&#34Халхголчуудын амьдралыг сайжруулна гэсэн буруу ухуулга явж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

&#34Халхголчуудын амьдралыг сайжруулна гэсэн буруу ухуулга явж байна&#34

Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас баталсан билээ. Энэ нь ирээдүйгээ бодоогүй, үндэсний аюулгүй байдалд ч хожмоо урхагтай шийдвэр гэж ХҮН намаас мэдэгдээд байгаа юм.  Тиймээс ч тус намынхан УИХ-ыг баталсан шийдвэрээ эргэж харахыг хүсээд буй. Гэхдээ энэ нь зөвхөн ХҮН намаас гаргасан санаачилга нь төдий бус орон нутгийн иргэд ч адилхан байр суурьтай байгаа юм байна. Энэ талаар Дорнод аймгийн Халх гол сумын уугуул Монгол Улсын байгаль орчны салбарт 35 жил ажилласан ахмад Л.Батбилэгтэй ярилцлаа.

-Халх гол сумыг Чөлөөт бүс болгох тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг мэдсэн үү. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Долдугаар сарын эхээр УИХ-ын баталсан 75 дугаар тогтоолыг үзсэн. Энэ тогтоол монголчуудын, түүний дотор Халхголчуудын анхаарлыг татаж байна. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсын бүх газар нутаг, түүний хэвлий дэх баялаг, хөрсөн дээрх ой мод, ус ургамал бүх зүйл Монгол орны өмч мөн гээд заачихсан. Үндсэн хуулийн 6.5-д гарцаагүй гадаадын иргэд байгууллагуудад газар нутгийн тодорхой хэсгийг ашиглуулах, эзэмшүүлэх шалтгаан гарвал Төрийн эрх барих дээд байгууллага шийднэ гэсэн үзэл санаа байдаг. Үндсэн хуулийн 6.5-аар Их хуралд ийм мэдэл байгаа ч Ц.Элбэгдорж сүүлийн үед хэлсэн олон илтгэлүүд дээрээ төр засгаас шийдвэр гаргахдаа тухайн орон нутгийн ард түмэнтэй нь ярилцаж, тэдний үгийг сонсож шийдвэр гаргах нь зүйтэй гэж хэлсэн. Монгол төрийн тэргүүний энэ үг анхаарал татахуйц айхтар үг шүү. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Халх гол нутгийнхны ярьснаар энэ 75 дугаар тогтоолыг гаргахдаа иргэдээс лавлаж асуусан, орон нутгийн төр захиргааны байгууллагын саналыг авсан зүйл одоогоор байхгүй байна.

-Үүнийг буруу гэж ойлгоод байна уу?

-Халх голын 500 мянган га газрын тариалангийн талбайн эргэлтэд оруулна гэсэн ойлголттой байгаа. 500 мянган га газар нутаг гэдэг асар том талбай. Халх гол сум өнөөдрийн байдлаар 2.8 сая га газар нутагтай. Үүнийг 1.3 сая га газар нь бэлчээрийнх. Мөн 70,80-аад оны үед Монгол, Оросын судлаачдын тогтоосноор газар тариалангийн эргэлтийн талбай 40-45 мянган га байдаг. Гэтэл 500 мянган га газрыг хүмүүсийн ярьж байгаагаар солонгосчуудтай хамтарч газар тариалангийн үйлдвэрлэл явуулна гэж байна. Солонгосчуудыг мэргэжлийн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. 500 мянган га газрыг эрчимтэй үйлдвэрлэл явуулахад 50 жилийн дараа хөрс нь улаанаараа эргэсэн гунигт үр дагавар үлдэх вий гэдэг болгоомжлол ахмад биднээс эхлээд Халх гол нутгийн жирийн малчид хөдөлмөрчид их түгшиж байна. Газар нутгийг маань яаж, хэн эзэмшиж, эцсийн үр дагавар юу болох билээ гэдэгт их санаа зовж байна. Зарим уухуулга Улаанбаатар хотоос Халх гол суманд хүрсэн байна. 500 мянган га газрын эргэлтэд оруулчихвал хэдхэн жилийн дараа халхголчуудын аж амьдрал сайжирч, баян чинээлэг болно гэсэн яриа гаргачихсан байна. Гэтэл үүнд халхголчууд итгэхгүй байгаа. Би ч бас итгэхгүй байгаа хүмүүсийн нэг.

-Яагаад тэр вэ. Сайхан болгочихно л гээд байгаа шүү дээ?

-Хэдхэн жилийн өмнө Оюутолгойг ашиглалтад оруулах тухай ярьж гэрээ хэлэлцээр хийж, төрийн ордонд том хурал хийж хэдхэн жилийн дараа монголчууд баян чинээлэг болно гэж байсан. Санаж байна уу. Үүнд нь монголчууд итгэж байсан. Гэтэл өнөөдөр юу болсон байна. Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн байгаа билээ. Энэ мэт зүйлээс болж бидний итгэл үнэмшил алдагдсан. Түүгээр барахгүй Халх гол сумын нутаг дээр Дорнод аймагт ажиллаж байгаа Дайчинтамсаг гэж маш олон жил Халх голын газар шороон дор байгаа нефтийн түүхий эдийг зүгээр л крантны ус гойжуулж байгаа юм шиг Хятадын 10,20 тонныг даацтай серцерээр урагшаа зөөгөөд байгаа. Гэтэл халхголыхонд байтугай Дотнод Матадынханд унасан юм юу ч алга. Байгалийн баялгийг ашигласны төлөө татвар төлөх ёстой шүү дээ. Гэтэл тэд төлдөггүй. Тэгсэн мөтрлөө ашиглалтын талбай нь улам тэлээд байна. Энэ бүгдийг бодоод байхад Халх голын нутагт 500 мянган га газар эзэмшүүлнэ гэдэг яавч буруу шийдвэр. Үүнийг долоо хэмжиж нэг огтлож хийх ёстой зүйл. Үүнд нутгийн ард түмэн санаа зовинож байна. Монголын төр гаргасан шийдвэрээ зүгээр нэг хуралдаад өнгөрөх биш. Нутгийн ард олны санаа бодлыг сонсох хэрэгтэй. Хоёрт эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсооч ээ. Тэгээд ч дархан цаазат газар.

Д.ГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж