаа барьж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөх гэтэл Монгол Улсад төмөр замын барилгын ажлыг шалгах, ашиглалтад хүлээж авах эрх зүйн акт байхгүй байсан. Бид төмөр замаа 2009 онд ашиглалтад оруулсан боловч гурван жилийн дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. Монгол Улсад 1890-ээд км төмөр зам байдаг. Үүн дээр ба саяхан 12 км төмөр зам нэмэгдсэн. Нэгэнт л төмөр зам барьж байгаа учраас хувь хувьсгалынх хамаагүй олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгдэх ёстой. Олон улсын төмөр замын сүлжээнд бүртгэгдэнгүүт код авна. Код авахын тулд тодорхой хэмжээний шалгуур давна. Ингэж байж Монгол Улсын төмөр зам байгуулагдаж ачаа тээвэр явах боломжтой болно.
15 жил үйл ажиллагаа явуулахдаа 303.6 тэрбум төгрөгийн татвар, хураамж төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 133.9 сая төгрөг төлжээ.
Орон нутгийн төсөвт нийт 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 199.6, тусгай зөвшөөрлийнхөд 435.2, газрынхад 296.1, үл хөдлөх хөрөнгийн татварт 272.3, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийнхэд 290.2, ус ашигласныхад 161.8 сая төгрөгийн татвар төлсөн байна. Түүнчлэн гадаад, дотоодын 500 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, жилд дунджаар 170 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авдаг гэнэ. Тухайлбал, 2018 онд төмрийн хүдрийн тээвэрлэлтийн төлбөрт 957.7, шатах тослох материалд 207.6, тэсрэх бодист 113.3, эрчим хүчинд 18.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.
Сэлэнгэ аймгаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлөх үүрэгтэй. Гэхдээ энэ олон ажлын байрыг бий болгоод энэ олон иргэдийг ажилтай орлоготой, ирээдүйдээ санаа зовох зүйлгүй итгэл төгс ажиллаж амьдрахад нь дэмжлэг туслалцаа болж байгаа компанийн удирдлагуудад талархаж явдаг юм. “Болдтөмөр Ерөө гол” компанид Сэлэнгэ аймгийн 630 хүн ажиллаж байна гэж байна. Анх Ерөө сумын нутаг дэвсгэр дээр уурхайн шавийг тавиад Б.Дэлгэрсайхан даргын хэлсэн үг бол энэ. Өнөөдрийг хүртэл анх ярьсан зүйлээсээ буцалгүйгээр Сэлэнгэ аймгийн энэ олон хүнийг ажлын байртай болгосон. Энэ хүн өнгөрсөн 15 жилийн хугацаанд маш олон бэрхшээл дундуур туучиж явсан. Энэ олон бэрхшээл дундуур явж энэ олон бүтээн байгуулалтыг хийж яваад нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүний хэлснээр өнгөрсөн 15 жилийн хугацаа бэрхшээл, саад бүрийг давсан энэхүү хамт олны “даруухан” бүтээн байгуулалттай танилцаж, өртөөлөв. “Болдтөмөр Ерөө гол” ХХК 15 жилийн босгон дээрээ хөгжлийн түүчээ болсон 12 км төмөр замаа ашиглалтад оруулж, ачааны вагоны засварын депог байгуулсан хоёр дахь компани болж, ажилчдынхаа, сум орон нутгийнхаа хөгжилд түүчээлсэн бүтээн байгуулалттай танилцаж минь энэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ