Монголбанк: Своп хэлцлийг гурван жилээр сунгана

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Монголбанк: Своп хэлцлийг гурван жилээр сунгана

Монголбанк: Своп хэлцлийг гурван жилээр сунгана

Монголбанкнаас сар тутам хийдэг ээлжит хурлаа  өнөөдөр /2019.11.28/ хийлээ. Мэдээллийн эхэнд Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар үндэсний төлбөрийн Т карт  EMV чипт шилжих гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  “Монголбанкны зүгээс энэ сарын 10-ны өдөр  Үндэсний төлбөрийн Т картыг чип технологит шилжүүлэхээр гадны мастер карт компанитай гэрээ үзэглэсэн. Монголбанкнаас  2012 оноос эхлэн  үндэсний төлбөрийн Т картыг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.6 сая   ширхэг карт хэрэглээнд  байгаагаас 75.1 хувь буюу 2.7 сая ширхэг карт нь монгол банкнаас зөвшөөрөлтэй гаргадаг Т карт юм.

Төлбөрийн Т карт нь  анх соронзон туузаар гарч байсан бол сүүлийн  үед картны хулгайгаас үүдэн дэлхий нийтээрээ чип технологи  руу шилжиж эхэлсэн. Эхний чип карт ирэх оны хоёрдугаар  улирлын сүүл гэхэд гарна гэсэн   төлөвлөгөөтэй ажиллаж байна. EMV чип технологитой болсноор давуу тал нь мэдээж нууцлал аюулгүй байдал нь өндөр  хэмжээнд   хангагдана. Цаашид Монгол Улсад хэрэглэгдэх  Т картыг чип технологит шилжүүлснээр  олон улсын стандартад нийцнэ гэсэн үг. Мөн Мастер Карт байгууллагатай хамтран үндэсний Т картаар гадаадад төлбөр хийх талаар судалж байна” гэлээ.

Дараа нь Монголбанкны  нөөцийн удирдлага, санхүүгийн  зах зээлийн газрын  захирал А.Энхжин  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Төгрөгийн ханш сулраад байгаад юу нөлөөлөөд байна вэ?

-Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс  Монголбанкны зарласан ханшнаас 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой явсан ам.долларын ханш аравдугаар сар гарсаар  чангарах үзэгдэх ажиглагдсан.  Саарал жагсаалтад орсноос үүдэн эдийн засагт томоохон дарамт үүсэх нь гэсэн яриа нийгэмд гарснаас болж ханшинд дарамт үүссэн. Уг нь төгрөгийн ханшийн хувьд он гарснаас хойш 2.5 хувь сулраад байгаа нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт юм. Бусад орнуудын ханшийг авч  үзэхэд үндэсний валют нь ам.долларын эсрэг суларсан дүр зурагтай байгаа. Монголбанкнаас цаашид төгрөгийн ханшийг  тогтвортой байна гэж харж байгаа.

Энэ он болон ирэх оны хувьд төлбөрийн тэнцэл таатай ашигтай  гарах байх  гэж найдаж байна. Монгол Улсын гол түүхий эдүүдийн экспорт үнэ болон экспортын  хэмжээ нь таатай байгаа.  Мөн ирэх онд Тавантолгойн IPO хийгдэх яриа, хэлэлцээр ахицтай яваа. Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байгаа. Хэрэв ханш  дээр огцом дарамт үүссэн тохиолдолд Монголбанкны зүгээс шийдвэрлэх нөөц бололцоо бүрдсэн гэж харж байна.

-Засгийн газраас дотооддоо үнэт цаасыг гаргахгүй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь эрсдэл дагуулахгүй юу?

-Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөг. Төв банкны үнэт цаасны хэмжээ өссөн нь Засгийн газрын үнэт цаас дотооддоо гаргахгүй  болсонтой шууд холбоотой. Нөгөө талаас  Монгол Улсад орж ирж байгаа валютын урсгал сүүлийн жилүүдэд өссөн. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь төв банкнаас эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлж авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээ юм.

-Своп хэлцэл хийх гээд явсан багийг урд хөрш хүлээж авсангүй гэх албан бус мэдээлэл явсан. Ер нь своп хэлцлийг сунгах асуудал ямар үе шатанд явна вэ?

-Энэ нь үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны 11 сард  Хятадын ардын  төв банкны ерөнхийлөгчтэй уулзан своп  хэлэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлт тавьж шийдвэрлэсэн. Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай гэрээ хэлцэл хийх ажил эхэлсэн.

-2020 онд MCS группийн ” М” нэртэй шинэ арилжааны банк үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн мэдээлэл бий.  Энэ үнэн үү

-Албан ёсоор Монголбанкнаас зөвшөөрөл өгөөгүй. Мэдээж  аливаа аж ахуй нэгж банк байгуулах болзол шаардлагаа хангасан тохиолдолд банк байгуулах эрхтэй. Үүнийг монгол банкны зөвлөл хэлэлцэж албан ёсны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч гаргадаг. MCS группээс  дээрх асуудлыг жилийн  өмнө тавьсан. Одоогоор зөвшөөрөл гараагүй гэдгийг  дахин онцолмоор байна.

-Алтны хууль бус наймаатай хууль хяналтын байгууллага тэмцэж чадахгүй байна гэдэг. Гэтэл хууль хяналтын байгууллагын дарга нар нь өөрсдөө уурхайтай бөгөөд жилд багахан хэмжээний алтыг Монгол банканд тушаадаг юм байна.  Үүн дээр танайхаас хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Монголбанкны алт худалдан авалтын  хэмжээ өнөөдрийн байдлаар 14 тонн байгаа. Өнгөрсөн оны мөн үед Монголбанк 18.2 тонн авч байсан бол тэр хэмжээнээс 4.2 тонноор буурсан. Мэдээж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Нөгөө талаас алтны шороон  ордны нөөц буурч байгаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт хамгаалалтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлууд нь хууль   зөрчиж үйл ажиллагаа явуулсан алтны уурхайнуудыг хаасан байх боломжтой.

 Монголбанкны зүгээс хууль бус алтны худалдаатай  холбоотой мэдээллийг хуулийн байгууллагатай хуваалцдаг. Мөн олон нийтэд алтны хууль бус худалдаа наймаа эрхлэхэд үүсэх хүндрэлүүдийн талаар таниулах ажлыг хийж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөрийг Монголбанк хэвийн хуульд заасан хэмжээнд авч байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцээс тодруулга авахад Монголбанкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэсэн чиглэлийг ирүүлсэн.

-Капитал банканд  ипотекийн зээл   төлж байсан иргэдийг Улаанбаатар хотын банк руу  зээлээ төл гээд шинэ гэрээ байгуулахгүйгээр данс өгөөд шилжүүл гэсэн байх юм. Үүнээс үүдэн гэрээ хийхгүй бол мөнгө шилжүүлэхгүй гэж суусан хүмүүс чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон гэсэн мэдээлэл байна.

– Одоохондоо мэдээлэл алга байна.  Үүнийг тодруулж асууя. Энэ нь ямар процессоор явдаг вэ гэхээр нэгэнт зээл авсан  бол тэр зээлийг монголын ипотекийн корпорацаас шууд худалддаг. Дараа нь анх зээл олгосон банканд хүндрэл үүсэх юм  бол ипотекийн корпорац өөр нэг банктай гэрээ байгуулах замаар зээлийн үйлчилгээг олгодог. Иргэдийн хувьд анх ипотекийн гэрээ байгуулсан бол үйлчилгээ үзүүлэх банк солигдож байгаатай холбогдуулан дахин гэрээ байгуулах шаардлагагүй.  Улаанбаатар хотын банк дээр зээлээ хэвийн төлөөд явах ёстой. Гэхдээ үүнийг эргүүлж тодруулаад олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой бол мэдээлэл хийнэ.

-Монголбанкны ерөнхийлөгч солигдсон. Ингэснээр монголбанкны баримтлах бодлогод өөрчлөлт орох уу?

-Монголбанкны сүүлийн гурван жил баримталж ирсэн жанжин шугамаа алдахгүй  ажиллана. Тэр дундаа эдийн засгийн сэргэлтийг батжуулах , төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн үндсэн үүргээ илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлнэ.  Шинэ ерөнхийлөгчийн хувьд  ирэх жилийг гурван том солилттой нүүр тулна гэж харж байгаа. Монголбанкны удирдлага энэ гурван сорилтыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээ авч ажиллахаар эхнээсээ ажлын хэсгүүд байгуулагдсан. Эхнийх нь ирэх оны тавдугаар сард олон улсын  валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсын ирээдүйд ашигтай. Тэр утгаараа энэ хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэхэд төв банкнаас шаардагдах арга хэмжээг авч ажиллана. Хоёрдугаарт ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусч байгаа саарал жагсаалтаас 2020 ондоо багтаж гарах ёстой. Гуравдугаарт ирэх оны долдугаар сард монголбанк болон Хятад улсын ардын банктай гэрээ байгуулсан своп хэлцэл дуусна. Тиймээс гэрээгээ шинэчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж