Өргөгч цамхгийн хөгжимчин

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Өргөгч цамхгийн хөгжимчин

 

Түүний олон бүтээл өргөгч цамхгийн бүхээгт төрсөн. Таван жилийн өмнө, Улаанбаатар зовуурьтай ч урагш зүтгэлэн буйг илэрхийлэх олон барилгын хаа нэгтээ, өргөгч цамхгийн бүхээгт орой бичих хөгжим, одоо хийж буй ажлынхаа талаар сэтгэл хоёрдон суусан Мөнхбаатар, одоо бидний мэдэх DJ Бодьхүү. Тэр өөрөө ч өргөгч цамхаг шиг өндөр, нарийхан залуу.

Түүнд үнэтэй хөгжим, сайн үзүүлэлттэй зөөврийн компьютер, хөгжмийн боловсрол олчих орчны аль аль нь байсангүй. Шилжилтийн үеийн залуусын нэгэн адил кассет тоглуулдаг хөгжмийн өсгөгчид чихээ өвдтөл нааж, оюутан болоход нь ээжийнх нь авч өгсөн жирийн компьютер, ажилтай байхын тулд хийсэн кранчны ажил ч байлаа. Бас тэр Монголын хойд хязгаарт төрөөд долдугаар ангидаа Улаанбаатарт ирж байснаа, дараа нь Хөдөө аж ахуйн сургуульд ландшафтын архитектур мэргэжлээр сурснаа, хөгжимд дуртай учраас компьютертээ дуу цуглуулж эвлүүлдэг байснаа ний нуугүй ярина. Өргөгч цамхаг дээрээс өглөөний Улаанбаатарыг харсан тэр мөчид л илэрхийллээ хөгжмөөр дамжуулан гаргахаар шийджээ. Кранчны ажил хариуцлагатай учраас хөгжмөө хойш тавьсаар цас орсон намрын сүүл сард барилгын ажил зогсож, хүсэн хүлээсэн бүтээл хийх цаг нь иржээ. Ингэж л Бразилын 1960-аад оны босса нова голчилж, жазз, самба оруулсан “Рио” цомог бүтсэн гэдэг.

Энэ явдлаас таван жилийн дараа Нарлагийн галт тэрэгний 13 дугаар өрөөнд түүний бүтэн цомогтой таарч билээ. Өнгөрсөн өвөл, үүнээс оройхон бид Транс-Сибирийн галт тэргэнд сууж, урт холын аялалд гарлаа. Сибирийн цасанд дарагдсан хусан ойг туулах 6000 километрийн замыг хэрхэн туулахаа төлөвлөөгүй бид галт тэрэгний тасалгаанд орсон хойноо л юу хийхээ, яах ийхээ ярилцах боломжтой болсон юм. Азаар нэгэнд маань Бодьхүүгийн шинэхэн цомог “Москва” байж таарчээ. Гараад удаагүй байсан тэр цомгийг Улаанбаатарын залуус хариг хатуу өвлийг туулах зөөлөн дулаан нөөлөг болгож буйг мэдэхийн хувьд шуудхан зөөврийн компьютертээ хийж тоглуулав. Тэр мөчөөс л өмнө нь сонсож байсан Бодьхүүг дахин нээж, галт тэрэг, онгоц, автобус, машинаар туулсан 20,000 километрт “Москва” цомог замын хөг эгшиг болсон билээ. Энэ бол цастай Москвагийн гудамжуудыг, нэвсийтэл будрах цасан доорх Петрийн өдрүүдийг амьд халуун болгосон “Москва” цомог. Оросын гэх ой дурсамжийг сэдрээж, дотуур зөөлөн урсах аялгууны урсгал. Сүүлд түүнээс цомгийнх нь талаар асуусан. “Хүүхэд байх үеийн Оростой холбоотой дурсамжуудыг эргэн санаж, 70-аад оны жазз, фанк, 80-аад оны эстрад дуунуудыг сонгосон. Бараг 120 гб хөгжим, 150 гб кино, тоглолт хайж сонссон” гэж хариулсан сан.

Аяллаас ирснийхээ дараахан “Ногоон бүс” гэх кофены газар нүүр тулан танилцаж, удалгүй болох “Улаанбаатар” олон улсын медиа арт наадамд “Найрагчийн мөрөөр” төслийн саунд артистаар ажиллах тухай ярилцсан юм. Энэ аялалд Бодьхүүгийн хөгжим л яг зохицно гэсэн төслийн багийнхны бодол буруу байгаагүй. Магад энэ бүтээл л Бодьхүүг DJ-гийн ширээний араас босож, агуулгыг хөгжмөөр илэрхийлэх саунд арт руу хөтөлсөн байж мэднэ.

Удалгүй тэр ХААН Банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн Ж.Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон юм. “Монгол” гэх тодотголтой уран бүтээлийг дэлхийд сурталчлан таниулах, залуу уран бүтээлчдийн бүтээл туурвилыг дэмжих зорилготой энэхүү уралдаанд жинхэнэ өөрийгөө нээж харуулсан саунд арт чиглэлийн бүтээлээрээ оролцсон нь шалгарах гол шалтгаан байсан ч байж магадгүй. Ийнхүү шилдгээр шалгарч, Нидерландын Вант улсын Хааг хотноо 2005 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “TodaysArt” олон улсын наадамд бүтээлээ сонсгох уран бүтээлч болж орхив. Энэхүү ажлаараа “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” нэртэй үзэсгэлэн дэглэж, “Улаан гэр” бүтээлч орон зайд энэ сарын 28-нд танилцуулах гэж байна.  Энэхүү үзэсгэлэн Бодьхүүгийн “дэглэсэн” хөгжмийг дэлгэцэн дээрх дүрстэй нэгтгэн цул болгосноороо онцлог. Орчин үеийн медиа урлагийн төрөл дуу чимээний урлагаар (саунд арт) дагнасан анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Рио” цомгийг пянзаар тоглуулах нь сонирхолтой шийдэл.

Бодьхүүгийн хөгжим юу вэ? Гоё санагддаг ч яг юунд хамаарах вэ? гэсэн асуулттай олонтаа таардаг. Тэр өөрийгөө “sample” уран бүтээлч гэж үзнэ. Алтны сорьц 999 байдаг шиг Бодьхүүгийн хөгжим тухайн агуулгыг илэрхийлсэн хуучны дуунууд, эсвэл аль нэг агуулгыг илэрхийлсэн хөгжмийн “сорьцууд” байдаг. Яг л “Зуун жилийн ганцаардал” романы Буэнди шиг хөгжмийн инжаанчин гэж ч болно. Бүтэх явц компьютерийн энгийн программ дээр биш нэг дуунаас сонгосон 30-40 секундийн хөгжмийг MPC төхөөрөмж рүү оруулж зохиомжлон бөмбөрийн дуугаралтаа нэмснээр бүхэл болно. Магад тиймээс Бодьхүүгийн хөгжим амьд, наалдацтай, бас өгүүлэмжтэй. Хөгжим дээжлэх (sampling) гэх нэршил анх гарч ирэхдээ ч “амьд хөгжим” гэсэн ойлголт дээр суурилсан байдаг. Хип хоп гэхээс илүүтэй амьд хөгжимд хэмнэл нэмэх, аялгууны оргил хэсгүүдийг дээжлэн авснаар өгүүлэмжтэй хөгжмүүд бүтдэг. Тэрээр “Би 2000 оноос хойших хөгжим бараг ашигладаггүй. Учир нь тэдгээр хөгжмийн дуугаралтын амьд чанар алдагдсан санагддаг. Харин 1970-аад онд асар олноор гарч байсан рок, жазз, фанк, соул хамтлагуудын хөгжим илүү гоё байдаг болохоор ихэнхдээ тэднээс "дээж" авдаг” гэж ярьсан удаатай. Тэгэхээр тэр амьд чанар, дээжээ авдаг хөгжмүүд салшгүй холбоотой байх нь.

Бодьхүү эхлээд Мөнхбаатар байсан. Улаанбаатарын клубуудэд хөгжим хариуцаж, өөрийнхөө сонсдог хөгжмөөс тавьчихаад хөлчүү залууст “хөгжмөө сольчих” гэж хэлүүлж явсан ч удаатай. Тэр үед түүнийг мэдэрч сонсдог залуус тийм л цөөн байж. Бодьхүү бол уран бүтээлийн хоёр дахь нэр нь. Эрт хорвоог орхисон найзынхаа нэрийн “хүү”, өөрийнх нь бодож олсон “Бодь” гэх үгийг нийлүүлж энэ нэрээ бүтээсэн гэдэг. Нэгэнт нэрийн тухай ярьсных хэлэхэд тэр дуу цөөтэй залуу. Ийм хүнийг заримдаа бид “бодь” хүн хэмээн утга шилжүүлэн нэрлэх үе ч бий. Бодьхүүгийн хөгжим дээр олноороо бүжиглэж, савж болно гэдэгт би лав эргэлздэг. Харин ганцаараа, Улаанбаатарын урт гудмыг хамт туулах хөгжим энэ байж болох, эсвэл бясалгагч хөгжим гэмээр ч юм уу. Гэхдээ хэтэрхий уйтгартай нэг хэмийн хэмнэл биш, өөрийн гэсэн бөмбөрийн хэмнэлтээр холбогдсон хэмнэлт хөгжим. Хэзээ ч очоогүй газар, бидний олж сонсоогүй аялгууг жижигхэн MPC дээрээ эргүүлэн амилуулах нь түүний ажил. Би “Токио” цомогт нь ч бас дуртай. Хэт хурдтай хөгжиж буй нийгэмд хувь хүний орон зайгаа алдсан гуниглуун, хөшингө хэр нь олон хүн хөлхөх шиг хөдөлгөөнт чанар энэ цомогт бий. Суурь нь бас л далаад оны Японы жазз, соль, фанк хөгжим.

Яг л Бодьхүү шиг жинхэнэ уран бүтээлчийг илрүүлж, олонд таниулсан “Гэрэлт морьд” төслийн зохион байгуулагч ХААН Банк Сан болон Монголын урлагийн зөвлөлийн хамт олонд талархаад баршгүй. Магадгүй 10 гаруй жилийн хугацаанд ХААН Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Ж.Питер Морроу агсны Монголын хөгжил, эдийн засагт ирсэн болоод зорьсон үйлээ бүрэн дүүрэн гүйцээгээд буцсан амьдралынх нь гэрэлт дурсгал, эгшгэн цацал болов уу даа.

Түүний хөгжим гоёчлол, хэт эго ханхалсан зүйлээс ангид. Харин өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээс ургуулсан мэдрэмжийн нэгтгэл юм. Түүнийг Бодьхүү гэдэг. Тэр бол өргөгч цамхагийн хөгжимчин.

У.БЯМБАНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж