“Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2019.11.28) Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Тус хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, Монгол Улсын Их Сургууль, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уг хурал нь олон улсын хэмжээнд хийгдэж буй хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал бөгөөд Монгол, Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт албан томилолттой байгаа учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлтдээ, “Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол төрийн түүхэн, чухал үйл явдалдтай давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. УИХ 14 хоногийн өмнө 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа.

Ийнхүү Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засан сайжруулах, засаглалын хяналт-тэнцэл, тогтвортой байдлын тогтолцоог бүрдүүлэх, парламентыг хариуцлагажуулж, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлага, засаг захиргааны эрх зүйн үндсийг тогтоох зэрэг чиглэлээр сүүлийн 10 гаруй жил, гурван парламент дамжин өрнөсөн санал санаачилгыг өнөөгийн парламент үндэсний хэмжээний зөвшилцөл ойлголцлын хүрээнд бодит ажил хэрэг болгож чадлаа.

Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан хэд хэдэн төсөл болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгаа, ард иргэдийн санал бодолд суурилсан. Түүнчлэн Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон. Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан гэж үзэж болно. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдсөөр даруй 27 жил болоод байна. Ард Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн билээ” хэмээн дурджээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энэхүү хуралд зориулан өөрсдийн мэндчилгээг хүргүүлсэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат үг хэлж, Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан үеийн дуртгалаасаа хуваалцав.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт, “Энэхүү эрдэм шинжилгээний хурал түүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор үр хүүхдүүд бидний санаачилгаар, анд нөхөд, эрдэмтэн шавь нарын дэмжлэгтэйгээр 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Ардчилсан нийгмийн байгууллын үнэт зүйл болох Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн байгууллага, улс төрчид, хууль тогтоогчдод, залуу үеийнхэнд хэвшүүлэх, олон нийтийн энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Чимид” санг байгуулсан” гэдгээ тэмдэглээд Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, анд нөхөд, шавь нарт нь талархал илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Их Хурал 1992 оны Ардчилсан Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог. Тодруулбал,

– Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээр,

– Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлээр,

– Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлээр,

– Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл  “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээр,

– Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлээр тус тус дээрх шагналыг хүртсэн юм.

“Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж