Спорт сонирхогч Та бүхэндээ дэлхийн спортын ертөнцөд шинээр “од” болон гялалзаж буй залуу тамирчдыг танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа мэргэжлийн талбайн теннисний залуу тамирчин Австралийн Эшли Бертиг онцлож байна.
Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэй төрөлд сүүлийн 10 гаруй жил С.Уилльямс ба бусад гэсэн өрсөлдөөн явж ирсэн. Америкийн алдарт теннсчин С.Уилльямсын ноёрхлыг зогсоохын тулд Оросын М.Шарапова, Бельгийн К.Клистерс, Беларусын В.Азаренко, Хятадын Ли На, Сербийн А.Иванович, Германы А.Кербер, Данийн К.Возняцки, Испаний Г.Мугуруза, Чехийн П.Квитова, К.Плишкова нарын олон теннисчид хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан. Тэгвэл сүүлийн жил гаруй хугацаанд мэргэжлийн талбайн теннисний эмэгтэй төрөлд шинэ залуу тамирчид гарч ирэн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болоод байна. Японы Н.Осака, Австралийн Э.Берти, Канадын Б.Андрееску, Швейцарын Б.Бенчич, АНУ-ын С.Кенин гэсэн 23-аас доош насны бүсгүйчүүд хүч түрэн гарч ирж байна.
Өдгөө 23 настай Австрали бүсгүй Э.Бертигийн хувьд улиран одож буй 2019 он амжилтаар дүүрэн байлаа. Энэ улиралд Францын Их дуулга тэмцээн, чансаа өндөртэй Премьер Мандатори зэрэглэлийн Миамигийн нээлттэй тэмцээн болон шилдэг 8-н өрсөлдөөн болох WTA Finals тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн Австралийн Их дуулга тэмцээний дунд шөвөг, Премьер Мандатори зэрэглэлийн Хятадын нээлттэй тэмцээний финалд, Мадридын нээлттэй тэмцээний дунд шөвөгт тус тус шалгарсан бөгөөд нийт 10 том тэмцээнд дунд шөвөг болон түүнээс дээш шатанд шалгарч 1 Их дуулга, 1 премьер мандартори, Тур финалс тэмцээнд мөн Бирминхемийн тэмцээнд түрүүлсэн. Энэ бол Э.Бертигийн мэргэжлийн карьертаа хамгийн өндөр амжилт үзүүлж буй улирал болсон. Дэлхийн чансааг 19 дэх долоо хоногтоо тэргүүлж буй Э.Берти чансааг тэргүүлэн оныг дуусгаж байна. Түүнээс өмнө Австрали улсаас хамгийн сүүлд И.Гулагонг-Коули 1976 онд дэлхийн чансааг тэргүүлсэн байдаг. Дэлхийн чансааг тэргүүлж буй Э.Берти 2019 онд үзүүлсэн амжилтаараа ямар ч гадаргуутай талбайд тоглож чадна гэдгээ харуулсан.
Австрали бүсгүй Э.Бертигийн хувьд карьер нь ирэх жил ч амжилттай байх магадлал тун өндөр юм. Учир нь Эшлид алдарт С.Уилльямсыг л хожиж чадаагүй эс тооцвол энэ цаг үеийн бүхий л шилдгүүдтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлж чаддаг болсон. Ялангуяа нэгэн үеийн тоглогчид болох Б.Андрееску, Н.Осака, Е.Свитолина, Б.Бенчич, Ж.Остапенко, С.Кенин нартай тоглоод сурчихсан. Ерөнхийдөө хоорондын тоглолтын харьцаагаар дээрх тамирчдаасаа илүү байна. Харин ирэх онд амжилтаа хадгалан С.Уилльямс, С.Халеп, К.Возняцки, К.Плишкова, П.Квитова, Е.Свитолина нарын тамирчидтай Их дуулга болон премьер мандатори зэрэглэлийн тэмцээнүүдийн цомын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэх боломж бүрэн байгаа.
Дэлхийн №1 эмэгтэй теннисчин Э.Берти 1996 оны 4 сард Австралийн Куинсланд муж улсын Ипсвич хотын Спрингфьелд дүүрэг төрсөн. Түүний эцэг нь Австралийн уугуул иргэдийг төлөөлсөн төрийн ажил хийдэг бол ээж нь хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг ажээ. Э.Берти хүүхэд насандаа теннисний спортоос гадна нетболл, крикетийн спорт сонирхон хичээллэдэг байсан. Тэрээр 2014 оны улирлыг өндөрлүүлээд 2 жилийн хугацаатай крикетийн спортоор хичээллэж байгаад 2017 оноос эргэн ирсэн байдаг. Бага наснаасаа спортод дурласан Э.Бертигийн теннисний замнал нь түүнийг 4 настай байхад эхэлсэн бөгөөд Баруун Брисбений теннисний төвийн дасгалжуулагч Ж.Жойсигээр теннисний спортыг заалгасан. Мэргэжлийн карьераа 2010 онд эхлүүлсэн байдаг. Магадгүй Э.Берти 2 жил теннисний спортыг орхиод эргэн ирсэн нь түүний амжилтанд эерэгээр нөлөөлсөн байх. 2 жилийн хугацаанд Австралийн эмэгтэйчүүдийн крикетийн лигт тоглоод 2017 онд теннисний спорт руу эргэн ирсэн юм. Ямартаа ч мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд хожмоо домог болон үлдсэн М.Коурт, М.Навратилова, Ж.Кинг, Ш.Грэф, М.Селеш, С.Уилльямс нарын зэрэгт хүрэхийг үгүйсгэхгүй байна.
Б.БЯМБАБАЯР