ХААН Банк өнөөдөр хамгийн өргөн сүлжээ бүхий өөртөө үйлчлэх Экспресс банк төвүүдээ нээлээ. ХААН Банк нь Японы Hitachi-Omron Terminal Solutions, Корпорацийн орлого, зарлагын АТМ-ыг Монгол улсад үйл ажиллагаандаа ийнхүү анхлан нэвтрүүллээ. Тус Экспресс банкууд нь дэвшилтэт технологид суурилсан АТМ-аар тоноглогдсон бөгөөд жилийн 365 хоногийн 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм. Өөртөө үйлчлэх Экспресс банк төв нь харилцагчдад бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ, бүх төрлийн төлбөр тооцоо хийх, утасгүй интернэтийн орчинд интернэт банкны үйлчилгээ авах өргөн боломжийг олгож буйгаараа давуу талтай. Энэхүү АТМ нь өөрийн дансандаа нэг удаад 250 ширхэг дэвсгэрт буюу 5 сая хүртэлх төгрөгийн орлого хийж, мөн 5 сая хүртэлх дүнгээр өөрийн данснаас зарлага гаргах боломжтой Монголын анхны АТМ гэдгээрээ онцлог юм.
Экспресс банкны нээлтийн ажиллагаанд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Hitachi-Omron Terminal Solutions, Корпорацийн Ерөнхийлөгч Тэцүжи Шиможо болон бусад төлөөлөгчид, албаны хүмүүс оролцлоо.
Нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлсэн үгэндээ “ХААН Банк нь 2015 онд 60 гаруй Экспресс банк төвийг нээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн орлого зарлагын 285 АТМ–ыг үйлчилгээнд нэвтрүүлнэ” гэдгээ онцлон дурдлаа.
Харин Hitachi-Omron Terminal Solutions, Корпорацийн Ерөнхийлөгч Тэцүжи Шиможо “Энэхүү дэвшилтэт технологид суурилсан шинэ ATM-ыг ашиглан харилцагч орлого зарлагын гүйлгээг өөрөө бие даан хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул харилцагчдын банкны салбарыг зорих цагийг хэмнэх юм. Ингэснээр ХААН Банкны үйл ажиллагаа, харилцагчдад хүргэх үйлчилгээ улам бүр өргөжинө гэж найдаж байна” хэмээн онцолсон юм.
ХААН Банк нь цаашид банкны үйлчилгээг нийт харилцагчиддаа хялбар хүргэх үүднээс орон нутгийн салбар, тооцооны төвүүддээ орлого зарлагын 37 АТМ-ыг байршуулахаар төлөвлөж байна.
Харилцагчдын цагийг хэмнэж, өөрөө хүссэн үедээ банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа Экспресс банк төвд суурилуулсан АТМ-ууд нь мэдрэгчтэй дэлгэцтэй, мөнгөн тэмдэгт шалгах хамгийн сүүлийн үеийн технологитой төдийгүй хуурамч карт илрүүлэгчтэй зэрэг техникийн олон талын давуу үзүүлэлттэй юм.
Харилцагч та бүхэн ХААН Банкны өөртөө үйлчлэх Экспресс банкаар үйлчлүүлж цагаа хэмнээрэй!
Өөртөө үйлчлэх банк – Экспресс банк