Мөнгөний бодлогын талаар банкны санхүүч М.Чингүнтэй ярилцлаа.
– Мөнгөний бодлогын ач холбогдол, өнгөрсөн жилүүдэд ямар үр дүнтэй хэрэгжсэн талаар яриагаа эхэлье. Мөнгө бол өрх гэр, хувийн хэвшил, нийт эдийн засагт худалдаа, арилжаа, цалин, орлого, зээл хэлбэрээр зэргээр эргэлддэг. Энгийнээр хэлэхэд мөнгөний бодлого нэгт Төгрөг үнэ цэнээ алдахгүй байх, хоёрт эдийн засагт дэмжлэг үзүүлэх, гуравт мөнгөний зуучлагч банкны тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн зорилтыг хангах үүрэгтэй. Бодлогын зорилт инфляци өмнөх жилүүдээс өсч 8 хувь, гүйцэтгэл 10 хувь давсан нь бодлогын сул тал боллоо. Өндөр инфляци нь хувийн хэвшилд цалин нэмэх асуудал 3 жил тутамд сөхөгдөж, ихэвчлэн хөдөлмөр эрхлэгч цалингийн хэлэлцээрт хохирдог. Мөн тэтгэврийн зөрүү, нийгмийн даатгалын сан алдагдалд орж буй гол шалтгаан энэ. Сүүлийн 10 жилд инфляцийг 14-17 хувиас 8-10 хувь, 2-5 хувийн заагт үе шаттай бууруулсан нь Засгийн газар, Төв банкны хамтын амжилт. Инфляцийг цаашид 3-5 хувийн заагт хадгалах нь бараа үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээл, валют, мөнгөний зах зээлд үр ашигтай тэнцвэр тогтох, хүү буурах үндсэн орчин бүрдэнэ.
-Инфляци яагаад өсчихөв, хөндлөнгийн зүгээс та юу гэж үзэж байна.
-Төв банкны Бодлогын хүү нь инфляцийг онилох ёстой. Гэтэл нам инфляцитай байхад бодлогын хүүг 2016 оны 8 сард огцом өсгөсөн. Мөн 2017 оны 12 сараас бодлогын хүүг хэд хэд бууруулсан боловч 2018 оны 11 сард жил хүрэхгүй хугацаанд буцаагаад өсгөсөн зэрэг уялдаагүй шийдвэрүүд нөлөөлсөн. Төв банкны бодлогын механизм, дамжих суваг үр дүнтэй ажиллаж байгаа эсэх, инфляцийг таамаглах аргачлалаа залруулж сайжруулах шаардлагатай байна.
-Долларын ханш цаашид тогтох уу, яагаад өсөөд байна вэ?
-Валютын ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэх уян хатан тогтох зарчимтай. Сүүлийн жилүүдэд бодлогын зорилтод байсан энэ зарчим солигдоод харин валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлд шууд, нэвтэрхий оролцсон. Энэ нь мөнгөний масс, импортын нөлөөгөөр дамжин инфляцид нөлөөлчихлөө. Нийт мөнгөний масс сүүлийн 30 жилийн өсөлтийн тал нь сүүлийн 3 жилд бий боллоо. Бодлогын суурь бодитой алхам хийгээгүй нөхцөлд валютын нөөцийн өсөлт бол бүртгэлийн хий бичилт. Төв банк валютын зах зээлд тохиргоо хийх, тэнцвэр тогтооход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Харин Засгийн газартай урт хугацааны үр нөлөөтэй бодлогын шийдэл гаргах замаар Төв банкинд төлбөрийн тэнцлийг удирдах, валютын нөөцийг өсгөх орон зай үүснэ.
-Долларын ханшийн өсөлт ямар үр дагаварт хүргэх вэ, яаж үүнийг бодлогын хувьд залруулах ёстой вэ. Төв банкны валютын зах зээлд шууд оролцох нь эдийн засагт аюултай, олон орны туршлага бий. Мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдаж богино хугацаанд инфляци, валютын ханшийн өсөлт, дунд хугацаанд үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, хувьцаа, бизнесийн үнэ цэнэд сөрөг нөлөөтэй. Хэрэв валютын захад шууд оролцоогүй бол долларын ханш 2700 төгрөг бус 2016 оны түвшнээс ч доогуур тогтоно. Валютын нөөц 4 тэрбум доллар хүрсэн, нөгөө талд мөнгөний масс 2 дахин өссөн. Төв банк 1 тэрбум доллар зах зээлд нийлүүлсэн боловч ханшийн өсөлтийг тогтоож барьсангүй. Тиймээс зах зээлд шууд оролцох дунд хугацаанд нөөц шавхах аюултай. Цаашлаад бодлогын сонголтын алдаа нь сүйхээтэй арилжаа эрхлэгчдэд боломж олгож, зах зээлийн тэнцвэргүй орчинд ханшийн савлагаа үүсгэж, улмаар инфляци өсч, эдийн засагт тэнцвэр алдагдана. Иймд нам инфляцийн зорилтыг тэргүүнд тавьж, макро орчин нөхцөлтэй нийцсэн уян хатан валютын ханшийн зарчим тогтоож, дунд ба урт хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын өөр шийдэл гаргах үүргийг Төв банк, Засгийн газрын зорилтод тусгаж зааглах нь зүйтэй.
-Төв банк зах зээлд шууд оролцож валютын нөөцөө бүрдүүлж болохгүй гэж Та хэллээ. Өөр бодлогын ямар шийдлээр валютын нөөцөө өсгөх вэ?
-Монгол улсад худалдаа, төлбөрийн тэнцлийн удирдлага бүтцийн хувьд орхигдсон. Дэлхийн улс гүрнүүд улс хоорондын харилцаанд худалдааг тэргүүн ач холбогдол өгч, үүссэн зөрчлөө худалдааны дайн гэх тодотгол өгч байгааг Та бүхэн мэднэ. Хэрэглээний болон барилга, уурхайн олборлолтын машин, төхөөрөмжийн импорт манай худалдаа, төлбөрийн тэнцэлд өдөрт 3 сая, жилд тэрбум долларын дарамт учруулдаг. Банкуудын богино хугацаат төгрөгийн хадгаламжаар импортын энэ хэрэглээг хэрэглээний зээл, лизингээр санхүүжүүлдэг тогтолцоонд өөрчлөлт орсонгүй. Энэ тогтолцоо валютын нөөцийг шавхах, банкны системд төлбөрийн чадварын хүндрэл учруулж байна. Бодлого гаргаж, гадаад зах зээлээс 3-с 5 жилийн валютын эх үүсвэр татсан банк, ББСБ-уудад импортын машин, төхөөрөмжийн лизингийн зөвшөөрлийг Төв банкнаас олгох замаар худалдаа, төлбөрийн тэнцлийн дарамтыг 5 дахин бууруулж болно. Хэтдээ валютын нөөц нэмэгдэх орон зай бүрдэж, банкны системд үүсэх төлбөрийн эрсдэлийг бууруулна.
-Та ярилцлагын эхэнд дурдсан, Төв банк эдийн засгийг дэмжих үүрэгтэй гэж, хэрхэн яаж эдийн засагт дэмжлэг үзүүлэх ёстой вэ. Уул уурхай, эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэд, хөдөлмөр эрхлэгч, хувийн хэвшилд тэнцвэртэй хуваарилагддаг тийм эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх нь Төр засгийн тэргүүн үүрэг. Гэтэл өндөр инфляци, тогтворгүй валютын ханш нь бага, дунд орлоготой иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг үнэгүйдүүлж улмаар хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл ханамжийг бууруулдаг. Бодлогын эрс өөрчлөлт, үнэ, валютын ханшийн өсөлт мөн адил актив хөрөнгийн үнэ цэнэ буурахад шууд нөлөөлж, барилгын материал, хүнс, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зориулалтаар хувийн хэвшлийн гадаадаас татсан санхүүжилтийн эргэн төлөлтөд хүндрэл учрууллаа. Төрийн мөнгөний бодлого, шийдвэр нь нийт эдийн засагт оролцож буй иргэн, өрх гэр, хувийн хэвшил зэрэг ”Нийтийн эрх ашиг”-ийг хангах ёстой. Эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр эдийн засаг сэргэж, улсын төсөв сайжирч, Олон улсын зээлжих зэрэглэл ахисан. Үнэлгээний байгууллагаас эрдэс бүтээгдэхүүний үнийн хамаарлыг бууруулахад Монгол улс бодлогын реформ хийхийг зөвлөдөг. Төв банкнаас хуулинд заасан эрхийн хүрээнд бодлого, механизмаар дамжуулан, эдийн засгийн өсөлттэй уялдуулан бага дунд орлоготой иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид, алслагдсан бүсэд банкны системийн нөөц бололцоог дайчлан бага өртөгтэй санхүүгийн хүртээмжийг тэлэх, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого дутагдаж байна. Би энд тодотгож хэлэхэд Төв банк мөнгө хэвлэж эдийн засаг дэмжих тухай яриагүй. Харин Төв банк нь 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкны системийг зохицуулж, удирдаж ажилладаг. Энэ их нөөц хуримтлалыг зөв бодлогоор зохицуулж, эдийн засагт үр ашигтай санхүүгийн зуучлалын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Засгийн газраас байгаль орчин, эрүүл мэнд, утаа зэрэг олон хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлдэг. Үүнд Төв банк санаачлагатай оролцож, банкны салбарын оролцоог уялдуулж үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх боломж, нөөц, гарц бий.
-Зээлийн хүү өндөр талаар ярьдаг боловч бодитой мэдрэгдэх зүйл алга, зээлийн хүүг бууруулах бодлогын ямар шийдэл танд байна вэ?
-Эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн цикл 2016 оны дундаас эхэлж, Төсвийн орлого дагаад төсвийн зарцуулалт өссөн нь хувийн хэвшил, өрх гэр, тэр дундаа банкны системд халдварлаж байна. Банкууд эдийн засгийн өсөлт, ширүүн өрсөлдөөнийг дагаад хүний нөөцийг нэмэх, салбар байгуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, зар сурталчилгаа зэрэг зардлуудаа өсгөдөг. Банк салбарын зээлийн хүүгийн орлого 4.7 их наяд төгрөг, банкуудын үйл ажиллагааны зардал 1 их наяд төгрөгт хүрч байгаа нь 32 их наяд төгрөгийн ДНБ-тэй харьцуулахад өндөр. Хүү болон санхүүгийн үйлчилгээний өртгийг зохистой түвшинд хүртэл бууруулах Төв банкны бодлого, манлайлал нэн чухал. Банкны системийн зардлын өсөлт эцсийн дүнд зээл, үйлчилгээний үнэд үр ашиггүй зардал хуримтлагдах нь нийт эдийн засгийн үр ашгийг бууруулах талтай. Төв банк өөрийн зохицуулалтаар дамжуулан салбарын үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хангалттай орон зай бий.
Г.ГЭРЭЛ
Холбоотой мэдээ