Орчин цагийн Да Винчи Элон Маск

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Орчин цагийн Да Винчи Элон Маск

Орчин цагийн Да Винчи Элон Маск

Зарим хүмүүс түүнийг галзуу солиотой гэж боддог. Арга ч үгүй биз. Тэр Ангараг гаригийг эзэгнэх тухай ярьдаг. Ихэнх хүмүүсийн хувьд төсөөлж ч байгаагүй, магадгүй төсөөлөхөөс ч сүрддэг, уран зөгнөл ч юм шиг энэ мөрөөдлөө Элон Маск бодит үйл хэрэг болгохоор шургуу ажиллаж байгаа. Түүний хөрөнгө өдгөө хэдийн 20 тэрбум даваад байгаач түүний чин хүсэл хэзээ ч мөнгө байгаагүй юм. Тэр техник технологийн эрин зуунд өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, хүн төрөлхтний амьдралд хэний ч хийж чадаагүй технологийн хувьсгал хийхийг мөрөөддөг.

“Ньюс Агентлаг” энэ долоо хоногийн “Хүмүүс” булангаараа орчин цагийн “Tesla”, “Space X” компанийг үндэслэгч, зохион бүтээгч, бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, тэрбумтан Элон Маскыг онцолж байна. Түүнийг орчин цагийн Да Винчи гэх нь ч бий.

Эцэг эх нь багад нь сонсголын бэрхшээлтэй гэж боддог байсан зожиг хүү

Тэрбээр 1971 оны зургадугаар сарын 28-ны өдөр Өмнөд Африкийн Преториа хотод  Канадын иргэн загвар өмсөгч Мэй Маск болон Өмнөд Африкт төрсөн Британи гаралтай Эррол Маск нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэр хоёр дүүтэй. Эрэгтэй дүүг нь Кимбал, эмэгтэй дүүг нь Тоска гэдэг. Багаасаа л их онцгой хүүхэд байсан бөгөөд бусадтай тийм ч нээлттэй бус, ихэнх цагаа ном уншиж өнгөрүүлдэг хүү байсан гэдэг. Багад нь эцэг эх хоёр тийш болж, дүү нарынхаа хамт аав дээрээ үлдсэн Элон компьютер, програм хангамжийн талаар шимтэн судалж эхэлсэн байна. 10 настайдаа анхны компьютераа бэлгэнд авснаар түүнийг өнөөдрийн их амжилт руу хөтөлсөн гэж хэлж болно. Тэр 12 настайдаа харь гаригийнхнийг буудан сөнөөдөг “Blastar” нэртэй викео тоглоомын програмыг бичиж 500 ам.доллараар зарж, бизнесийн гараагаа эхэлжээ. Үүнээс ердөө нэг жилийн дараа 13 настай Элон хувьцааны бизнесийг сонирхох болж, нэгэн эмийн үйлдвэрийн хувьцааг худалдан авч түүнийгээ эргэлдүүлэн нэлээд хэдэн доллартай болсон тэрбээр 17 настайдаа цэрэг татлагаас “бултан” Канадад амьдарч байсан ээж рүүгээ явжээ. Тэндээ Хатан хааны нэрэмжит их сургуульд хоёр жил суралцаад дундаас нь орхиж Пенсильванийн их сургууль руу шилжин физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Дараа нь Вартоны их сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил үргэлжлүүлэн сурч, үүний дараа Калифорни руу нүүн Стэнфордын их сургуульд хэрэглээний физикээр докторын зэрэг хамгаалахаар элсэв. Гэсэн ч  тухайн үед интернет, сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж, яригдах бослон тул угийн бизнес сэтгэлгээтэй тэр үүнийг зүгээр хараад өнгөрч чадалгүй ердөө хоёр хоногийн дараа сургуулиа орхисон гэдэг.

Амжилтын гараа “Zip2”

Элон Маск дүү Кимбалтайгаа хамтран “Zip2” хэмээх програм хангамжийн компанийг үүсгэн байгуулж, тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж интернет “шар хуудас”-ыг зохион бүтээж, зах зээлд гаргасан юм. Хожим 1999 онд “Compaq” компани түүнээс “Zip2”-ийг 307 сая ам.доллараар худалдаж авсан нь тухайн үедээ хамгийн өндөр үнийн дүнтэй наймаа болж байжээ. Тэрбээр энэ наймаанаас 22 сая ам.долларыг халаасласнаар албан ёсоор доткомын саятнуудын эгнээнд нэгдсэн юм.

X.com болон PayPal”-ийн тухай

Zip2-ыг зарсныхаа дараа буюу 1999 оны гуравдугаар сард тэр онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани “X.com”-г үүсгэн байгуулжээ. Үүнээс нэг жилийн дараа “PayPal” гэх үйлчилгээг гаргаад байсан өрсөлдөгч “Confinity” гэх стартаптай нэгдэж “PayPal” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна. Ингээд 2002 онд алдарт “eBay” компани “PayPal”-ыг 1,5 тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүний 250 сая нь Элоны цэвэр ашиг байв.

SpaceX: Мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан нь

Элон Маск 2002 оны зургадугаар сард өөрийн мөрөөдлийнхөө төлөө анхны алхмаа хийж сансрын хайгуулын технологийн “SpaceX” компанийг байгуулсан юм. Тус компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин “Falcon1” болон “Falcon9” бөгөөд анхны сансрын хөлөг нь “Dragon” нэртэй байв. Энэ бол сансарын пуужин, хөлөг үйлдвэрлэдэг анхны хувийн компани юм. 2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд “SpaceX” “NASA”–тай Олон улсын сансрын станц /ОУСС/ руу ачаа хүргэх “Falcon 9” пуужингийн 1,6 тэрбум ам.долларын өртөгтэй 12 нислэгийн гэрээ хийв.

Автомашины цоо шинэ эрин үе буюу “Tesla”

Уг компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг гэх хүмүүс үүсгэн байгуулсан бөгөөд Элон 2004 онд тус компаид их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр “Tesla”-г өөрийн мэдэлдээ авах эхлэлээ тавьжээ. Ингээд 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Элон Маск компанийн гйүцэтгэх захирал болон бүтээгдэхүүн загварчлалын хэлтсийн даргын албан тушаалыг хаших болсноор компанийн бүх удирдлагыг гартаа авсан юм. Одоо энэ компани дэлхийн цахилгаан автомашины салбарын чиг хандлагыг тодорхойлж байна.

Эко шийдэл "SolarCity"

Элон Маск "SolarCity"-ийн санааг гаргаж, түүний үеэл ах Лейндрен болон Петер Райв хоёр үүсгэн байгуулж байв. Мэдээж хэрэг Маск тус компанийн хөрөнгө оруулагч болон удирдах зөвлөлийн гишүүн юм. "SolarCity" бол АНУ-даа нарны хавтан борлуулалт, суурилуулалтаараа хамгийн томд тооцогдох компани юм. "SolarCity" болон "Tesla"-г үүсгэн байгуулах болсон үндсэн шалтгаанаа тэрээр дэлхийн дулааралтай тэмцэх явдал хэмээн тайлбарладаг юм.

Таван хүүтэй “хүүхэмсэг эр”

Элон анхны эхнэр Жастин Вильсонтойгоо амьдарч байхдаа таван хүүтэй болжээ. Эхний хоёр хүү нь ихэр бол дараагийн гурван хүү нь бас ихэр аж. Гэхдээ тэр зургаан хүүхэдтэй болох байжээ. Невада хүү нь 2002 онд төрсөн боловч 10 долоо хоногтой байхдаа эндсэн байна. Энэ явдлаас хойш тэдний харилцаа таагүй болж, улмаар гэрлэлтээ цуцлуулсан байна.

Анхны эхнэрээсээ салаад ердөө зургаан долоо хоногийн дараа удаах эхнэр Таллула Вильсонтойгой сүй тавьсан гэдэг. Тэд 2010 онд гэрлээд 2012 онд хоёр тийш болцгоож, жилийн дараа дахин нийлээд 2016 онд бүр мөсөн салцгаасан байна. Таллулагаас салсан хугацаандаа тэр алдарт жүжигчин, холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диазтай нэр холбогдоод амжжээ.

Ингээд 2017 онд жүжигчин Жони Деппийн хуучин найз бүсгүй загвар өмсөгч Амбер Хердтэй болзох болсон ч жил гаруйн дараа дахиад л хоёр тийш болсон юм. Харин одоо тэрбээр өөрөөсөө 17 насаар дүү Канадын хөгжимчин бүсгүй Граймстай болзож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж