SOS: Гэр бүлээрээ хар тамхи хэрэглэх болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

SOS: Гэр бүлээрээ хар тамхи хэрэглэх болжээ

SOS: Гэр бүлээрээ хар тамхи хэрэглэх болжээ

Хар тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэх онол, практикийн бага хурал өнөөдөр /2019.11.29/ болж байна. Уг хуралд Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Хууль, эрх зүйн боловсрол олгодог Их, дээд сургуулиудын оюутан залуус оролцож буй аж.

2018 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 15 удаагийн тохиолдлоор 258 гаруй грамм хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэргийг Гаалийн байгууллага дангаар болон бусад хууль, хүчний байгууллагатай хамтарсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн байна.

2019 оны эхний арван сарын байдлаар хууль бус бодисын хэмжээ хэд дахин өсчээ. Нийт 7 удаагийн тохиолдлоор 4,5 кг орчим мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийг улсын хилээр нэвтрүүлэхийг оролджээ.

Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б. Сүхбаатраас тодрууллаа.

-Ихэвчлэн ямар улсаас хэдий хэмжээний хууль бодис тээвэрлэгдэж байна вэ, тодорхой тоон баримтыг дурдвал?

-Ерөнхийдөө он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо болон давтамж нэмэгдэх хандлагатай байгаа.

Тухайлбал энэ оны гуравдугаар сард Испани улсаас Монгол улс руу илгээсэн илгээмжээс  Гаалийн хяналт, шалгалтын явцад 3 кг хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодисыг илрүүлсэн байдаг. Түүнчлэн АНУ-аас захиалсан 0,5 кг мөс, мөн Нигери улсын иргэд холбогдсон 200 грамм мөсийг тус тус илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

Ер нь 2010 оноос хойш Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис илгээсэн, мөн зорчиж явахдаа тээвэрлэсэн байдлаар аваад үзвэл БНХАУ, Зүүн өмнөд Азийн Малайз, Филиппин мөн АНУ, Герман, Недарланд, Испани зэрэг улс байна.

-Гаалийн байгууллагын үндсэн чиг үүргийн нэг бол хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх. Энэ тэмцэл хэр үр дүнтэй байна, цаашлаад тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хангалттай байгаа вэ?

-Хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийн хувьд үндсэндээ дэлхийн нийтийн хэмжээнд гол ашигладаг албаны эрэлч нохой байна. Энэ нь мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр бэлтгэгдэж, сургагдсан нохой юм. Мөн уг бодисыг шалгах, тандан илрүүлэх орчин үеийн гэрлийн спекторийн төхөөрөмж, хүний бие шалгах bodyscanner болон зорчигчийн гар, ачаа тээш шалгах рентген аппаратуудыг түлхүү ашиглаж байна. Гаалийн байгууллагад  зөвхөн хар тамхитай тэмцэхэд зориулж нийтдээ энд онд нийт 1,5 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн. Хилийн бүх боомтыг хар тамхи илрүүлэх тоног, төхөөрөмжийг хангах ажил хийгдэж байна.

Манай улсад сүүлийн жилүүдэд мансууруулах сэтгэцэд идэвхит бодисын хэрэглээ 18-35 насны залуусын дунд маш их нэмэгдсэн гэдгийг албаныхан ярьж байна.

Ялангуяа гэр бүлийн хос, жирэмсэн эмэгтэйчүүд мансууруулах бодисыг хэрэглэх явдал гарах болжээ.

Ийм төрслийн бодисыг хэрэглэснээр хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд маш огцом өөрчлөлтүүд гардаг байна. Тухайлбал, жирэмсэн эх мансууруулах бодис хэрэглэснээр үр хөврөлд хүчтэй нөлөөлж, ургийн гажиг үүсдэг аж. Хүүхдээ тээгээд төрүүллээ гэхэд эрхтэн системийн гажигтай, мэдрэлийн согогтой хүүхэд төрдөг байна.

“Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа

-Хүүхэд залуус мансууруулах бодисын хор хөнөөлийг сайн мэдэхгүйн улмаас саваагүйтэж, сонирхож хэрэглэх улмаар донтогч болох байдал маш түгээмэл байна. Дэлхий нийтэд мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь бэрхшээлтэй хэвээр байгаа. Тиймээс мансууруулах бодист донтох буюу хамааралтай болохоос нь өмнө урьдчилан сэргийлэхэд хууль хяналтын байгууллага, эрүүл мэнд, боловсролын байгууллага хамтарч ажиллах нь чухал байгаа юм. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв дээр мансууруулах бодис хэрэглээд ирж буй хүмүүсээс зургаан сарын хугацаанд тандалт, судалгаа авсан. Ингэхэд эдгээр хүмүүсийн 11,3 хувьд нь сэтгэцийн эмгэг аль хэдийн үүсчихсэн байв. Харин бусад нь энэ бодисыг тодорхой хугацаанд хэрэглээд үзчихсэн, хэрэглэгч гэсэн ангилалд орж байв.

18-35 насны залуусын 30 гаруй хувь нь оюутнууд байсан нь ихээхэн анхаарал татахаар үзүүлэлт байгаа юм.

Тэгэхээр ид хийж бүтээх насандаа оюутан, залуус маань мансууруулах бодис хэрэглэж, бусдад уруу татагдан улмаар сэтгэцийн эмгэгтэй болж буй нь үнэхээр харамсалтай.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа баригдсан. Түүнд шүүхээс хоёр жилийн ял оноосон юм. Үүнтэй холбогдуулан цахим орчинд иргэд маргаан үүсгэсэн. Зарим нь хоёр жилийн ял бага байна гэсэн бол нөгөө хэсэг нь анх удаа сонирхоод хэрэглэсэн тохиолдолд заавал хорих шаардлагагүй хэмээн үзэж байв. АНУ гэхэд энэ тохиолдолд хорих бус эмчилгээнд хамруулж, дахин хэрэглэхгүй байхад анхаардаг тухай ч бичиж байв. Энэ асуудалд албаны хүн хариулахдаа “Манай улс тээвэрлэгч байсан бол одоо хэрэглэгч болсон. Хүн ам маш цөөтэй орны хувьд хар тамхи, мансууруулах бодис бол аюулын харанга. Анх удаа сонирхож үзсэн гээд толгойг нь илэх хэрэггүй. Харин энэ бол гэмт хэрэг, хатуу хуультай гэдгийг мэдрүүлэх, бусдад анхааруулга болгох ёстой. Нэг удаа сонирхож үзнэ гэж хэзээ ч байдаггүй. Нэг удаа хэрэглэсэн л бол давтан хэрэглэх өндөр магадлалтай. Тиймээс хар тамхины хор хөнөөлийн талаар сайн ойлгож, түүнээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал” гэсэн юм.

Гэрэл зургийг: Д.Бүжин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж