Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт “4.5.3 Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлээд байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранчимэг, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар мэдээлэл хийлээ.
“Би нар” төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургаан төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан, секцэд эрсдэлт бүлгийн алслагдсан дүүрэг, хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар судалгаа авч ажилласан гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул мэдээлэв.
Төслийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2020 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд зургаан дүүргийн 18 бүсийн хорооны иргэний танхимуудад сургалт хичээллэх аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс