Чингэлтэй дүүргийн шүүх хуралд З.Баянсэлэнгээс бусад хүмүүст холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүгч хурлын танхимаас гарч ирээгүй тул нарийн мэдээлэл байхгүй байна. Хурал өнөөдөр нэлээн удах төлөвтэй байна.
НЭМЭЛТ:
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм. Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.
Хууль зүйн ухааны доктор, З.Баянсэлэнгийн өмгөөлөгч, Л.МӨНХСАЙХАН:
– Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтээ хангаагүй учраас өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс хорих арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо. Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчтэй оролцох эрхээ хангуулахын төлөө цагдан хоригдсон. Түүний өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлтэд хариу өгөхгүй удсаар 31 хоног хорьсон шүү дээ. Гэтэл дахиад хорьчихлоо. З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй байгаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн байгаа юм. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэлээ.
Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.
Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр З.Баянсэлэнгэд ял төлөвлөж, түүнийг шүүх хурал өнөөдөр Чингислтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шүүж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Нийтдээ 11 хүнд холбогдох хэргийг 20 өмгөөлөгч өмгөөлж байгаа юм. Шүүхийн байрны өмнө МАХН-ын гишүүд, дэмжигчид уриа лонзонтой жагсаж байна. Шүүх хуралдаа З.Баянсэлэнгэ хорихоос ирж оролцож байна.
Холбоотой мэдээ