Аваргуудын лигийн 5-р тойргийн тоглолт өндөрлөлөө | News.MN

Аваргуудын лигийн 5-р тойргийн тоглолт өндөрлөлөө

Аваргуудын лигийн 5-р тойргийн тоглолт өндөрлөлөө

Аваргуудын лигийн 5-р тойргийн тоглолт өндөрлөлөө

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын хэсгийн 5-р тойргийн тоглолт боллоо. Өмнөх 4-р тойргийн дараах байдлаар ПСЖ, Бавари Мюнхен, Ювентус клубууд хасагдах шатны эрхээ аваад байсан бол энэ тойрогт Реал Мадрид, Тоттенхэм Хотспур, Манчестер Сити, Барселона клубуудын хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Тэмцээний хэсэг тус бүрээс эхний 2 баг хасагдах шат буюу шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авах бол хэсгийн 3-р байранд орсон баг нь Европа лигт өрсөлдөнө.

А хэсэг:

  • Галатасарай 1-1 Брюгге (гоол: А.Бюйюк 11’, К.Диатта 90’)
  • Реал Мадрид 2-2 ПСЖ (гоол: К.Бензема 17, 79‘, К.Мбаппе 81’, П.Сарабиа 83’)

Испаний Реал Мадрид клуб талбайдаа ПСЖ клубыг хүлээн авч 2-2 харьцаатай тэнцэснээр хоёр баг хоёулаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. Хэсгийн нөгөө 2 баг болох Галатасарай болон Бельгийн Брюгге клубуудын тоглолт 1-1 харьцаатай тэнцсэн бөгөөд хоёр багийг ердөө 1 оноо зааглаж байна. Хэсгийн сүүлийн тоглолтонд Брюгге клуб Реал Мадридтай, Галатасарай клуб ПСЖ клубтэй тоглоно. 1 онооны дээр бичигдэж буй Брюгге клубын хувьд Европа лигт өрсөлдөх боломж нь илүү өндөр байна.

В хэсэг:

  • Тоттенхэм Хотспур 4-2 Олимпиакос (гоол: Д.Алли 45’, Х.Кейн 50’, 77’, С.Аурье 73’, Я.Эль-Араби 6’, Р.Семедо 19’)
  • Црвена Звезда 0-6 Бавари Мюнхен (гоол: Л.Горецка 14’, Р.Левандовски 53’, 60’, 64’, 67’, К.Толиссо 89’)

Португал мэргэжилтэн Ж.Моуриньо Английн Тоттенхэм Хотспур клубыг удирдан аваргуудын лигийн эхний тоглолтондоо хожил авч хасагдах шатны эрхээ авлаа. Мөн энэ хэсгээс Бавари Мюнхен клуб Сербийн Црвена Звезда клубын талбайд зочлон 6-0 харьцаатай ялалт байгуулж 100%-н амжилтаа үргэлжлүүлэв. Польш довтлогч Р.Левандовский 13 минутын дотор 4 гоол оруулж аваргуудын лигийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж хамгийн хурдан хугацаанд 4 гоол оруулсан тоглогч болон үлдлээ. В хэсгийн сүүлийн тойрогт Црвена Звезда болон Олимпиакос багууд хоорондоо таарсан бөгөөд Сербийн баг тэнцэхэд л Европа лигт өрсөлдөх эрхтэй болно.

C хэсэг:

  • Манчестер Сити 1-1 Шахтёр Донецк (гоол: И.Гюндоган 56’, М.Соломон 69‘)
  • Атланта 2-0 Динамо Загреб (Л.Мурел пен 27’, А.Гомез 47’)

Украйны Шахтёр Донецк клуб Английн Манчестер хотноо зочлон талбайн эзэн Манчестер Сити клубтэй тоглон 1-1 харьцаатай тэнцэж чухал оноо авч чадлаа. Энэ тэнцээ нь Украйны багийг дараагийн шатанд шалгарах магадлалыг бий болгосон бөгөөд хэсгийн сүүлийн тойрогтоо Шахтёр клубт Атлантаг талбайдаа хүлээн авч хожигдохгүй байхад л хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болно. Италийн Атланта энэ тойрогт Динамо Загреб клубыг хожиж нэр төрийн нэг хожил авсан. Ингэснээр энэ С хэсэгт Шахтёр Донцек 6, Динамо Загреб 5, Атланта 4 оноотой байна.

D хэсэг:

  • Локомотив Москва 0-2 Байер Леверкузен (гоол: Р.Жемалетдинов авто 11’, С.Бендер 54’)
  • Ювентус 1-0 Атлетико Мадрид (гоол: П.Дибала)

Германы Байер Леверкузен хэсэгтээ 2 дараалан ялалт байгуулж өрсөлдөөнийг сонирхолтой болгов. Тэд Оросын багийн талбайд зочлон 2-0 харьцаатай хожил байгуулсан бол нөгөө талд Ювентус клуб П.Дибалагийн оруулсан гоолоор Атлетико Мадридыг хожсон. Энэ хэсгээс Ювентус хасагдах шатны эрхээ авсан бол Атлетико 7, Байер Леверкузен 6 оноотой удаалж байгаа бол Локомотив Москва 3 оноотой болсон. Хэсгийн сүүлийн тойрогт Байер Леверкузен талбайдаа Ювентусыг хүлээн авах бол Атлетико Мадрид талбайдаа Локомотив Москва клубыг хүлээн авна.

E хэсэг

  • Ливерпүүл 1-1 Наполи (гоол: Д.Ловрен 65’, Д.Мертенс 21’)
  • Генк 1-4 Зальцбург (гоол: П.Дака 43’, Т.Минамино 45’, Хван Хи-чан 69’, Е.Оланд 87’, М.Саматта 85’)

Ливерпүүл болон Наполи клубын тоглолт тэнцээгээр өндөрлөж хэсгийн сүүлийн тойргийн тоглолтоос дараагийн шатанд хэн хаашаа явах нь тодрох боллоо. Нөгөө талд Австрийн Зальцбург Бельгийн Генкийн талбайд зочлон 4-1 харьцаагаар талбайн эздийг хожиж 7 оноо авснаар E хэсгийн өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна. Хэсгийн сүүлийн шатанд Наполи талбайдаа Генктэй тоглох бол Зальцбург талбайдаа Ливерпүүл клубыг хүлээн авна.

F хэсэг:

  • Барселона 3-1 Боруссиа Дортмунд (гоол: Л.Суарез 29’, Л.Месси 33’, А.Гризманн 67’, Ж.Санчо 77’)
  • Слава Прага 1-3 Интер Милан (гоол: Т.Соучек пен 37’, Л.Мартинез 19’, 88’, Р.Лукаку 81’)

Клуб дэх байр суурь нь сүрхий ганхаад буй Боруссиа Дортмунд клубын дасгалжуулагч Л.Фаврегийн ирээдүй тун бүрхэг боллоо. Тэрээр энэ тойрогт Барселонагийн талбайд зочлон хожигдсон бол Интер Милан нөгөө талд Чехийн Слава Прага багийг хожиж ижил 7 оноотой болсон. Барселона энэ хэсгээс хасагдах шатанд өрсөлдөх эрхээ аваад байгаа бол Интер болон Доруссиа багуудын хувьд хэсгийн сүүлийн шатны тоглолт маш чухал болоод байна. Хоёр баг хоёулаа хожигдох эрхгүй болсон.

G хэсэг:

  • Зенит 2-0 Лион (гоол: А.Жуба 42’, М.Оздоев 84’)
  • Лайпциг 2-2 Бенфика (гоол: Е.Форсберг пен 90’, 90, Пицци 20, К.Винисиус 59’)

Магадгүй энэ хэсгийн хамгийн чансаа өндөртэй нь байх ёстой Бенфика клуб хэсэгтээ өвдөг шороодож аваргуудын лигийн энэ улирлаа өндөрлүүлж байна. Тэд Германы Лайпцаг клубын талбайд зочлон тэнцсэн бол Оросын Зенит талбайдаа Лион клубыг хүлээн авч 2-0 харьцаатай хожиж 7 оноо авлаа. Хэсгийн сүүлийн тойрог 4 багийн хувьд маш чухал болно. Ерөнхийдөө -4 оноотой Бенфика клубыг хувьд Зенитийг 5-аас дээш гоолоор хожино гэдэг хүнд даалгавар тул энд хүрээд аваргуудын лигээ өндөрлүүлэх бол бусад 3 багаас дараагийн шатанд хэн өрсөлдөх нь тодорно.

H хэсэг

  • Валенсиа 2-2 Челси (гоол: К.Золер 40’, Д.Уасс 82’, М.Ковачич 41’, К.Пулишич 50)
  • Лилль 0-2 Аякс (гоол: Х.Зеийх 2’, К.Промес 59’)

Валенсиа болон Челси клубын тэнцээ энэ хэсгийг мөн сонирхолтой болголоо. Аякс Францад зочлон талбайн эзэн Лилль клубыг хожиж хэсгээ 10 оноотой тэргүүлж байгаа ч хэсгийн сүүлийн тойрогт Валенсиад хожигдохгүй байх ёстой. Ингэж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болох бол Челси талбайдаа Лилль клубыг хожиж байж дараагийн шатанд шалгарах эрхээ авна. Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолт 12 сарын 11, 12-нд болж өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж