Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд, “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэсэн нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болон иргэний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байгааг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.
Уг маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, тухайн маргаан нь хууль хоорондын зөрчил бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой асуудал болох нь тогтоогдсон тул Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэв.
Түүнчлэн дээрх хуульд, 120 багц цаг, 4 жил гэсэн давхар шалгуур тогтоосон нь хоорондоо зөрчилтэй байгаа боловч үүнийг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн магадлалыг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.